Гарчиг уншаад  гайхаж байна уу. Тиймээ,  өдөр бүр манай дэлхийн  14 мянган хүн  зөвхөн тамхинаас болж таа­лал төгсдөг юм байна.  Там­хины хөнөөлийн  тухай бичих гэж байгаагаа нэгэн танилдаа хэлтэл “За яршиг аа бичих юмаа олж дээ. Хэн түүнийг чинь  унших юм” хэмээн тас намжирдав. Тийм ч байх даа, тэрний оронд  улс төрийн тухай нийтлэл бичвэл цаас борлогдох нь амархан байх. Гэхдээ Нью-Йорк хотын захи­рагч, тэрбумтан  Майкл Блум­бергийн нийтлэлийг уншаад хэрвээ надад юм бичих жаа­хан ч гэсэн авьяас байх аваас тамхины хор хөнөөлийн тухай  заавал бичнэ гэж шийд­­сэн билээ. “Тамхи татах нь архи уухаас хамаагүй дээр. Архи уугаад согтуудаа хүн алчихлаа гэж сонссон болохоос тамхи татаад хүн алсан гэж сонсоогүй” Тамхи татаад хоосордоггүй … хэ­мээн тамхийг өргөмжлөн  ярих хүмүүс бий. Үнэн. Мэ­дээж тамхи татсанаас болж өнгөрсөн жилийн “Морьт хан­гай”-гаас хордсон шиг  нэг шөнийн дотор арван хэдээрээ үхнэ гэж байхгүй.

Учир нь тамхины хор архи шиг мэ­дэг­дэхүйц нөлөөлдөггүй ч ал­суу­раа бие эрхтнийг нь идэж, хорт хавдар болон бусад өвчний үүсвэрийг тавь­даг гэнэ. Тэгээд л  өдөрт 14 мянган хүн үхэж байгаа боло­хоор энэ хэвээрээ яваад байвал энэ зууны төгсгөл гэхэд нэг тэрбум хүн үхнэ гэсэн аймшигтай судалгаа гарчээ. Харин манай улсад бол эрэгтэйчүүдийн 68.5 хувь, эмэгтэйчүүдийн  30.4 хувь нь тамхи татдаг бөгөөд энэ нь байнга өсөн нэмэгд­сээр байна. За тэгээд хүүх­дүүд түүнд  шунан дурлаж байгаа нь тоймгүй. Аргагүй биз дээ. Тэрэн шиг хямдхан юм гэж байна уу. Автобусны буудал дэлгүүрийн гадаа ер нь хаа нэгтээ өвөр дээрээ юухан хээхэн ширхэглэн зарж буй өвгөд эмгэд олон. Хөөрхий дөө, хоолныхоо мөн­гийг  олох гэж  ядаж яваа хөгшид хэмээн хүмүүс эвийлдэг бус уу. Гэтэл ёстой тэд чинь харин таны хүүхдэд тэр хорыг  ширхэглэн зардаг нүгэлтэн   мөн. Тэд орлогоо л бодно уу гэхээс “Эвий жаахан юм,  тамхи татвал хортой шүү” гэж хэлэх сэтгэл дутна. Ха­лаа­сан­даа мөнгө л хийж  бай­вал бусдын эрүүл мэнд юуны хамаа гэж бодно. Бодсоны­хоо хэрээр сэтгэж сэт­гэл­тийн­хээ цараар эмьдарна. Тийм боло­хоор тамхи зарж баяжиж сайн сай­хан амь­дар­сан нь даанч үгүй.

Тамхинд дурлагсдын 60 гаруй хувь нь амьдрал ядуу хүмүүс байдаг гэнэ. Тэгвэл үнийг нь нэмээд, ширхгээр заруулахаа больчихвол  хэ­рэглээ нь багасаж таарна. Ноён Блумберг ч тэгсэн гэж байгаа.

Нью-Йорк  хотод тамхины татварыг нь нэмж орхиж. Бас тэгээд олон нийтийн газар татахыг хориглосон хууль гаргажээ. Ингэснээр тухайн хотод тамхинд донтогсдын тоо зургаан жилийн өмнөхийг бодвол 300 мянгаар багасна гэсэн гайхамшигт тоо дурайж байна. Тэгвэл бид юунаас дутах билээ. Үнэхээр ч ба­рууны аль ч оронд баар, ресторан  гээд олон нийтийн цэнгээний газруудад татуул­даггүй шүү дээ.  Харин Мон­голд бол огт өөр. Хэний ч өмнө,  хаана ч гэсэн амнаасаа цэн­хэр утаа суунаглуулан там­шаалж болдог. Гоолигхон охид урт цагаан янжуур зуу­чихаад нүдээ сүүмийлгэн аальгүйтэхийг харж болно.  Нийтийн тээврийн автобусны жолооч дүүрэн хүн суулгасан атлаа хээвнэг татна. Татсан тамхиныхаа ишийг цонхоороо шиднэ. Үсчин бүсгүй үйлч­лүү­лэгчийнхээ үсийг шатаа­чих шахан  гартаа янжуур барьж даналзана. Бүдүүлэг гэхэд дэндүү бүдүүлэг иймэр­хүү дүр зураг  нийслэлд  ноёрх­дог нь худал биш. Тий­мээс сая гаруй хүн амтай хотын хувьд олон нийтийн газартаа ядаж тамхи  татахыг хориглож чадвал учир байна сан. Дээ­рээс нь онцгой албан тат­варыг нь нэмж орхивол хүү­хэд хөгшидгүй янжуур зууж цэнхэр утаа тургиж явд­гаа болих биз. “Тамхи таны эрүүл мэндэд хортой ” гэсэн танил болсон үг үүргээ гүй­цэтгэж чадахаа хэдийнэ боль­сон учир эдийн засгийн арга хэмжээ л авах хэрэгтэй мэт санагдана.

Таны эрүүл мэндийн төлөө тамхины үнийг нэмэхэд Сүх­баа­тарын талбайд өлсгөлөн зарлаж, суулт жагсаал хийх  хүн лав гарахгүй. Тиймээс яаравчлагтун. Танил атлаа тун хэрэгтэй  сэдвийг ийнхүү хөндсөн учир минь энэ билээ.

profile

www.mglclub.com Administrator