![]() “Балдорж сан”, “Өнөөдөр” сониноос зарласан “Туул, Сэлбэ голоо хэрхэн аварч хамгаалах вэ?” сэдэвт шилдэг эссэ бичлэгийн уралдаанд тэргүүүн байр эзэлсэн МУИС-ийн Утга зохиолын ангийн нэгдүгээр дамжааны оюутан Ж.Тэгшжаргалын “Оюун ухаант хүн Танаа” эссэг нийтэлж байна. Би маш ичиж байна. Өвөг дээдсийнхээ өмнө, ирээдүйнхээ өмнө ичиж байна. Тэртээ 50 мянган жилийн өмнө үүссэн оюун ухаант хүнээс, Хүннү, Сүннү, Их Монгол улсын өмнөөс би ичиж байна. Алтайн сүрлэг уулс, Альпийн нуруу, Тигр, Ефрат мөрний өмнө би ичиж байна. Чингис хаан, Модун Шаньюү, Атилла хаан, Сүх жанжны өмнө би ичиж байна. Ичих ч ёстой юм. Бүр цаашилбал бид бол амьдрах эрхгүй хүмүүс. Гэвч бид амьдарсаар л байна. Яагаад бид амьдарсаар байна вэ? Та бидний өөрсдийн зохиосон хууль ёсоор бол хулгай хийсэн, хүн алсан, үй олноор нь хоморголон устгасан, давтан хэрэг үйлдсэн тохиолдолд бүх насаар нь хорих ял өгдөг шүү дээ. Үүнээс хэтэрвэл бүр цаазаар ч авч болдог. Тэгвэл өнөөдөр Сэлбэ голоо ширгээчихсэн, Туул голоо бохирдуулсан, Альпийн нурууны мөсийг хайлуулчихсан, олон зүйлийн амьтныг үгүйрүүлчихсэн, эх болсон дэлхийнхээ элэг бөөрийг сэндийлсэн бид яагаад амьд явна вэ. Ганц хүн гэхэд л 20, 30 үеэрээ цаазаар авахуулахад ч багадах гэмт хэрэг хийчихээд байхад бид яагаад юу ч болоогүй юм шиг амьдарсаар л байна вэ. Энэ бүгд та бидний амнаас өдөр бүр гардаг шударга ёс мөн үү. Энэ хайр мөн үү. Энэ хууль цааз мөн үү. Би хүн болгоноос ичиж байна бас айж байна. Хүмүүс бид өөрсдийгөө “аугаад” өргөмжлөх дуртай улс. Бүр амьтны ангиллын хамгийн дээр өөрсдийгөө аваачаад залчихсан шүү дээ. Гэтэл эрхэм оюун ухаант хүнээс ямар үйлдэл гарах нь энэ вэ. Заан мод огтолж байхыг хараагүй, зараа хог хаяж байхыг би хараагүй, баавгай түймэр тавьж байхыг хараагүй, зээр гөрөөс газар сэндийлж байхыг бас хараагүй. Гэтэл энэ амьтад яагаад оюун ухаанаараа бидний дор орно гэж. Бид эднээс ухаантай, ухамсартай байна гэж үү. Хүмүүс бид юм болгоныг өмчлөх дуртай улс. Туул гол Монголынх, Сэлбэ гол Улаанбаатарынх, Гималай Хятадынх, Миссиппи Америкийнх, дэлхий биднийх гэж… Энэ бүхнийг өмчилж өөрийн болгохын тулд олон олон дайн болсныг ч бид мэднэ. Гэвч үхэн хатан зүтгэх энэ өмч зөвхөн та биднийх гэвэл худлаа. Таны оршин буй энэ ертөнц бас та биднээс ухаан дорой гэх амьтдынх гэдгийг мартчихсан юм биш биз. Энэ оршин буй дэлхий ертөнц байгаль орчин чинь амьд биесийн дундын өмч. Туул голд орших загас жараахайн өмч, Богд ууланд ургасан мод бут, самар