Баяраа лай, балгахаа архидалт болгохгүй юмсан, монголчууд аа
Уншсан 20320 vote 0 2009.01.20 15:13:52Хатуухан хэлэхэд, дарамт хайхрамжгүй хэлэхэд төвөг уддаг энэхүү баярыг уламжлал ёсоор энгийнээр тэмдэглэхэд монголчууд бидэнд юу саад болж байна? Энэ асуудлыг “Нэг сэдвээр” булангаараа хөндсөн юм. Эрхэм уншигч, захиалагчид та бүхэн ч бас энэхүү асуултын хариултыг өөрсдөөсөө эрж олно гэдэгт итгэж байна.
Төөрсөөр төрөлдөө, эргэсээр эзэндээ
Баяр дөхөхөөр бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг гэсэн бичигдээгүй хууль манай улсад үйлчилдэг. Энэ ч “жам”-аар сүүлийн үед нийслэлд сүү, цагаан идээнээс эхлээд мах, найрын ширээний гол идээ болох ууцны үнэ хэдийнэ нэмэгдэв. Улмаар Цагаан сарын хамгийн том асуудлын нэг болох бэлэг ч үнэд орж эхэлж.
Бэлэгнийхээ бараг л 99 хувийг урд хөршөөсөө авдаг болсоор удсан монголчууд бидний хувьд юаны ханш өссөн нь томоохон цохилт болж байгаа гэх. Ямартаа ч юаны ханш өссөн хэмээгээд манай наймаачдын гол амин зуулга болсон эрээний “мо-гийн бараа” хаданд гарч байгаа сурагтай.
Танил наймаачин ах маань олон улсын гэх томоохон сэтэртэй “Нарантуул” захын худалдаачин. Тэрбээр саяхан манайд ирээд явахдаа, захад худалдаа хийх хүмүүс цөөрснөөр ашиг багасч, бүр эрээний хятадууд танай монголчууд хаачив аа гээд сүйд болох боллоо хэмээн ярьсан. Учир нь манайхны бөөн бөөнөөрөө очиж мо-гийн бараа гэгчийг нь гахай гахайгаар нь тээвэрлэж ирээд гурав дөрөв дахин нугалж зардаг наймаачид эдийн засгийн хямралаас болж урд хөршийг зүглэхээ багасгасан нь тэднийг ийнхүү сандаргасан юм байх.
Нөгөө талаар тун удахгүй цагаан cap болох гэж байгаа болохоор түрүү жилүүд шигээ л монголчууд дайлаар мордоно хэмээн хүлээж чанаргүй бараагаа шахах гээд хүлээж байсан хятадууд ийнхүү царай алдаж байгаа сурагтай.
Хэрэв уншигчид маань санаж байгаа бол цагаан сараар айлд зочилж, цайгаа ууж, буузаа идсэн нэгнээ гэрийн зүг жолоо залахаар өндийхөд нь гэрийн эзэгтэй буруу хараад л “түнтэгнэж” гардгийг. Мэдээж энд хэн ч уурлаагүй. Харин ч эсрэгээрээ гэж ойлгож болно. Учир нь монголчуудын маань эртнээс уламжилсан ёсоор цагаан сараар айл хэсч золгуут хийсэн зочид маань ёс ёмбогор, төр төмбөгөр ёсоор бэлгээ авах гэж байгаа нь тэр.
Заримдаа зочид маань тэрхүү бэлгээ авах гээд эгээтэй л сүүнд дугаарлах эмгэд хөгшдөөс дутуугүй юм болно. Гэрийн эзэгтэй ч арай дээгүүрхэн шиг суусан нэгэнд хайрцагтай цамц бариад, доогуурхан шиг суусан нөгөөд тамхи барихаа мэднэ. Хүүхнүүдийн гарыг тирко, хүзүүний алчуур зэргээр цайлгана. Нэг ёсондоо авсан бэлэгнийхээ чанараас зочдын тэр айлд хэр хүндтэй хүн бэ гэдэг нь харагддаг гэвэл хэтрүүлсэн болохгүй.
Хамгийн гол нь тэрхүү бэлэг хэдэн хүний гар дамжаад тань дээр ирж байгааг хэн ч мэдэхгүй. Заримдаа анх бусдад өгсөн бэлэг нь явсаар хэд хоногийн дараа өөрт нь буцаад ирэх нь бий. Хэдийгээр үүнийг наргиа мэтээр хүмүүс ярьдаг ч наргианы 80 хувь нь үнэн гэдгийг сануулах юун.
