Б.Төгс
Бичлэгийн тоо 41
Өглөө сонин эргүүлж, орой ТВ-ийн сувгуудыг гүйлгэх шаардлагагүй болж байна. Ард түмэн нэг дуугаар “Ардын төргүй болгосон” АН-ыг зүхэж байна. Онц байдал тогтоочихсон юм уу гэтэл үгүй юм. Ганц нэг хүн эрх баригчдыг шүүмжлээд “гав гав” хийж л байна. Гэхдээ өнөөдөр иргэд жагсаал иуглаанаас эхлээд хоол идэх тухай ярих болгондоо эхэйд нь заавал “тайван” гэдэг үг хэрэглэдэг болчихож. Эхнэр нөхөр хоёр тайван хэрэлдсэн тухайгаа найздаа тайлбарлаж байгаа бол улстөрчид тайван жагсаал, тайван шүүмжлэл, тайван суулт, тайван эсэргүүцэл, тэр бүү хэл тайван хурал хаясан тухай нэр томъёо хэрэглэдэг болов. Хэсэг иргэд тайван цуглаан хийх гэснээ болив. Бас нэг хэсэг нь хэвлэлийн бага хурлаа тайван хийснээ сэтгүүлчдэд цохон тэмдэглэж байна. Хэргийн учир тайван жагсаал хийсэн хэсэг этгээдэд “зандалчлах” гэдэг аймшигт зүйл ангиар ял тулгаж байгаад бололтой юм. Хэдийгээр олон нийтэд энэ ялыг тулгаагүй боловч хэнээс айгаад байгаа нь мэдэгдэхгүй тайван айдас газар авсаар. Хэн нэг нь дахин ийм яланд уначихгүйг хичээж байна. Бас нэг нэгдмэл хэллэг бол шагнал авсан хүн бүр “Энэ бол миний хийсэн бүтээсэнд өгч байгаа гэж ойлгохгүй байна. Төр засаг, хамт олны маань шагнал гэж үзэж байна. Миний хийсэн ажилд биш, хийх гэж байгаа ажилд өгсөн шагнал” хэмээн тоть шиг давтана. Энэ бүхнээс харвал нийгэм нэг сэтгэлгээ рүү шахагдаж байгаа нь мэдрэгдэнэ. Төрөөс өгсөн шагналд бид нэг төрлийн амлалт өгч сурч байгаа бол төрөөс явуулсан бодлогод нэг үйлдлээр хариу өгч сурах шаардлагатай болох нь. Өнгөрсөн долдугаар сарын 1-нээс өмнө хэн дуртай нь юу дуртайгаа хийж байв. Харин хэдхэй хоногийн дотор үйл хөдлөлөө бүү хэл үг хэлээ хянадаг болжээ. Өчигдөрхөн бид Ар Солонгос, Хятад, Кубыг эрх баригчдынхаа хүслээр амьдардаг хэмээн өрөвдөж байсан бол өнөөдөр үр хүүхдээ хэний эрхэнд амьдрах бол хэмээн санаа зовох болж байна. Өчигдөр бид Ху намын даргыг “Ямар их вдэв” хэмээн загнадаг байсан бол өнөөдөр бид тэднийг “Ахиухан идээч” хэмээн гуйхаас өөр зам алга. Өнөөдөр бидний тайван жагсаалын тухай яриа маргааш эрх баригчдад таатай цуглаан хийх яриа болж хувирна. Зах зээлийн эдийн засагч Да.Ганболд 1990 онд “Эдийн засгийн хямрал бол нэг өдөр бүх үйлдвэр зогсч, бүх хүнс алга болж үүсдэг юм биш. Аажим аажмаар хүнс, бараа хомсдож хямралын оргилд хүрнэ. Түүнтэй адил нэг хүний дарангуйлалд нэг өдөр орчихгүй. Нэг өдөр нэг айдас, А дараагийн өдөр илүү айдас нэмэгдсээр дарангуйлал үүснэ. Дарангуй төрд хамгийн түрүүвд өмчтөнүүд өртөнө. Трактор барихаас эхлээд талх барихад хүртэл төр оролцоно. Эрх чөлөө байхад мөнгө олдоно. Харин эрх чөлөөгүй нийгэм мөнгөтэй байсан түүхгүй” хэмээн анхааруулж байв. 18 жилийн дараа түүний үг өөрийн эрхгүй санаанд орно гэж МоАХ-ныхан лав зүүдлээгүй. Хэрэв санаж байвал сонгуулийн өмнө юмны үнэ өссөнд хаа хамаагүй зөөвөрлөгч, тээвэрлэгч нарыг барьж хорихдоо тулж байв. Удалгүй хямдхан гурил оруулж ирсэн хэмээн шалтаглаж, хүнсний үйлдвэрүүдийг үнэтэй талх үйлдвэрлэв хэмээн хурааж нийгэмчлэхдээ хүрэв. Сонгуулийн үеэр хувийн колонкуудийн агуулахыг нэгжсэнээ нийтэд зарлан “Үнэ нэмэх үндэс байхгүй” хэмээн төр мэдэгдэж байв. Өнөөдөр үнэ буурсан нэг ч салбар байхгүй боловч ирэх жилийн гурил, мах бэлэн болсон тухай сурталчилгаа эхэлж байна. Эрх чөлөө нэг хэвэнд цутгагдаж, эдийн засаг нэг гарт төвлөрч байхад ард түмэн энэ бүхнийг зөвшөөрч байгаа гэнэ. Зөвшөөрөхөөр барахгүй хүсээд байгаа гэнэ. Энэ бүхнийг эсэргүүцэж байгаа АН-ыг эрх баригч МАХН буруушааж байна. Эргээд ерэн ондоо очих гэж ард түмэн хүсч байгаа нь үнэн бол АН тахимаа өгч, ард түмэн модон хударгандаа шургая.

www.mglclub.com Administrator
admin