жимс, бас ан амьтдын давхар өмч. Та бидний тойруулан хадсан банзан хашаан доторх газар шоргоолж, ялааны давхар өмч. Ийм байтал бид яагаад зөвхөн хүний өмч гэж туйлшран мунхаглана вэ. Хүмүүс бид зөвхөн өөрөө өөрөөсөө зөвшөөрөл аваад л үүнийг хийчихсэн. Үнэн хэрэгтээ таны оршин буй газрын нэг га-д өөр айл жорлонгоо барьсан бол юу болох бол. Бодохоос ч аймаар зүйл болно доо. Шүүх цагдаа, хэрүүл уруул, зодоон цохион гээд юу эс болох бол. Тийм байтал бид яагаад баавгайн газар нутгийг өмчлөөд, загасны усыг ширгээгээд, шоргоолжны газар нутагт байшин барилга барина вэ. Энэ өчүүхэн зүйлийг ч хийж чадаагүй байж бид яагаад өөрсдийгөө оюун ухаант хүн гэж хээв нэг өргөмжилнө вэ. Агуу сэтгэгч Гёте хэлэхдээ “Хүнийг таньснаас хойш амьтанд хайртай болов оо, би” гэсэн байдаг. Энэ бол хүн таны мөн чанарын тухай хамгийн үнэн тодорхойлолт. Би зараанаас тэнэг юм, та заанаас мулгуу юм, бид амьтдаас тэнэг юм. Та үүнтэй санал нийлэх үү, үгүй юү. Танд өөрийгөө өмгөөлөх ямар нэгэн зүйл байна гэж үү. Та бид өөрсдийн оюун ухааны хүчээр эх дэлхийдээ тоолж барамгүй гай гамшиг учруулсан. Гол усыг нь ширгээж, ой модыг нь огтолж, газар хөрсийг нь ухаж, ан амьтдыг нь агнан, өвс ногоог нь үгүйрэн хоосруулж байна. Магадгүй 50 мянган жилийн өмнө сармагчин хүн төлөвт шилжсэн нь байгаль эхийн хувьд маш том алдаа ч байсан байж мэдэх юм. Бидний алдааны улмаас, Хойд мөсөн далай хайлж, Туул голын загас жараахай усандаа мөхөж, ус нь жил ирэх тусам дундарч байна. Улаанбаатарчууд бид Хатан Туулын хөвөөнд, Хан буурал Богдын энгэрт гэж ярих дуртай. Харин хамгаалъя, хайрлая гэж боддоггүй. Тийм болоод ч одоо хаан, хатан хоёр маань түүх болох цаг айсуй. Улаанбаатар хотын минь ундны усны эх үүсвэр болсон Туул гол нэгэн цагт тул загастай байсан бол одоо жараахай ч үгүй болж, сэрүүн Сэлбэ хэмээн дуулдаг Сэлбэ гол маань ч ширгэж үгүй боллоо. “Монголын нууц товчоо”-нд гардаг Туулын хар шугуй өдгөө домогт үлдэж жилээс жилд хаяагаа хумьсаар байна. Туул голын ундарга нь багассанаас хэдэн жилийн өмнө усандаа бялхаж байсан өнгө өнгийн чулуунууд нь ил гарч нар салхинд хатаж цайгаад цаанаа л нэг сүргүй. Тэр чулуунууд яг л усаа үгүйлэх загас шиг эмгэнэлтэй санагдана. Саяын хэдэн хоног орсон борооны ачаар Туул, Сэлбэ гол минь амь залгав уу гэлтэй эргээ халих шахан урсана. Хөгшчүүл баярлаж, хүүхдүүд эргээр нь наадахыг харахад сэтгэл нэг л өег санагдана. Гэвч та биднийг гол усаа аврах ямар ч ажил хийхгүй байгаа болохоор байгаль эх өөрөө