Эрүүл мэндээ бодвол ч…
Уламжлалаа дагаж айл бүр Цагаан сараар ууц тавихыг хичээдэг. Өнөө цагт хаа сайгүй эрүүл хүнс гэж их ярих болсон. Манайхан уламжлалаа гээхгүй байхсан гэдэг. Гэхдээ уламжлалаа тэр хэвээр нь бариад байх биш цаг үедээ зохицуулан өөрчилж баймаар санагдах юм. Мөн хоносон хоол хор ч гэж ярьдаг. Гэтэл энэ бүхэн cap шинийн өдрүүдэд гаргуундаа гардаг нь нууц биш.
20-иос доошгүй хэмийн дулаантай гэрт нэг өдөр байтугай хоночихсон ууцны чанар чансаа ямар байгааг ч мэдэхгүй том том өөхийг үмхэнэ. Дээрээс нь айл бүрт орж арав таван бууз иднэ. Хажуугаар нь элдэв хачир гээд л янз бүрийн болсон болоогүй салат нэртэй баахан зуурсан ногоо иднэ…
Хамгийн харамсалтай нь баярын өдрүүдэд Яаралтай түргэн тусламжийн төвд ходоод гэдэсний хямралтай холбоотой дуудлага тасраагүй талаар хэвлэлээр улс даяар сэрэмжлүүлэг нэрээр цацна. Гэвч хэн ч хашрахгүй болохоор жил бүрийн уламжлалт мэдээллээр тодрох дээрээ тулаад л байгаа гэхэд хэтрүүлсэн болохгүй биз ээ.
Айл бүр тарган ууц тавьж сүржигнэх хэрэг байна уу. Ядаж мөнгөө хэмнэдэггүй юм гэхэд эрүүл мэндээ бодмоор доо. Ууцнаас гадна хэвийн боовны асуудал урган гарна. Бид ер нь яагаад иддэггүй, өрдөг боовыг мөнгө төлөн байж худалдаж авдаг юм бол. Зөвхөн харахын тулд гэхэд хатуудсан болохгүй л байх. Нямбайлан өрсөн боовыг иднэ гэж үгүй. Дээрээс нь ганц нэг чихэр, ааруулхан олж амандаа хийнэ. Хэвийн боовны таваг том, өрсөн боов өндөр, олон байх тусмаа сүртэй. Мэдээж сондгой тоогоор өрөхөөс эхлээд учир начир бий. Цагаан сарын хэдэн өдөрт харж суусан хэвийн боов нь дараа нь бараг л мод шиг хатчихна. Бараг л хоёр, гурван cap иднэ шүү дээ.
Өдрөө зөв сонгоод хэл амгүйхэн шинэлэхсэн
Сүүлийн жилүүдэд хамгийн ихээр анхаарал татсан асуудал, Монгол цагаан cap. Ташуу захтай, захгүй дээлтэй хэсэг нөхөд телевиз, сонингийн байнгын зочин болно. Хамгийн гол нь тэд монголчууд тэдэн сарын тэдэнд шинэлнэ. Үгүй ээ тэдэнд гээд л маргалдана. Хоёр талцсан маргаанд нүүрээ ширэлж чинэрэлдүүлсэн зурхайч лам нар нь оролцоод барахгүй сүүлдээ төрийн тэргүүн нь маргааныг нь тасалж арай гэж шинэлсэн болно.
Түүхээс харвал 1206 оноос цагаан сарыг хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд тэмдэглэдэг болж. Цагаан өнгийг их бэлгэшээдэг учраас хаврын тэргүүн сарыг цагаан cap хэмээн нэрлэжээ. Гэтэл 1952 онд Х.Чойбалсанг нас барснаас үүдэн хэдэн жилээр энэ баярыг тэмдэглэхийг хориглож байжээ. Хот хөдөөд настай голдуу хүмүүс цагаан сарыг нууцаар тэмдэглэдэг байсан гэдэг.
Уламжлалт ёс заншлаа хөсөр хаяхгүйг хичээсэн настнууд идээ будаа засч, шинэлсэн хэмээн хэрэгт төвөгт орох вий хэмээн эмээж ууц, тавгийн идээгээ илүү гэр, амбаар савандаа нуун байж айл саахалтаараа золгодог байсан тухай эмгэнэлтэй түүх бий. “Нэгдэлчдийн баяр”, “Малчны цагаан cap” хэмээн нэрийдэж байсан энэ баярыг өнөөдөр монголчууд хэнээс ч айж эмээлгүйгээр өргөн дэлгэр тэмдэглэх болсон сайхан цаг ирсэн.
