Дэлхий дахинд нүүрлээд буй хүнсний хомсдол өргөн хэрэглээний барааны үнийг ч бас хөдөлгөлөө. Тэр дундаа малчдын амьжиргааны орлогын гол эх үүсвэр болсон ноолуурын үнэ өнгөрсөн хавар огцом доошлов. Гадаад зах зээл дээр самнасан ноолуурын ханш 60-70 ам.доллар болоход манайд кг нь 22-26 мянган төгрөгөөр уруудлаа.
Зах зээл дээрх түүхий, самнасан ноолуурын арилжааны үнэ тодорхой бус хугацааны давтамжтайгаар унаж, өсч ирсэн. Зах зээлд шилжсэнээс хойш 10, 20, 30, 40 гаруй мянган төгрөг гэх мэтээр өөрчлөгдөж байв. 2002 онд гадаад зах зээлд Монгол Улсад үйлдвэрлэсэн самнасан ноолуур нэг кг нь 48 ам.доллар болтлоо буурсан. Харин 2004 оноос ханш аажмаар өссөөр өнгөрсөн жил 80 ам.долларт хүрсэн удаа бий. Дэлхийн зах зээл дээр ноолуурын үнэ унах болсон шалтгаан юу байв. Мэргэжилтнүүдийн тайлбарлаж буйгаар түүхий эдийн үнийн уналт нь урд хөрш болоод энэ чиглэлийн үйлдвэрлэгч зуучлагч нарт өнгөрсөн жилийн ноолуурын үлдэгдэл нэлээд байгаатай холбоотой аж. Өөрөөр хэлбэл, тэдэнд тодорхой хэмжээний нөөц хуримтлагджээ. Түүнчлэн дэлхийн зах зээл дэх ноолууран бүтээгдэхүүний эрэлт өнгөрсөн жилүүдээс багассан нь үнэ унах бас нэг шалтаг болов. Хятадын томоохон үйлдвэрүүдийн хүлээн авсан бэлэн хувцасны захиалга гэхэд 20-30 хувиар буурснаар мөнгөний нийлүүлэлт буурчээ.
Мөн Хятадад олимп болохтой холбогдуулан нийслэл орчимд байрлах байгаль орчинд сөргөөр нөлөөлж буй арьс шир, ноос ноолуурын үйлдвэрүүдийн үйл ажиллагааг түр зогсоосон нь ханшийн уналтад хачир нэмж өгсөн юм. Тус улсын төр энэ салбарынханд олгодог зээлээ зогсоож, хилээр орж, гарах түүхий эдийн урсгалд тавих хяналтыг чангатгах бодлого баримталсан нь монгол ноолуур үнэгүйдэх бас нэг шалтгаан болсон. Уг нь ноолуурын үнийн уналт үйлдвэрлэгч нарт өөрийн хэрэгцээт түүхий эдээ бэлтгэх таатай боломж олгодог. Гэвч нөгөө талаар Монголын мянга мянган малчдын орлого буурч байгааг анзаарахгүй өнгөрч болохгүй асуудлын нэг байв.
2007 онд манай улсад тоологдсон нийт мал сүргийн 45 хувь буюу 18 сая гаруйг зөвхөн ямаан сүрэг эзэлжээ. Үйлдвэр, худалдааны яамны мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар энэ жил малчид нэг ямаанаас дунджаар 300 грамм, нийт 5500 орчим тонн ноолуур бэлтгэсэн байна. Мөн тус яам малчдын гар дээр одоо 2500 орчим тонн ноолуур байгаа гэсэн судалгаа гаргасан. Харин Монголын ноос ноолуурын холбооноос авсан мэдээгээр бол малчид 1300 гаруй тонн ноолуур хадгалж байна гэжээ.
Ийн хадгалах болсон шалтгаан нь Засгийн газрын зургадугаар сарын 18-ны 260 дугаар тогтоолтой холбоотой. Уг тогтоолоор “Малчдаас монгол ямааны ноолуур худалдан авсан үндэсний үйлдвэрлэгчдэд эргэлтийн хөрөнгийн зээлийн хүүгийн татаас олгох журам”-ыг баталсан.
Үүний дагуу ноолуур боловсруулах үйлдвэрлэлийг гурваас дээш жил тогтвортой эрхэлсэн, чанар, зэрэглэлийг харгалзан 17,5 микроноос дээшгүй нарийнтай кг монгол ямааны ноолуурыг 30000-32000 төгрөгөөр тухайн аймгийн төвөөс худалдан авах болсон билээ. Ийм аж ахуйн нэгж Хөрөнгө оруулалт хөгжлийн сангаас олгох хүүгийн татаасад хамрагдахаар заасан юм. Хэдийгээр энэ шийдвэр хэрэгжих, эсэх нь бүрхэг байсан ч тухайн үед малчид төдийгүй үндэсний үйлдвэрлэгчид алга ташин хүлээн авсан. Гэвч тэдний, бас Засгийн газрын төлөвлөсөн үр дүн харагдсангүй.
Уг нь Засгийн газрын тогтоолыг эрчимтэй хэрэгжүүлэх зорилгоор төсвөөс ноолуурын үйлдвэрүүдийн эргэлтийн хөрөнгийн зээлийн эх үүсвэрт зориулан эхний ээлжинд тодорхой хэмжээний хөрөнгө буюу 10 тэрбум төгрөгийг Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан. Тус банк эрсдлийг хариуцагч гэдгээрээ зээлдэгчээ өөрийн журмаар шалгаруулах байв. Энэ утгаараа найдвартай, мундагийг нь сонгоно хэмээн баахан цаг үрсэн нь үнэн.
