Бичлэгийн тоо 91
БОГД УУЛЫГ ТОЙРСОН ГАЗРЫН ДАЖИН
Д.БААСАНЖАРГАЛ

Хууль батлагдсаны цаад учир

Халаагаа өгөөд ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг нөхцөл байдалд орчихоод буй өнгөрсөн УИХ сонгууль зарлахаас өмнөхөн нэгэн хуулийг батлав. Тэр нь иргэн бүрт 0.07 га газар олгох тухай хууль юм.

Бид баярласан. Өрхөд ийм хэмжээний газар өмчилж аваад, хэдэн хүүхдүүддээ хэрхэн хувааж өгөхөө мэдэхгүй байсан аавуудын нар гарах нь тэр. Төр засгийн ухаант түшээд хүн болгонд 0.07 га газар өгөх болсон шүү гээд хөл нь газар хүрэхгүй, хэсэг зуур хөөрөн баярлаж харайлаа. Гэвч тун удалгүй “Бадарчин баярлах болоогүйн” үлгэрийг давтсан юм.

Иргэн Балдан ам бүлийнхээ тоо­гоор хуулийн дагуу газраа авах гээд Засаг даргын тамгын газартаа тавьж хүртэл, “Танд өгөх газар байх­­гүй” гэсэн үгээр ам руу­гаа алга­дуулдаг. Баянзүрх дүүрэг рүү очих­оор Хан-Уул руу яв гэнэ. Хан-Уул нь Сонгинохайрхан руу илгээнэ. Нөгөөх нь бас л байхгүй гэсэн үгээр угтах. Иймэрхүү маягаар тэрбээр хөл бөмбөг шиг ийш тийшээ хэдэнтээ цөлөг­­­­дөөд эцэс сүүлдээ цөхөрч, эрхэм дарга нартаа хулхидуулсанаа мэдэх нь тэр.
  
Ингэхэд байна уу шүү, томчууд маань танд ам бүлийн чинь тоогоор зүгээр ч нэг 0.07 га газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн гэж бодож байна уу. Үгүй. Энэ бол ердөө л эрхэм Балданг хошгируулж байгаад өөрсдийнхөө уулын ам, амыг хааж, хашиж авсан газраа баталгаажуулах гэсэн арга. Мөн энэхүү хуулиа тун  зальтай гаргаж байгаа юм. Тухайлбал, Монгол Улсын иргэн аль ч аймаг, сумын нутгаас очоод 0.07 га газар өмчилж авах эрхтэй гэж оруулсан байдаг.

Ухаандаа Улаанбаатарын хавьцаа хашааны газар олдохгүй байна гээд иргэн Балданг гомдол гаргахаар, “Та Хөвсгөлийн Ренчинлхүмбэ сумаас очоод ам бүлийнхээ тоогоор 0.07 га газар авч болно шүү дээ. Өмнөговийн Ноён сум гээд онгон зэрлэг газар зөндөө” хэмээн нуг нуг инээн даапаалах гэж байгаа нь тэр. Харин өөрсдөө Улаанбаатарын ойролцоох газар битгий хэл дархан цаазат Богд ууланд хүртэл хэдэн мянган мал бэлчих хэмжээний газар өмчилж хэн ч халдахааргүй төмөр хашаа босгоод авсан нь бүхний нүдэнд ил байгаа. Бас түүнийгээ аль хэдийнэ баталгаажуулаад авсан нь тодорхой шүү дээ.

Эрх мэдэлтнүүд юуны тулд иргэн бүрт газар өмчлүүлэх хууль баталсны гол шалтгаан гэвэл энэ. Татварын өршөөлийн хуулийг хүртэл мөн л давхар санаатай гаргасан гэдэгтэй маргах юм алга. Одоо тэгээд яаж байна вэ гэхээр иргэн Балданд ам бүлийнх нь тоогоор битгий хэл өрхийн хэмжээнд хашааны газар Улаанбаатарын хавиас олдохгүй. Тэгсэн атлаа Арабын баян, Америк, Хятадын тэрбумтан, төрийн өндөр албан тушаалтан, хөрөнгө мөнгө, нэр төртэй хүмүүс дархан цаазат Богд уулнаас хүссэн хэмжээгээрээ газар авч болдгийг ойлгох хүн алга.