тэнхээ хайрлаж байгаа юм болов уу. Эсвэл лааны гэрэл унтрахынхаа өмнө нэг сайн дүрэлздэг шиг нэг сайн урсаж аваад татрахын дохио юу. Би та бүхэнд нэгэн домгийг өгүүлье. Ингэж эх нутгаа энэрэн үлдсэн Хатан Туулаа бид яагаад хайрлахгүй байна вэ. Тэр биднийг хайрлан хэдэн үеэр минь уух усаар хангаж асран тэтгэж байсан нь бас алдаа байсан юм гэж үү. Миний дээр өгүүлсэн шиг бид бол зүгээр л оршин суугчид. Энэ уудам сайхан эх орны, урсах усны, уул толгодын, ан амьтдын, алим жимсний эзэн нь бус зүгээр энэ газрын оршин суугчид. Гэхдээ эзэн нь байх боломж бидэнд байсан. Даанч чадахгүй байна. Бидний өвөг дээдэс бол эзэн байсан. Голын усанд сүү дусаахаас цээрлэдэг, уул толгодоо хайрхан гэж хүндлэн дээдэлдэг, газар дэлхийдээ цай сүүнийхээ дээжийг өргөн сүсэлдэг байсан өвөг дээдэс минь, газар шороо өвс ургамлаа хайрлан гутлынхаа хоншоорыг ээтэн болгож өмсдөг байсан. Гэхдээ бидэнд боломж бий. Бид одоо өөрт буй уудам газар нутгаа хайрлан хамгаалж, ширгэж үгүй болох шахсан гол усаа, мөхөж үгүй болох гэж буй ан амьтнаа аврах сүүлийн боломж бий. Одоо, эсвэл хэзээ ч үгүй. Их зохиолч Д.Нацагдорж “Миний нутаг” шүлэгтээ, Хүний биеийг эдгээж тэнхрүүлэхийн тулд хийх хамгийн эхний алхам бол цусыг нь солих, цэвэрлэх явдал байдаг. Үүнтэй адилаар бид эх дэлхий байгаль орчноо аврахын тулд түүний цус нь болсон гол усыг аврах нь хамгийн чухал. Гэхдээ энд тэнд хэсэг хэсгээрээ бус дэлхий дахины нийтлэг асуудал болсон усны хомсдол, байгаль экологийн сүйрлийг арилгахын тулд бүгдээрээ санаа бодлоо нэгтгэж маш шуурхай ажиллах нь чухал. Саяхан НҮБ-аас дэлхий нийтийг хамарсан нэгэн судалгаа явуулсан байна. Судалгаа ганцхан асуулттай байсан нь “Та дэлхий нийтийг хамраад буй усны хомсдлыг хэрхэн шийдвэрлэх тухай өөрийн үзэл бодлоо үнэн сэтгэлээсээ бидэнтэй хуваалцана уу” гэсэн байв. Гэвч энэ судалгаа бүхэлдээ нуржээ. Африкийнхан “ус” гэдэг үгийг мэдэхгүй байв. Тэд өчнөөн жил үүнийг хараагүй. Баруун европынхон “хомсдол” гэдэг үгийг мэдэхгүй. Тэд аливаа зүйлээр үргэлж элбэг хангалуун байдаг. Америкчууд “дэлхий нийтийн” гэдэг үгийг мэддэггүй. Тэд дэлхий дээр ганцхан америкчууд амьдардаг гэж боддог. Ийнхүү уг судалгаа бүхэлдээ нуржээ. Энэ судалгаа хэдий инээдтэй, тэнэг санагдаж байгаа ч үнэн чанартаа энэ бол дэлхийн хүмүүс ямар эв нэгдэлгүй вэ гэдгийг харуулсан явдал юм.