Тиймдээ ч хахир хатуу өвлийг өнтэй тарган давж, хамаг амьтны нуруу тэнийж, үр төлөөрөө өсч үржихийн ерөөлтэй хаврын улиралтай золгосны баярыг монголчууд тэмдэглэх болж. Даанч сайны хажуугаар саар гэдэг шиг аар саар асуудалдаа ороогдсоор сүүлдээ дарамт шахам болгоод байгааг эс тооцвол шүү дээ.
Энэ дашрамд дурдахад, өнгөрсөн жилийн хувьд хоёрдугаар сарын 7-н, эсвэл 8-нд шинийн нэгний өдөр тохионо хэмээснээр толгойгоо багагүй эргүүлсэн монголчууд өнөө жил бүр нэг сарын зөрүү гарсан учир балмагдаж суух.
Ямартаа ч Чингэсийн шар зурхайгаар нэгдүгээр сарын 26, Төгс буянтынхаар хоёрдугаар сарын 25-ны гэсэн хоёр өөр хугацааг зурхайчид гаргаад байгаа. Аргаа барсан иргэд Гандан хийдийнхэн, Төрийн тэргүүд хэзээ золгох бол тэр өдөр л … хэмээн хүлээж суух болж. Хэцүү ч юм аа даа, их мэдэх хүмүүсийн лай гэж.
Нэрэлхүү монголчууд
Сүүлийн үед бие биедээ баян чинээлгээ гайхуулах гэсэн юм шлг айл бүр тансаг идээ, шүүс засах болсон. Энэ нь цалин пүнлүү муутай нэг нь бэл бэнчинтэй нэгнийхээ хөлд чирэгдэх болсон гэсэн үг. Олон зууны түүхтэй cap шинийн баяраар айл бүр ууц, тавьж, хүн болгон үнэт эдлэлээр гангарч, үнэтэй бэлэг солилцдог ёс жаяг байгаагүйг настан буурлууд андахгүй.
Гэтэл жамаа зам болгох дуртай монголчууд настнууддаа хадаг барьж золгодог ёсоо “мартаж” мөнгө төгрөг, архитай золгодог “моод” дэлгэрүүлсэн. Ингэснээр нэрэлхүү зарим нь бусдад муу хэлэгдэхгүй гэхдээ өр зээл тавин байж шинэлдэг болсон нь эдүгээ олонд ил болсон нь яахаа мэдэхгүй хүмүүс хуучин зангаараа л шинэлэх бололтой.
Нэг зүйлийг хэлэхэд хараад байхад залуус энэ баяраас бүр залхаж гүйцсэн бололтой. Учир нь таних танихгүй хүмүүст үнсүүлэх гэж бөөн будилаан. Чи чинь надаас хэд ах билээ. Би чамаас хэд дүү билээ гээд… Ямар сайндаа гэрт нь хүмүүс ирэхээр залуучууд нь өөр өрөөнд ороод таг бүгэх маягаар “цагаалах” вэ дээ. Хэцүү юм даа гэхээс өөр үг нэг л орж ирэхгүй байх чинь.
Үнэндээ баяр дуусахад өвгөд хөгшидийн даралт ихэсч, гэрийн эзэгтэй нар тогоо шанага барьсаар ядаргаанд орно. Эрчүүд ууж идсэндээ баахан түүртэж, хүүхдүүд цуглуулсан оймс, мөнгөө тоолсон дүр зураг л үлдэнэ. Нэг үгээр хэлбэл, сүйдтэй бүү хэл сүйдгүй ч баярласан юмгүй өнгөрдөг баярын нэгээр цагаан cap шалгараад байх шиг. Туйлшрал л гэж энэ байх даа гэмээр.
Хатуухан хэлэхэд цаг хугацаатай уралдан айл хэсч, бууз жигнүүлж, архи ууж, бэлэг авдаг л баяр болсноор өнөөдөр монголчууд нь хүртэл энэ баяраасаа залхах болж. Магадгүй цагаан сарыг монгол түмний уламжлалт, эрхэм нандин ёс жудгаар зохицуулагдсан, гэж үл болох соёл хэмээн үзэж ёс төртэй тэмдэглэдэг бол ийм зүйл болохгүй л байсан даа…
Д.Туяа