Г.Батсуурь:14 тэрбум төгрөгийн хэрэгт нэр холбогдож байсан хүмүүсийнх гэж ярьдаг юм билээ

Өнгөрсөн долоо хоногийн дундуур өглөө хар үүрээр шахам Өлзийт хорооллоос Г.Батсуурь гэж өөрийгөө танилцуулсан хүн утас цохилоо. “Өнөөдөр” сонины сурвалжлагч уу, дархан цаазат Богд уул цаазын тавцанд оччихоод байгааг би газар дээр нь үзүүлмээр байна” гэлээ. Ин­гээд Хан-Уул дүүргийн 14 дугаар хороо буюу Өлзийтийг өнгөрсөн ням гаригт зорьсон юм. Г.Батсуурийг ч амар­хан оллоо.

Энэ газарт тавхан айл байхад анх нүүж ирсэн хэмээн өөрийгөө танилцуулсан түүнийг бараг хүүхэд нохой нь хүртэл андахгүй мэдэх ажээ.

Богд уул сайхан хангай. Цэцээ гүн оргил, Хийморийн овоо энэ тэр гээд тахиж шүтдэг олон газруудтай. Ялангуяа, цагаан сарын үеэр хүн пиг дүүрдэг. Тэр үеийн дүр зургийг харахаар манайхан Богд ууландаа мөн ч хайртай хүмүүс юм аа гэж өөрийн эрхгүй бодогддог юм. Гэвч амьдрал дээр өөр. Өнгөрсөн 18 жилийн хугацаанд түүнийг танихын аргагүй болгосон хүмүүс гэвэл нөгөө л цагаан сарын үеэр сүү өргөн залбираад байдаг нөхдүүд. Тэд ан амьтангүй болгосон. Самар жимсийг нь дуусгаад авлаа. Хэрэм, туулай ч үзэгдэхээ болив. Тэр ч бүү хэл модноос нь хөрөөдөн ганц нэгээр нь зөөсөөр энэ сайхан уулынхаа ойг хугархай шүдтэй сам шиг эрэмдэг зэрэмдэг болгожээ.

Богд уулыг дархлаад 600 жил болж байгаа тухай нэгэнтээ бид дээр доргүй хашгирч, улмаар дэлхийд хамгийн анхных хэмээн шуугисан юмдаг. Энэ бол 1990-ээд он. Тэгээд Богд уулаа хайрлан хамгаална хэмээгээд тэнд байсан зуслангуудыг бөөн явдал чирэгдэл болж байж нүүлгэсэн. Нүхт, Хүрхрээгийн зуслангуудыг зөөлөө. Зайсангийн амны айлуудыг хөөв гээд тоочоод байвал нэлээд юм бий. Ямартай ч дархан цаазат Богд уулын амууд нэг хэсэгтээ эзгүйрч, байгаль дэлхий нь сэргэх төлөвтэй болоод ирснийг санах нэгэн байгаа биз ээ.

Тэгвэл одоо өөр болж. Богд уулын хаана л бол хаана амралтын газар зөндөө байна. Нэртэй төртэй бөхчүүдийнх ч байна. Дарга нарынх ч байна. Хүрхрээгийн аманд л гэхэд цанын бааз барьж байна гээд баахан газар сэглээд хаяж. Уг нь манайд цанаар гулгачих хэмжээний газар Богдоос өөр ууланд олдмоор доо. Ингээд иргэн Г.Батсуурийн яриаг сонирхoцгооё.

 -Дархан цаазат Богд уул гадаад дотоодын хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн гарт ороод дууслаа хэмээн та ярьж байсан. Энэ талаараа жаахан тодруулахгүй юу?
 -Үүнийг ганц би ярьж байгаа юм биш. Бас ганцаараа ч санаа зовоод байгаа нөхөр биш. Манай эндхийн оршин суугчид бүгд ярьж байна. Одоо хэдэн малаа бэлчээх газаргүй болсон. Дархан цаазат ууландаа дураараа нэвтрэх эрхгүй болчихоод байна шүү дээ. Хаа сайгүй хашаа хатгаад, манаач тавьчихсан. Тийшээ хэнийг ч нэвтрүүлэхгүй байна.