Үүнийг л үгүй болгож эс чадваас дэлхий маань яг энэ хэвээрээ байж байгаад л мөхнө. Өөр ямар ч зам байхгүй. Манай хотынхон ч мөн адил Туул, Сэлбэ гол минь хэрхэн ширгэж алга болж, бохирдож буйг харсаар байж, мэдсээр байж дор бүрдээ л санаа зовон өнгөрч байдаг. Харин эх орныхоо ирээдүй болсон залуус бидний санаа бодлыг хуваалцаж буй явдал бол маш зөв зүйтэй асуудал гэж бодож байна. Хэрвээ бид санаагаа нэгтгэж, зөв хөдөлж, хамтдаа зүтгэх аваас энэ сайхан үзэсгэлэнт байгалийг үүрд харах азтай болох болно шүү дээ. Жил бүрийн хавар, намар оюутан сурагчид, албан байгууллагууд Туул, Сэлбэ голыг цэвэрлэдэг. Гэвч хоёр хоногийн дараа эргээд л хогоор дүүрчихсэн байдаг. Энэ юуг харуулж байна вэ. Мөн үүнтэй адил хүмүүс жил бүр л мод тарьдаг. Төгсөгчид тарьдаг, албан байгууллагууд тарьдаг. Тариад л байдаг, тариад л байдаг. Ургадаггүй ээ. Туул, Сэлбэ голын хогийг цэвэрлэх 20 хүн байхад эргээд хог хаях 200 хүн байгаа нь харамсалтай. Ийм сэтгэлтэй хүмүүс олон байхад мянган удаа цэвэрлээд нэмэргүй ээ, цагийн гарз. Харин Туул, Сэлбэ голоо хайрлах, хог хаяж болохгүй гэдэг санааг тархинд нь шингээж өгөх аваас жинхэнэ үр дүнд хүрнэ гэж би боддог. Үүний адилаар бас мод тарих мянган хүн байхад түүнийг хугалж, хагалж, түлэх арван мянган хүн байгаа юм чинь яаж ургах вэ дээ. Оюун санаандаа модгүй хүмүүс яаж эргэн тойрны модыг хайрлах вэ. Оюун санаа нь ус шиг ариун бус хүмүүс яаж ч голд хог хаяхгүй байх вэ. Туул, Сэлбэ голоо гэлтгүй ер нь энэ мөхөж буй, хүмүүс бидний буруутай үйл ажиллагаанд өртөн буй байгаль, эх дэлхийгээ аврахын тулд бидний хамгийн түрүүнд хийх ажил бол хүний оюун ухаан руу нь чиглэж, оюун ухаанд нь үзэсгэлэнт байгалийг бий болгох явдал юм. Ингэж гэмээнэ бидний тарьсан мод, бидний цэвэрлэсэн голын үр ашиг гарна. Мөн ирээдүй хойчдоо байгаль дэлхийгээ хамгаалах энэ үзлийг багаас нь суулгах ёстой юм шиг. Учир нь сургалтын программд энэ төрлийн хичээл байдаггүй. Байсан ч үр дүн багатай. Иймээс энэ төрлийн хичээлд гол анхаарлаа хандуулан хойч ирээдүйдээ багаас нь байгаль хайрлах үзлийг тархинд нь суулгавал маш үр дүнтэй ажил болох буй за. Мөн байгалиа, Туул, Сэлбэ голоо хамгаалахад төр, засгийн үйл ажиллагаа, хууль эрх зүйн орчин, хяналт маш их хэрэгтэй. Гэвч манай төр, засаг дорвитой ажил хийхгүй байсаар өдийг хүрлээ. Магадгүй цаашдаа ийм л байна байх. Дөнгөж сая зурагт үзэж суухдаа нэгэн мэдээллийг сонсоод ихэд гайхлаа, харамслаа. Учир юу гэвэл энэ жил УИХ-ын сонгуульд нам, эвсэл болон бие дааж 700 гаруй хүн нэр дэвшиж байгаа. Сонгуулийн ерөнхий хорооноос тооцоолон гаргаснаар бол нэг нэр дэвшигчийн халааснаас дунджаар 120 