Д.МӨНХЧИМЭГ

Долдугаар сарын 1-ний үймээний үеэр амь насаа алдсан таван иргэний үхэлд цагдаагийн таван ажилтныг сэжиглэн, шалгаж эхэлсэн билээ. Тэгвэл уржигдар орой дахиад таван ажилтныг баривчилжээ. Чухам ямар үндэслэлээр ийнхүү саатуулж буйгаа ар гэрийнхэнд нь ч мэдэгдээгүй аж.

Тиймээс “Цагдаа, ар гэрийнхний холбоо”-ныхон өчигдөр Сүхбаатарын талбайд цуглаан зохион байгуулав. Энд нийслэлийн бараг бүх дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд ирж, уг холбооны үйл ажиллагааг дэмжиж буйгаа илэрхийлж байлаа. Тус холбооны тэргүүн Ж.Алтангэрэл баривчлагдсан цагдаа нарыг батлан даалтад гаргах шаардлагыг төрийн гурван өндөрлөг болон шүүх, прокурорын байгууллагад хүргүүлжээ. Энэ талаар Ж.Алтангэрэл болон жагсаал цуглаанд оролцогчдоос тодрууллаа.


-Баривчлагдаад байгаа цагдаа нарыг батлан даалтад гаргахгүй бол танай холбооныхон цагдаа нарыг ажлын завсарлага авах талаар уриалан дуудна гэсэн. Төрийн албан хаагчид ажил хаях эрхгүй биш үү?

“Цагдаа,  ар гэрийнхний холбоо”-ны тэргүүн Ж.Алтангэрэл:
-Миний хувьд ажил хаяасай гэж хүсч байгаа. Яагаад болохгүй гэж. Хуулиар болохгүй гээд бусдыгаа хорьж цагдуулаад, өөрөө сэжигтнээр татагдах ээлжээ хүлээгээд сууж байх хэрэг үү. Энд бас хүний язгуур эрх гэж  байна. Сайн сайхан аж төрөх, шоронд орохгүй байх, цэвэр агаар амьсгалах гэх мэт. Гэтэл өнөөдөр хүний хамгийн чухал эрхүүд зөрчигдөөд байна. Ажлаа хийснийх нь төлөө шоронд хориод байгаа нь хууль ёсных уу. Тэгэхээр энэ албанаас татгалзаж яагаад болохгүй гэж. Эрүүгийн байцаан шийтгэх үйл ажиллагааг эхлүүлэхэд тухайн гэмт хэргийг үйлдсэн нотлох баримт байх ёстой. Гэтэл тэр бүгдийг бидэнд үзүүлээгүй. Хоригдсон цагдаа нарын ар гэрийнхэнд ч тайлбар өгөөгүй. Нотлох баримт гаргаж өгөөч гэж  цагдаа нарын ар гэрийнхэн шаардаж байна. Бид прокурорын байгууллагад шаардлага хүргүүлсэн. Ямар хариу ирэхээс шалтгаалж цаашид хэрхэхээ шийднэ.

-Шаардлагадаа ямар асуудал тусгасан бэ?
Хамгийн гол нь энэ хүмүүсийг нотлох баримтгүйгээр цагдан хориод байгаа нь ямар  учиртай  юм бэ. Үнэхээр цагдан хорих шаардлагатай юм бол нотлох баримтаа бидэнд үзүүл. Үгүй бол тэднийг батлан даалтад гаргаад шалгаж болно.
“Цагдаа, ар гэрийн холбоо”-ны салбар зөвлөл дүүргүүдийн цагдаагийн хэлтэст байгуулагдсан. Одоо 21 аймагт ч байгуулагдана. Монгол Улс даяар манай холбоо  үйл ажиллагаагаа явуулна.

Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн   тасгийн дарга хошууч  Болдбаатар:
- Би  долдугаар сарын 1-ний үймээний үед хамгаалалтад ажилласан. Цагдаагийн байгууллагын албан хаагч үг хэлэх, эвлэлдэн нэгдэх эрхтэй. Бид адилхан Монгол Улсын иргэн. Хоёр намын хооронд золиос боллоо. Бид өнөөдөр ажиллаад маргааш буруудна. Цагдаагийн ажилтан бэртэх, гэмтэх төрд хамаагүй гэж үү. Өнөөдөр цагдаа нарыг шоронд хийчихээд байхад хэн тэдний төлөө гүйж байгаа юм бэ. Ар гэрийнхэн л санаа зовж байна. Тиймээс цагдаа нар   санаа бодлоо илэрхийлэх цаг болсон. Бидний  эрх ашгийг хамгаалж байж ард түмний амгалан амьдрах нөхцөл бий болно. Тиймээс төр биднийг ойлгох байх.

Эргүүл хамгаалалтын газрын жижүүрийн туслах, ахлах ахлагч  Ганбат:
-Тэр өдөр үүргээ биелүүлж явсан цагдаа нар яаж хохирсныг ард түмэн харсан байгаа. Гэтэл албан үүргээ гүйцэтгэснийх нь төлөө төр, засгаас үндэслэлгүйгээр хорьж цагдах ёсгүй.  Шүүхээр эцсийн нотолгоо баримт тогтоогоогүй тохиолдолд хэнийг ч гэм буруутайд үл тооцно гэсэн Үндсэн хуулийн заалт бий. Хууль зөрчиж байгаа учир мэргэжил нэгт нөхдөө бид дэмжиж, санал бодлоо илэрхийлэх гэж ирсэн юм. Би хэн нэгний тушаалаар ирээгүй.  Тэр өдөр цагдаа нарыг хараад ард түмний сэтгэл зүрх өвдөж байсан байх.
profile

www.mglclub.com Administrator