 -Та яг ийм хүмүүс Богд ууланд газар аваад хашчихсан гэдгийг нарийн сайн мэдэж байгаа юу?
 -Олны үг ортой гэсэн үг бий. Гэхдээ би хар таамгаар яриагүй гэдгээ хэлэх байна. Айдсын давааны арыг хар. Тээр уулын хяраар хашаа барьчихсан байгаа биз. “Морин нуур” цогцолборынхон авах гээд баахан хэл аманд өртсөн учир түр чимээгүй болчихоод байгаа юм. Тэгж байгаад ажлаа сэргээнэ л дээ. Мартагнуулж байгаад нэг өглөө нөгөө тоглоомын газраа нээчихсэн байхад хэн ч гайхах хэрэггүй.

 -Энэ сайхан засмал замыг уулын зэлүүд ам руу хэн тавив аа.
 -Кувейтын шейх. Сая манайд айлч­лахаас өмнө энэ замыг тавих гэж хятадууд ёстой халтуурдсан. Одоо нөхөөс тавиад эхэлсэнийг нь харахгүй юу. Хамгийн гол нь энэ замыг тавихын тулд газар яаж сүйтгэснийг хар. Талыг там болгоно гэж үүнийг хэлдэг байх. Хэдхэн километр зам тавихын тулд ямархуу хэмжээний газар сүйтгэснийг нь хараарай. Зүрх шимширмээр. Хятадууд бол хятадууд л юм байна. Тэд харь нутгийн иргэн болохоор хэзээ ч Монголын газар шороог хайрлахгүй байна шүү дээ.

 -Кувейтын шейх хааяа энд ирж амарч байхын тулд газар авсан байх даа. Нэлээд хэдэн байшин барьчихаж. Ер нь та нар тийшээ орж үзсэн үү.
 -Үзээгүй. Оруулдаггүй юм. Энэ хашаа байнгын цоожтой. Харуулууд нь чанга. Буудаж ч магадгүй.

 -Энд өөр хэн хэний эзэмшил газрууд байдаг бол?
 -“Морин нуур” цогцолбор барихын төлөө Хан-Уул дүүргийн Засаг дарга байсан Д.Загджав их хөөцөлдсөн. Тэгвэл Өвгөний ам Д.Сумъяабазарынх. Мөн Ар, өвөр хөндлөнгөөс Бугын үзүүр хүртэлх газрыг А.Сүхбат аварга авсан юм гэнэ лээ. Бүгдээрээ хашаад авсан. Бугын дээд үзүүрийн амыг У.Хүрэлсүх, Д.Занданшатар, Ц.Чимэдцэрэн нарын 14 тэрбумын дуулиант хэрэгт нэр нь холбогдоод байсан хүмүүс ав­сан гэлцдэг юм. Нэлээд хэдэн хаус барьж байгаад гэнэт больчихсон. Одоо сургийг нь дуулаад байхад Алтан­гэрэл гэдэг хүний нэр дээр явдаг юм шиг байна лээ.

Ар хөндлөнгийн амыг Мягмарсүрэн заан авсан гэж дуул­дсан. Жаргалантын аман дахь Чингисийн өргөөг өнгөрөөд Жар­галантын суга руу ИНЕГ бүхэл бүтэн цогцолбор барьчихсан. Манзуширын хийдийн хажууд Түлш эрчим хүчний  сайд Ч.Хүрэл­­баатарын амралтын газар байх жишээтэй. Тэгвэл Залаатын амыг “Таван Богдын” П.Баатарсайхан, Бага тэнгэрийн амыг Ч.Анандбазар нар эзэмшдэг гэсэн яриа бий. Богинын амыг л гэхэд манай нэгэн томоохон эрх мэдэлтэй хүн эзэмшдэг гэсэн яриа бай­­даг юм. Энэ мэтээр тоочоод байвал их юм бий.

 -Уг нь энд Бугын САА гэж томоохон аж ахуй байсан биз дээ?
 -18 жилийн өмнө татан буугдсан. Шалтгаан нь дархан цаазтай газар буга үржүүлж болохгүй гээд л бүх хүнийг нь тараасан юм. Байгалиа, дархан цаазат Богд уулаа хамгаална гэдэг үүднээс ингэсэн хэрэг гэж бодож байлаа. Гэтэл одоо яав. Хаа сайгүй хашаа бариад авлаа. Харь нутгийнхан манай улсын энэ дархан цаазтай ууланд өөрийнхөө хилийн цэсийг тогтоочихоод байна шүү дээ. Хамгийн гол нь тэд байгаль орчныг үнэхээр аймаар сүйтгэж байгаад л би эмзэглэж явдаг.

