"Өнгөрсөн хугацаанд сайн, муу олон төсөл, хөтөлбөрийг хэн дуртай нь санаачлан боловсруулж ямар ч аргаар хамаагүй батлуулдаг байсан цаг саяхан. Гэвч хичнээн сайхан төсөл, хөтөлбөрийг цаасан дээр буулгасан ч хэрэгжсэн нь үгүй. Эцэс сүүлдээ баахан мөнгө завшсан гэсэн цол, гуншин зүүж хоцордог. Харин энэ удаагийн төслүүдийн гарах үр дүн тодорхой байх ёстой" хэмээн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт хатуухан хэлж байв. Мөн "Энэхүү төслийг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар оруулж, цаашид хэрхэхийг шийднэ" хэмээж байлаа.
Хэдийгээр төсөвт агаарын бохирдлыг бууруулахад зориулав хэмээн хаягласан мөнгө байхгүй ч хэд хэдэн тогтоолын төсөл гаргасан байна. Хуралд оролцогчдын дунд "Тогтоолын төсөл гарснаар агаарын бохирдол буурдаг бол сайхан л байна. Даанч тийм биш юм" хэмээн хошигнон өгүүлж байсан нь хэн нэгэнд нэгийг бодогдуулж, хоёрыг ухааруулах мэт. Нээрээ л өнгөрсөн хугацаанд гартай болгон нь төсөл бичиж, түүнийг нь хэн дуртай нэг нь өөрийн ашгийн төлөө баталж суудаг байсан. Гэвч иргэд хорт утаагаар амьсгалсаар л өдийг хүрсэн, цаашид хэдэн жил энэ хувь заяатай нөхөрлөхийг мэдэхгүй нь гамшиг.
Өнгөрсөн жил л гэхэд өндгөн, утаагүй түлшинд хэмээн хаягласан хэдэн тэрбум төгрөгийг "уушиг"-нд зориулан баталсан. "Уушиг"-нд хаягласан гэж хэлэх эрх хүн бүхэнд бий. Учир нь өндгөн, утаагүй түлш гэх сүржин нэр, даржин утга агуулсан энэхүү бүтээгдэхүүнийг тойрсон хэл ам тасрахаа больсон. Тодруулбал, "Чанарын шаардлага хангахгүй зүйлийг өндөр үнээр борлуулж байна. Мөн илчгүй" гэхчлэн элдвийн гомдол гарсан. Дээрх хоёр төслийг мөн ийм зам руу оруулахгүйн тулд эхнээс нь хяналт, шалгалтыг чангатгаж ажиллах ёстой гэдгийг ч онцлон ярьж байлаа.
Дэлхийн банкны санаачлан боловсруулсан төсөл хэрэгжсэнээр агаарт цацагдах хорт утааны хэмжээ хэд дахин буурах, эдийн засгийн ч хэмнэлттэй аж. Цэвэр түлшний гол түүхий эд нь кокосжсон нүүрс. Хэдийгээр төсөл цаасан дээр буусан ч хэрэгжүүлэх явцад хүндрэлтэй зүйл гарч магадгүй гэдгийг санаачлагч нар нь өгүүлж байсан юм. Тухайлбал, зах зээлд нийлүүлэхэд хүлээж авах эсэх, иргэдийн сонирхол ямар байх гээд бэрхшээл олон байна. Мөн төслийн бусдаас ялгарах онцлог нь тухайн иргэнд урамшуулал олгох гэсэн хэсэг байв. Урамшууллыг олгохдоо түүхий нүүрс түлшиндээ хэрэглэж байгаа тухайн өрхийг цэвэр хатуу түлш хэрэглэх болсон тохиолдолд тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэх аж.
М.Ариунтуул