Саяын болж өнгөрсөн үйл явдлыг хараад үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлэх гэсэн юм. Иргэн хүний үзэл бодол ч бараг нохой хуцсанаас дор сонсогддог болчихсон юм шиг байна даа. Бусдын бодол санаа, хэлсэн үг, нийтлэл гээд бүгдийг нь л алгасалгүй үзэж харлаа.Одоо ч гэсэн үзэж л байна. Үнэндээ Ийгл телевизийн интернэтийн мэдээллийг л үзэж дүгнэлт хийж байна. Би ч яахав Ийглийг ингээд үзээд дүгнэлтээ хийчихдэг юм байж. Гэтэл Монголд өнөөдөр интернэттэй айл хэд байгаа билээ гээд бодохоор үнэхээр харанхуй санагдаж байна. Тэд монголын үндэсний телевизээр нэг талыг барьсан мэдээлэл авч одоо хэнийх нь буруу хэнийх нь зөв гэдгийг ч мэдэхгүй суугаа. Ингэж нэг бол ард түмнийг хөөргөж нэг бол дарж мунхруулж сэтгэхүйгээр нь тоглох эрх хэн нэгэнд байдаг нь төр бололтой.
Төр гэдэг дээдэлж сүсэглэж байх ёстой зүйл боловч төр маань хэдхэн хүний эрхшээлд орчихоод байна. Монголчууд бид төрөө цэвэр ариун байлгахын төлөө залбираад суух биш бид өөрсдийн гараар төрөө эмхлэн цэгцлэх эрин үе иржээ. Хамгийн эмгэнэлтэй нь гадаад орнуудад төр нь иргэддээ дайн зарлах биш ард иргэдээ эрх чөлөөтэй элбэг хангалуун амьдруулахын төлөө бусад орнуудтай өрсөлдөн ажилладаг байхад манайд хэдхэн хүн төрийн алтан шумуул болчихоод ичих ч үгүй эрх мэдлийн төлөө үхэн хатан тэмцэж байгаа нь үнэхээр аймшигтай...Шумуулнууд одоо ард түмний цусыг сорж хэзээ дуусах юм болоо.....?
Тэд аль эртнээс л өөрсдөндөө зориулж хууль батлаад байна гээд л яриад л байсан. Арай ч үгүй байлгүй гэж итгэж байсан ард түмний чихэн дээр нь цэцэг ургуулан ар хударгаар нь өнөөдөр тэд бүр цагаандаа гарсан луйвраа хийж сонгогчидын саналыг хуурамчаар үйлдэн Монголын мянга мянган ардын сонгох сонгогдох эрхийг уландаа гишгэж байна. Ийм байхад бид яах ёстой вэ? Биднийг сонгох сонгогдох эрхийг хэн хамгаалах вэ? Эсвэл үндсэн хуулиа өөрчилж нэг мөсөн хүний эрх нь хэдэн хүмүүсийн хүсэл сонирхол эрх мэдлээс болж өөрчлөгдөж болно гээд заагаад өгчих хэрэгтэй ш дээ. Одоо бол тэдгээр хүмүүсийнх нь нэр зүс нь ч тодорхой байна шүү дээ. Тийм дархан цаазтай хүмүүсийн зураг хөргийг нь тусгайлан гудамж талбайд самбар босгож өлгөөд өдөр болгон тахин шүтэж мөргөж байсан ч болно шүү дээ. Удахгүй тийм хууль гарвал Монголын ард түмэн дагахаас өөр аргагүй бололтой. Дагахгүй бол ямар ч хүчирхийлэл хэрэглэхэд төр нь бэлэн байна шүү дээ. Ард түмэнд таалагдахгүй байхад, заавал таалагдах ёстой та нар юугаа мэддэг юм бэ гэж мундагтаж тэдгээр хүмүүс өөрсдийгөө тэнгэрээс буугаад ирсэн мэтээр эрээ цээргүй авирлаж байна.