 -Одоо тэгээд 14 дүгээр хороо­ны­хон цаашдаа яая гэж бодож байна.
 -Тэмцэнэ. Бид дархан цаазат уул­ынхаа төлөө, энэхүү зам тавих гээд эвдэж сүйтгэсэн газрыг нөхөн сэр­гээлгэхийн төлөө өөрсдөөсөө хамаарах бүхнийг хийх болно. Та бүх­нийг ч гэсэн бидэнтэй хамтрах бизээ гэж бодож байна. Бидний нүдэн дээр Богд уулыг маань сүйтгэж байна шүү дээ.

Шейхын хашаан дээр шонхрууд ярайтал сууж харагдсан

Түргэний голын гүүрийг гараад жаахан дээшээ өгсч байтал зүүн гар тийшээгээ шинээр тавьсан засмал зам салав. Энэ бол Кувейтын эрхэм дээд хунтайжийн Монгол дахь эзэмшил нь. Ямар үнээр, хэн гэгч эрх мэдэлтэн авч өгсөнийг бүү мэд. Ямар ч байсан дархан цаазат Богд уулын нэгээхэн хэсэг ийнхүү харийнхны мэдэлд очиж, хашаагаар хүрээлэгджээ. Бас дангинатал цоожилчихож. Хүн амьтны бараа бараг харагдахгүй юм. Харин хуучивтар, цэрэг маягийн даавуун асраас утаа гарч байхыг бодоход энэ газар ямартай ч эзэнтэй бололтой.

Мөн энэ газрын хашаан дээр нэлээд хэдэн шонхор эгнээд суучихсан байв. Яахаараа ч шонхор сонирхдог Арабын ертөнцийн эзэмшил газар эдгээр “нөхдүүд” сууж байдаг юм бүү мэд. Ерөнхийдөө л нэлээд сэжигтэй санагдсан шүү.

Байр сууц гэхээсээ илүү агуулах сав болов уу гэмээр хэдэн байшин, бас ачааны цав цагаан бүхээгтэй машин харагдсан. Бин Ладен өөрөө энд ирээд хэвтэж байгаа ч юм билүү хэмээн эндхийн нэг нөхөр тоглоом шоглоомоор хэлэв. Нээрээ ч энд хэн юу хийгээд байгааг үнэхээр мэдэх нөхцөл алга. Кувейтын шейхын эзэмшил рүү нэвтэрсэн гээд нам буудчихвал хохь болоод л өнгөрнө биз ээ гэх бодолтой хүн олон ажээ. Харин энэ замыг тавих, өндөр хүчдэлийн шугам ийш нь татах гэж хэдэн шушмаа манай газрыг ёстой “будаа” болгосон байна билээ. Газар шороог маань нүд халтирмаар эвджээ.

Д.Идэвхтэн дарга ямар ч хариу өгдөггүй       

1950 оноос хойш энд амьдарч бай­гаа Д.Дашдондог, Г.Нэргүй нар­тай уулзаж, хэдэн хором хөөрөлдөв. Тэд Бугын САА гэж байхад энд ажиллаж асан бөгөөд Богд уулын байгаль орчин хэр­­хэн сүйдэж буй талаар өгүүлсэн юм.

“Манай энд Ёндонсамбуу, Санга-Очир гээд жинхэнэ ажлаа мэддэг  цагдаа нар байлаа. Одоо өөр болсон. Миний мэдэхийн хэдэн ч цагдаа солигдов бүү мэд. Манайх хэдэн үнээтэй . Тэгээд хадлан авах санаатай өвс хадья гэхээр зөвшөөрөл олддоггүй. Хорооны Засаг дарга нараар хөөцөлдөж байж арай чамай зөвшөөрөл авна. Гэтэл энэ хүмүүс чинь бараг бүх амыг хашчихсан болохоор тийшээгээ оруулдаггүй. Өнөөдөр боодол өвс 25 мянган төгрөг. Бид тэтгэврийнхээ мөнгөөр хэдэн боодол өвс авах вэ дээ. Түүнээс гадна бэлчээргүй болсон. Усгүй ч болчихлоо. Түргэний голын яг ундарга дээр барилга байшин барьснаас үүдээд усгүй болсон. Хог шороондоо дарагдаж гүйцлээ. Юун байгаль хамгаалах.

