Эрүүгийн цагдаагийн газарт 2005 онд насанд хүрээгүй хүүхдийн биеийг үнэлүүлсэн гэх 380 гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол өнгөрсөн онд 426 болж өсчээ. Энэ нь Монгол улсад хүний наймаа, тэрдундаа хүүхэд эмэгтэйчүүд бэлгийн мөлжлөгт өртөж буйгийн тод жишээ хэмээн Хүн худалдаалах, хүүхэд эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах үндэсний хөтөлбөрийн зөвлөлийн анхдугаар хуралдаанд оролцогчид өчигдөр үзлээ. Хуралдаанд хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэгч төрийн болоод төрийн бус арав гаруй байгууллагын төлөөлөл оролцсон. Төлөөлөгчдийн ярьж буйгаар, сүүлийн жилүүдэд манай улсад хүний наймаанд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийн тоо эрс өсч байгаа аж. Мөн эд эрхтэнийг нь худалдсан байж болзошгүй цөөнгүй тохиолдол бүртгэгдсэн байна. Хүйсийн тэгш эрхийн төвийн тэргүүн Ц.Ганбаясахын ярьж буйгаар өнгөрсөн гуравдугаар сард ЭМШУИС-ийн нэгдүгээр дамжааны оюутан сураггүй алга болсон гэж ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад хандсанаар хамтран хайсан байна. Аймшигтай нь, охины цогцос сарын дараа Зүүнхараагаас холгүй байх уулнаас олдсон ба эд эрхтнийг нь авсан байж болзошгүй байжээ.
Мөн орон гэргүй хүүхдүүд сураггүй алга болох нь ихэссэн бөгөөд хүний наймааны золиос болсон байж болзошгүйг мэдээлсэн юм. Учир нь, тус төвийн хяналтад байдаг орон гэргүй хүүхдүүд сураггүй алга болох нь цөөнгүй байдаг. Энэ талаар хамт амьдарч байсан хүүхдүүдээс нь тодруулахад хүмүүс дагуулаад явсан тухай мэдээлдэг байна. Мөн тэд “томчууд өвчтэй, жижиг биетэй хүүхдүүдийг 15, эрүүл том биетэй хүүхдийг 150 мянган төгрөгөөр худалдаж авдаг” хэмээн мэдээлжээ.
Эх сурвалж: Зууны шуудан