Монголд дуртай үедээ өөрсдийн хүсэл сонирхолд нийцүүлэн саналыг луйварддаг тэрийг нь мэдсэн хэсэг бүлэг хүмүүс уриалан дуудаж үгээ хэлэхээр тэрийг нь бослого цуст аллага болгон нөгөө нь турхирч ингээд хүмүүсийн үзэл бодол нь юу ч биш болж,тэд мэдлэггүй эсвэл гэнэн цайлганаасаа болоод дунд нь хохироод өөрсдийнхөө үйлдлийг ч ухаарч амжаагүй байхдаа хэн нэгэнд буудуулж үлдсэн нь баривчлагдан хорих төвд очиж мал болтолоо зодуулж нүдүүлэн уйлж суух гэж. Хэн ийм эмгэнэлт жүжгийг бодож олоод найруулан тавьж ард иргэдийг золиослоод байнаа? Гэхдээ ингэж доромжлуулсан жирийн иргэд нэг л өдөр хариугаа авч л таараа. Тэдэнд сурах юм их байгааг ойлгож ухаарч байна. Эцсийн эцэст түүх үнэнийг заавал гэрчилнэ. Бүх юм түүх болон үлдэх тэр үед гэм буруутай этгээд өнөөдөр хөшигний цаана инээж баясч байгаа ч түүний үр хүүхэд бидний хойч үе заавал түүний гэм бурууг түүхийн тавцанд гаргаж тавих л болно. Тэр үед эдгээр хүмүүсийн яс нь өндөлзөж зовох вий дээ. Жирийн иргэд уг нь төрөө өөрсдийн сонголтоор байгуулдаг байсан бол одоо тэр үе нэгэнт өнгөрч хэдэн хүмүүс өөрсдөө өөрсдийгөө сонгочихдог болжээ. Тэдэнд ард түмний сонголт угаасаа таалагдахгүй нь ойлгомжтой болоод ирэнгүүт шууд өөрсдийнхөөрөө бүхнийг өөрчилчихөж байна. Төр нь ард түмнээ хамгаалах биш залхаан цээрлүүлдэг машин болчихсон нь хэлмэгдэл гэдэг зүйл одоо арга нь нарийсч жирийн иргэд түүнийг нь үүрдэг болжээ.
Уг нь ерөнхийлөгч маань өөрийн намын булхайг арилгаж ард түмний сонгох эрхийг анхнаас нь хүндэтгэсэн бол ийм байдалд өнөөдөр хүрэхгүй л байсан. Өнөөдөр ерөнхийлөгч ч бай хэн ч бай УИХ-н бүх гишүүд ард түмний хүчинд л өнөөдрийн өндөр суудалд сууж байгаа гэдгээ аль эрт мартсан бололтой. Тэд жирийн ард иргэдийн амьдралыг өөрсдийнхөө гэр бүлийн амьдралын түвшинд авааччих ухаан байхгүйдээ биш сэтгэлгүйдээ л өдий болтол Монголын ард түмнийг ийм ядуу байдалд амьдруулж байна. Улсын бодлого зөв байсан бол манай ард иргэд ийм доогуур түвшинд оюуны болоод ходоодны хоосролтой ингэж дуу хоолойгоо илэрхийлэхгүй л байсан. Тэд зөнгөөрөө сайхан амьдралыг мөрөөдөж байна. Тэгж мөрөөдөх ч эрхтэй улсууд гэж бодож байна. Гэвч тэр мөрөөдөлийг нь төрд гарсан хэдэн хүмүүс хаан боогдуулж байна. Тэд төрийг яаж удирдахаа мэдэхгүй яаж завхруулдагийг л сайн хийж байгаа учраас одоо бүгд зайгаа тавьж өгч эрүүлээр сэтгэдэг залуу хүмүүсээр улсаа удирдуулмаар байна. Саяын явдалаар ард түмэн маань нойрноосоо сэрж төрийн үнэн нүүр царайг бага ч гэсэн олж хардаг болсон байх гэдэгт итгэж байна. Улс орноо бид хэнд итгэж үлдээх вэ? Бид өөрсдийн ажлаа тайван хийгээд явж болох уу? Хэнд итгэж найдаж ирээдүйгээ хэрхэн төсөөлж амьдрах вэ? Бид өөрсдийнхөө ирээдүй, үр хүүхдийнхээ хувь заяаг энэ хэдэн хүмүүсийн гараар хэдий болтол ингэж сүйтгүүлэхвэ? Хэзээ бидний үг төрд хүрдэг болох вэ!!!