Дээр үед чинь бид нараар ой цэвэрлүүлдэг байсан юм. Одоо энэ ойг цэвэрлэмээр байна. Дархан цаазат Богд уулын мод болгон өтчихсөн. Энд тэндгүй зам тавиад сайхан зүлэг ногоог сүйтгэж байна. Бид Д.Идэвхтэн даргаас ямар хүмүүс ингээд газар шороо ухаж, зам тавиад байгаа юм бэ, ямар хүмүүс зөвшөөрсөн юм бэ гэхэд огтхон ч хариу өгдөггүй. Айдсын давааны Сараа гэж хүнд л тоглоомын газар барих гэж байгаа тухай нэгэнтээ хэлсэн дуулдана лээ.

Ингэхэд биднийг Кувейтын шейхын хашаа руу хонио ойртууллаа гэж байгаль хамгаалагч загнана. Хамгийн гол нь малаа бэлчээх нь битгий хэл бид нар өөрсдөө хөл тавих эрхгүй газрууд зөндөө боллоо. Аварга А.Сүхбатын газар л гэнэ. Аварга Д.Сумъяабазарынх л гэнэ. УИХ-ын гишүүн Д.Занданшатар, У.Хүрэлсүх нарын зуслан гээд энэ дээр байгаа улаан дээвэртэй хэдэн байшинг заадаг. Яг үнэндээ тэд нар энүүгээр давхилдаад байгаа юм одоохондоо алга. Байгалийг л ихээхэн сүйтгэж байна” гэлээ.

Ямартай ч дархан цаазат уулын маань оройд өглөөдөө өтгөн манан буух болж, хүйтэн салхи сэр сэр үлээнэ.  Хамгийн гол нь бэл хормой, ар нурууг нь эмжсэн төмөр хийгээд чулуун хашаа алс ирээдүйд ёр зөгнөх мэт сэрийлдэж, хүчит техникийн хөлөөр Түргэний аманд тэнгэр тулсан улаан тоос босох болсоор удаж буй. Ийнхүү 600 жилийн өмнө дархлагдаж асан Богд уулыг Чингэлтэй хайрхантай адил хувь заяа хүлээж, газрын дажны хөлд аль хэдийнэ өртөн мөхөл сүйрлийн ирмэгт тулж ирсэн дүр зураг бидний нүдэнд дасал болох шинжтэй.