Зээлийн нөхцөл нь нэг жил зургаан сарын хугацаатай, жилийн 15 хувийн хүүтэй. Ийм нөхцөлтэй зээл авахыг үйлдвэрлэгчид тун их хүсэж байсан ч төсөлд ердөө гуравхан компани хамрагдсан. Дэндүү чамлалттай үзүүлэлт биш гэж үү. Угтаа бол ноолуурын компаниуд зээл горьдож зунжин зүгээр суусан гэхэд болно. Үйлдвэрүүд бүр долдугаар сарын эхээр гэрээ байгуулсан боловч зээлийн хүүгийн татаасын асуудал шийдэгдэхгүй сунжирсаар бараг есдүгээр сартай золгосон юм. Харин ийн хүлээх үед нь түүхий эдийн ажил ид өрнөх учиртай байв.
Хугацаа алдсан ч зээл авсан үйлдвэрүүд түүхий эдээ тодорхой хэмжээгээр одоо ч авч байгаа. Гэхдээ Засгийн газраас тогтоосон дээрх мөнгөний хэмжээ малчдыг бүр “давраачихаж”. Малчид хог ихтэй, чанаргүй ноолуураа заавал дээд үнээр буюу 32 мянган төгрөгөөс доош өгөхгүй хэмээн гүрийж суугаа сурагтай. Бүр “Шалгалгүй ав, Засгийн газраас та нарт мөнгө өгсөн биз дээ” хэмээн үйлдвэрлэгчдийг дарамтлах болсон байна. Зах зээлд түүхий ноолуурын ханш хэдэд хүрснийг ойлгох ухаан, мэдлэг манай малчдад харамсалтай нь алга.
Монголд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа ноолуурын 40 гаруй үйлдвэр бий. Эдгээр үйлдвэрээс утас, бэлэн хувцас, бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадаадын зах зээлд өндөр үнээр борлуулж чаддаг нь тун цөөхөн. Үндэсний 10 гаруйхан үйлдвэрээс бусад нь Хятад, Америк, Япон, Итали, Их Британи, Швейцари зэрэг 10 гаруй орны иргэн, компанийн эзэмшилд байна. Эдгээр үйлдвэр өөрсдийн санхүүгийн чадавхи, хүчин чадлаас хамааран жилд 1000 гаруй тонн түүхий эд бэлтгэдэг аж.
Үлдсэн 4500 тонн нь түүхий болон хагас боловсруулсан хэлбэрээр урд хөрш, дэлхийд нэртэй, үнэтэй брэнд хувцасны түүхий эд болж Европ, Америк, Азийн зах зээл руу урсаж байна. Эндээс харахад дотоодын зах зээл дээр бэлтгэгдэж буй түүхий ноолуурын 80 хувийг Хятад болон Итали, Америк, Японы мөнгөн эх үүсвэрээр базааж байгаа юм. Тодруулбал, зах зээлийн үнэ ханш тэднээс хамаарч байгаа биз. Ноолуурын салбарын мэргэжилтнүүд “Засгийн газар ноолуурын салбарыг дэмжихийг хичээсэн. Гэвч энэ нь цагаа олоогүйгээс гадна ач холбогдлоо өгсөнгүй. Хэрвээ үнэхээр үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжихийг зорьсон бол ноолуурынхаа экспортын татварыг нэмэх хэрэгтэй байсан” хэмээн ярьж байна.
Угаасаа манай улсын ноолуурын чанар, зах зээлийн үнэ ханш урьд хөршийн бодлого, тэдний хэрэгцээ худалдаачдаас шууд хамааралтай болсныг салбарын мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрдөг. Тиймдээ ч үйлдвэрлэгчид төрөөс зөв бодлого, зохицуулалт хийж өгөхийг олон жил хүссэн боловч тодорхой үр дүн гарсангүй.
Үнэндээ Монгол Улс нэхмэл, сүлжмэлийн бэлэн хувцас, бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг Хятад улсын хямд түүхий эд, Европын нэртэй брэнд үйлдвэрлэгч нарын түүхий эд болох хагас боловсруулсан ноолуур нийлүүлэх бааз суурь болсоор удлаа. Биеэ даасан үндэсний үйлдвэрлэгчид өнөөдөр арай ядан амьдарч байна. Түүнчлэн дээрх арга хэмжээ сонгуулийн өмнө малчдын “ам таглах” зорилготой шоу байсныг хэн хүнгүй хүлээн зөвшөөрнө. Ингэснээр зах зээлийн жамаар хөтлөгдөх ноолуурын бизнест гацаа үүсгэсэн.
Харин одоо нөхөн олговрын 30.5 тэрбум төгрөгийн асуудал бий. Юутай ч Сангийн яам төсвийн тодотголоор энэ асуудлыг оруулахаар төлөвлөсөн талаар мэдээлэл байна. Хэрвээ УИХ баталбал илүү үр дүнтэй, бодитой ажилд зарцуулах талд анхаарах нь тун чухал асуудал юм. Ингэснээр Монгол Улс дэлхийн зах зээлд зөвхөн түүхий эдийн бааз нэрээс татгалзах цаг ирэх биз ээ.
Аж ахуйн нэгжүүдийн ноолуур бэлтгэлийн хэмжээ
2008 оны наймдугаар сар

|