Дэлхий дахиныг цунами лугаа адил нөмрөөд байгаа санхүүгийн хямрал 2009 онд үргэлжилсээр байх гэнэ. Үүний улмаас дэлхий даяараа бүсээ чангалах ганцхан гарц байгаа талаар эдийн засагчид төдийгүй нөлөө бүхий улс гүрнүүдийн удирдагчид хэлж байна.
Энэ нь монголчуудад ч гэсэн хамаатай болох нь сүүлийн хоёр гуравхан сард гарсан эдийн засгийн өөрчлөлтөөс харж болно. Мөн энэхүү хямрал дэлхийн бүхий л улсыг дайрна. Тойроод гарна гэсэн ойлголт байхгүй гэдэг үнэн аж. Өнөөдрийн байдлаар дэлхийн томоохон хэвлэлийн агентлаг, бизнесийн агентлагуудын мэдээлж буйгаар АНУ болон европт худалдан авах чадвар эрс буурсан нь Хятадын экспортод нөлөөгөө үзүүлж эхэлсэн байна.
Хамгийн тогтвортой арилжаа эрхэлж байсан Токиогийн хөрөнгийн бирж дээр Nikkie хувьцааны унэ огцом унаснаас болж дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч болох “Тоёота моторс” компанид хүндээр тусчээ.
Ингэснээр тус компани сүүлийн 70 жилд амсч байгаагүй санхүүгийн хүндрэлтэй нүүр тулж байгаа юм. Үүнийг дагаад Хонконг, БНСУ-ын хөрөнгийн биржүүдийн гол, гол хувьцааны ханш унасан байна. Тэгвэл нэг баррель нефть 39 ам.доллар болж олборлогчид үйлдвэрлэлээ дахин бууруулж эхлэв. Эндээс харахад ОПЕК санхүүгийн хямралын өмнө ямар ч чадвартүй болж гараа өргөн бууж өглөө гэж эдийн засагчид дүгнэж байна. Хар алт хүн төрөлхтний анхаарлыг татахаа байсан энэ үеийг ашиглан ОХУ-ын байгалийн хий олборлогчид нэгдэн нэг эвсэл байгуулан ажиллах болсон юм.
Гэхдээ тэд ОПЕК шиг үлбэгэр ажиллахгүй. Хямралтай нүүр тулан тэмцэх болно гэдгээ илэрхийлсэн аж. Цаг зөвүүн ийм үед дэлхийн улс орнууд 2009 оны төсвөө баталж байна. Хэдийгээр шинэ он солиглох гээд баяр хөөр тохиож байгаа ч төсөв батлагсдын хувьд царай нь баргар байна. Украины төсөв өнгөрсөн долоо хоногт батлагдахад ерөнхийлөгч Юшенко их сэтгэл дундуур үг хэлжээ. Тэрбээр, ийм байдлаар бид нэг ч cap амьдрахгүй нь гэжээ. Өөр олон үг хэлэхийг хүсээгүй бололтой. Тэрбээр энэ үгээрээ ард түмэндээ хатуухан жил болно. Бүсээ чангалаарай гэдгийг ойлгууллаа гэж шинжээчид хэлж байна.
Тус улс 30.8 тэрбум ам.долларын орлоготой, 34.5 тэрбум ам.долларын зарлагатай төсөв баталсан гэх. Тэгвэл манай улсын хувьд хамтарсан Засгийн газар байгуулагдсан ч гэлээ мөн л алдагдалтай төсөв баталсан. Дэлхийн эдийн засгийн хямрал өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн мэдрэгдэж эхлэхэд манай улсад нөлөөлөхгүй, хамаагүй мэт ярьж байсан.
Гэтэл харин ч хамаатай байв. Хамгийн их хамаатай болох нь иргэдийн орой бүр идэж байгаа гурилтай шөлөнд хүртэл мэдрэгдэж эхэлсэн юм. Ингэхээс ч аргагүй нөхцөл байдал үүссэн гэдгийг эдийн засагчид хэлж байгаа. Учир нь төсвийн алдагдал тооцоолсноос хамаагүй өндөр хэмжээнд хүрэх магадлалтай байгаа.
Өмнө нь төсвөө баталчихаад хагас жилийн хугацаанд төсвийн тодотгол хийж эхэлж байна. Өнгөрсөн долоо хоногт байнгын хороод энэ ажилд шуурхайлан орсон юм. Тэд алдагдалтай батлагдсан 2009 оны төсвийн алдагдал дэлхийн эдийн засгийн хямралаас шалтгаалан нэмэгдсээр байгаа.
Тиймээс гишүүд төсвийн орлогын бүрдүүлэлтэд онцгой анхаарч барагдуулалтыг сайжруулах тухай ярилаа. Улстөрчдийн ярианаас харахад эдийн засгийн хямрал тодорхой болчихлоо.
Үүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Хямрал ирлээ гээд байсан тохиолдол хуруу дарам цөөн. Гэтэл төсөв баталагдаад cap ч болоогүй байхад УИХ-аас төсвийн тодотголыг хийж суугаад байх бус боломж бололцоогоо дайчлан ажиллах цаг ирсэн гэдгийг хэлж байв. Гэтэл улсын төсвийн дөрөвний нэг хувийг бүрдүүлдэг гаалийн орлого буурсан байна. Арга ч үгүй. Худалдааны болон гаалийн татварын гол урсгал болох Эрээн Замын-Үүдийн хооронд явдаг машины эргэлт эрс цөөрч чингэлэгтэй ачаа тээшийн тоо 5-10 дахин багассан байна.
Дахин нэг муу мэдээ сонсгоход Сангийн яамны мэдээлэлд импортын орлого 30 орчим хуваарь буурсан. Өнөөдрийн байдлаар нийслэлийн гааль дээр 1063 чингэлэг ачаа эзэндээ хүрч чадахгүй түжигджээ.
Ачаа тээш оруулж ирсэя бизнес эрхлэгчид бэлэн мөнгөгүйгээс татвараа төлөх боломжгүй болж ийнхүү хүлээлт үүссэн байна. Мөн 300 гаруй автомашин хүлээгдэж байгаа. Эзэд нь машинаа авах гэхээр бэлэн мөнгөгүй, зээл авч чадахгүй болсон гэнэ. Ганц гаалийн татвар бус аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн орлого буурснаас татвар төлөлт эрс багасчээ.
Улсын төсвийн багагүй хувийн дангаараа бүрдүүлдэг “Эрдэнэт” үйлдвэр гэхэд ногдол ашиг болох мөнгөн дүнгийнхээ эхний ээлжинд төлөх 84.5 тэрбум төгрөгийг өнөөдрийг хүртэл төсөвт төвлөрүүлж чадаагүй байгаа аж.
Энэ нь нөгөө хямралаас болж дэлхийн зах зээл дээрх зэсийн ханш унасантай холбоотой юм. Хямралтай үед банкууд тогтвортой байдлаа хадгалж үлдэхийн тулд зээл өгөхөө больсноос аж ахуйн нэгжүүд бэлэн мөнгөний хомсдолд оржээ.
Үүнээс болж татварын орлого буурч, иргэдийн гар дээр бэлэн мөнгө байхгүйгээс болж худалдан авалт багассан гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
Б.Болорцэцэг