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/673548/6ef/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Гадаадад суугаа Монголчуудад эх орны хишгийг хүртээх тухай [17] monh-monk 2010-04-16 63531
Зарлал Гэрэл зураг, хэвлэл, сурталчилгааны “Фотолинк” агентлаг file [5] Levi`s 2010-01-21 49500
46 Найман шарга энтернэшнл” компанийн БНСУ дахь ажилтнуудыг шалгаж эхэлжээ [3] [34] Levi`s 2009-03-17 43579
45 Эхлээд нэмэх, хасах, дараа нь үржүүлэх эцэст нь хуваах үйлдлүүд хийцгээе! [3] admin 2009-02-20 20259
44 Төрийн албан хаагчийн цалин 20-30 хувиар буурна [5] admin 2009-02-19 19856
43 Д.Чойжамц: Монголын цагаан сар хоёрдугаар сарын 25-нд болно [3] admin 2009-01-20 20636
42 Баяраа лай, балгахаа архидалт болгохгүй юмсан, монголчууд аа [2] admin 2009-01-20 20320
41 Гачигдал хомсдолын жил айсуй [2] admin 2008-12-31 19260
40 Нийслэлчүүд шинэ жилээ хэрхэн угтах вэ? admin 2008-12-31 20973
39 БНСУ-д хараар амьдрагчдыг буцаах баривчилгаа ширүүсчээ [2] Levi`s 2008-12-19 25043
38 Монголчууд Солонгос руу 90 хоног зорчдог боллоо [5] Levi`s 2008-12-19 20052
37 Монголын эдийн засаг, нийгмийн үзүүлэлтийн ерөнхий төлөв гарлаа admin 2008-12-11 18468
36 Б.Энххуяг: “Анод” банк дампуураагүй admin 2008-12-11 18536
35 Гадаадынхан манай агаарын бохирдолд санаа зовниж эхлэв admin 2008-12-11 18606
34 Ганц айлыг ч болов ядуурлаас аврах сан admin 2008-12-02 17547
33 “Бүгд найрамдах” оюутан улс admin 2008-12-02 17483
32 МОНГОЛЫН ӨДӨР ДУТМЫН ХЭВЛЭЛ ЭЛЕКТРОН ХЭЛБЭРЭЭР ГАРЛАА admin 2008-11-06 18647
31 Өдөрт 14 мянган хүн түүнээс болж таалал төгсдөг admin 2008-11-04 16496
30 Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж: Арилжааны банкуудад хямрал нүүрлээгүй ч байдал хүндрэхгүй гэхийн баталгаа алга admin 2008-11-04 18544
29 Эрүүл хүүхдийг 150 мянган төгрөгөөр худалдаалдаг admin 2008-10-21 17135
28 Тацүо Койде: Yнэнийг хэлэхэд Mонголын боловсролын салбар урагшлаагүй байна admin 2008-10-20 24893
27 Сүү хор болж, сүүдэр нөхөр болсонд хятадууд буруутай [3] admin 2008-10-09 17497
26 Эх орончид цагийн дуудлагаар гарч ирдэг \Баабар ингэж өгүүлэв\ [2] admin 2008-10-09 16775
25 МИАТ-ийн Вант улсын мянган булхай илчлэгдэв admin 2008-09-26 18512
24 ОЮУН УХААНТ ХҮН ТАНАА [2] admin 2008-09-22 42148
23 НООЛУУРЫН БИЗНЕС ДЭХ ГАЦАА admin 2008-09-11 32409
22 Элбэгдорж \Баабар ингэж өгүүлэв\ [1] admin 2008-09-03 19432
21 2020 онд та хэдэн төгрөгний тэтгэвэр авах вэ? admin 2008-09-03 21047
20 Их хувьчлалын алдаа буюу “Говь”-ийн дампуурал [1] admin 2008-08-28 20411
» БОГД УУЛЫГ ТОЙРСОН ГАЗРЫН ДАЖИН admin 2008-08-28 17091
18 Э.Бадар-Ууган монголоо бадруулж олимпийн алтан медаль хүртлээ [3] admin 2008-08-25 29318
17 Цагдаа улс төрийн золиос болж байна гэв [6] admin 2008-08-21 19768
16 Ж.Батзандангийн эхнэр Ч.Дэлгэрмаа: Нөхрийн маань хоол унданд нь хор хийгээд хөнөөчих вий гэдгээс их айж байна [1] admin 2008-07-30 23060
15 “Тайван айдас” admin 2008-07-30 33276
14 БААБАРЫН ЗАХИДАЛ admin 2008-07-14 38694
13 Солонгост нутаг нэгтнүүддээ зодуулсан Монгол залуу хоёр жил ухаангүй байна file [11] admin 2008-07-08 33160
12 О.Магнай: Би жагсаалыг хоёр ч удаа тараахыг оролдсон [15] admin 2008-07-08 26864
11 “Дөрвөн бэрх” С.Оюуныг сонгуульд ялагдсан гэж мэдэгдэв [2] admin 2008-07-08 24711
10 МУ-ын ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн: Монгол төрийн бугласан идээ бээр есөн сүвээрээ сад тавьж байна admin 2008-07-08 37960
9 Төрийн алтан шумуулнууд file [1] admin 2008-07-07 32671
8 Э.Бат-Үүл: Одоо Монголын ард түмэн амар тайван байж болно оо [3] admin 2008-07-07 31203
7 Д.СОЛОНГО: БАРИВЧЛАГДСАН ХҮМҮҮСТ ЭРҮҮ ШҮҮЛТ ТУЛГАХ ЁСГҮЙ [11] admin 2008-07-04 28006
6 Гар дээрээ худалдаа эрхлэгчдийг хорьж дийлэхгүй байна admin 2008-07-04 20798
5 ҮЛ ЭВДРЭЛЦЭХИЙГ УХААРУУЛСАН СУРГАМЖ [10] admin 2008-07-03 107464
4 몽골 총선부정 시위대 5명 사망 [3] sysop5 2008-07-02 25337
3 Шуурхай мэдээ /03.30 цагт шинэчлэгдэв/ [17] admin 2008-07-02 26681
2 4 Өдрийн онц байдал зарлалаа file [1] sysop5 2008-07-02 24603
배너신청
자생병원

배너신청