сая төгрөг гарах юм гэнэ. Энэ тоог нэр дэвшигчдийн тоонд үржүүлвэл 84 тэрбум төгрөг болох юм. Мэдээж зарим нь сонин сэтгүүл, мөнгө цаас тараах гээд төлөвлөгөөгөө давуулан биелүүлнэ. Гэвч эцсийн дүндээ 76 хүн л сонгогдож чадна. Тэгвэл бусад хүмүүсийн зарцуулсан мөнгө нь тараасан сонинтойгоо хамт салхинд хийсч нэг ёсондоо шатацгаана. Энэ их мөнгийг Туул, Сэлбэ голыг сэргээхэд ашигласан бол ямар их үр дүнтэй байх бол гэж бодоод харамсан сууна. Би нэг зүйлийг маш их гайхдаг. Аль 1950, 1960 оноос магадгүй энэнээс ч өмнө байгалиа хамгаалах тухай хэлж ярьж маш олон төрлийн судалгаа шинжилгээ явуулаад л байсан. Гэтэл яагаад юу ч дээрдсэнгүй улам дордож байгаа юм бол. Тэдний олон мянган судалгааных нь үр дүн нь дандаа л Туул гол тэдэн хувь бохирдолтой байна, тэдэн жилийн дараа ширгэнэ, тийм ч учраас ширгэсэн байна, үүнд тэр тэр буруутай гэх мэт хэрэггүй зүйлийг ярьцгаадаг. Энд мэдээжээр ямар их хөрөнгө мөнгө, цаг хугацаа орсон бол гэж бодохоор миний гол харладаг. Судалгаа хийгээд л байдаг, ус гол ширгээд л байдаг. Энэнд ямар ч үр дүн алга. Иймээс одоо илүү бодитой ажил хийх болсон юм шиг ээ. Харсаар байтал Хатан Туул маань ширгэж, ярьсаар байтал хэдэн загасыг нь хордуулж дуусах нь. Одоо Туул, Сэлбэ голоо хамгаалъя байгаль дэлхийгээ аваръя гэхэд зарим хүмүүс маш чухал, чухал юм бодоод л дээгүүр сэтгэж байгаа байх л даа. Үгүй юм аа. Энэ ерөөсөө ч хэцүү биш. Та ердөө гудамжинд явахдаа хог хаяхгүй, ой мод сүйтгэхгүй, гал түймэр тавихгүй, голын усанд бохир оруулахгүй байвал байгалиа хамгаалж байна гэсэн үг. Та өөрийн найз нөхөд, ойр дотны хүмүүс, үр хүүхдэдээ үүнийг хэлж сургах аваас байгалиа хамгаалж байна гэсэн үг. Энэ ерөөсөө хэцүү биш санагдаж байгаа биз дээ. Танд заавал судалгаа шинжилгээ хийх, мөнгө төгрөг зарлагадах хэрэг байхгүй. Энэ зүгээр л таны хамгийн сайн чадах зүйл байгаа биз дээ. Хэрвээ та бид ингэж чадвал өнгөрсөн үеийнхээ өмнө ичих зүйлгүй, үр хойч ирээдүйнхээ өмнө, санаа зовох зүйлгүй амьдрах болно. Бид хэрвээ одооноос эхлэн байгаль дэлхийгээ, Туул, Сэлбэ голоо хайрлаж хамгаалах аваас энэ сайхан Монгол нутгийнхаа эзэн нь болох боломж байна. |
mgl ree baharhaj bn zow zuil shuu us bol altnaas unet erdene, hamgiin urt nastai bodis yum aa. Deerh esse d tuhiin barimt dutmag sanagdana gewch ternees baga hamaarah edew uchir tsuhas duridsan bh. Ertnees mongolchuud eh delhiigee gj l irsen tiim deech engiin nuudelchin amidraltai humuus........... Zaza usaa hemnej amidraya.