-Төр хадгаламжинд баталгаа гаргасан. Хадгаламж эзэмшигчдийг бухимдаж, чирэгдэл үүсгэхгүй байхыг хүсч байна-
Монголбанк “Анод” банкны санхүүгийн байдлыг сайжруулахаа мэдэгдэв.
“Анод” банк дампуурах нь гэсэн цуу яриа өчигдөр олны амнаас ам дамжин хуурай өвсөнд тавьсан гал шиг хурдан тархлаа. Тус банкны хадгаламж эзэмшигчид энэхүү ташаа мэдээллээс болоод үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигналдаж эхэлсэн юм. Монголбанкны удирдлагууд ч үүнийг чихнийхээ дэргэдүүр өнгөрүүлсэнгүй.
Энэхүү ташаа мэдээлэлд няцаалт хийлээ. Монгол-банкны Ерөнхийлөгч А.Батсүх, Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Энххуяг нар Банкны тухай хуульд заасан эрх мэдлийн дагуу өчигдрөөс эхлэн “Анод” банкны үйл ажиллагааг Монголбанкны хяналтад авч байгаагаа мэдээллээ. Монголбанк бүрэн эрхт төлөөлөгчөө “Анод” банкинд түр томилжээ. Учир нь өнгөрсөн сарын 24-нөөс эхлэн хийсэн шалгалтын дүнд “Анод” банкинд зохистой удирдлагын зарчим алдагдсан, харилцах, хадгаламжийн мөнгө харьцангуй их хэмжээтэй гадагшилсан, зээл, ялангуяа гол хувьцаа эзэмшигч нарт холбогдох зээлийн багцын эргэн төлөлт удааширч, зээлийн чанар муудсан зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Гэхдээ эдгээр зөрчлийг арилгаж болох учраас тус банкны хадгаламж эзэмшигчид болон харилцагч-дыг тайван байж болно хэмээн тэд мэдэгдсэн юм.
Энэ талаар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Энххуягаас дараах асуултад хариулт авлаа.
-Энэ байдал нь “Анод” банк дампуурах эхлэл гэж ойлгож болох уу?
-Дампуурсан юм биш. Энэ бол бүрэн эрхт төлөөлөгч, эрх хүлээн авагчийн хийдэг хамгийн сүүлийн шатны ажил. Энэ шатанд хүрэхгүй байх гэж бодож байна.
-Төв банкнаас бүрэн эрхт төлөөлөгч томилсноор “Анод” банк эрсдлээс гарлаа гэж ойлгож болох уу?
-Ер нь сүүлийн хоёр жилд иж бүрэн, хэсэгчилсэн гээд таван удаагийн шалгалт хийсэн. Үүний үр дүнг үндэслээд өнөөдрийн арга хэмжээг авч байна, Энэ бол “Анод” банкыг системээс тусгаарлаж, тэнд байгаа хадгаламжийн мөнгийг эрсдлээс хамгаалах үйл ажиллагаа өнөөдрөөс эхэлж байна гэсэн үг. Тийм учраас нэмж эрсдэл үүсээд байдал хүндрэх биш, харйн хадгаламж эрхлэгчдийн мөнгийг найдвартай болгож байгаа арга юм. Одоо бүрэн эрхт төлөөлөгчийн гол хийх ажил юу вэ гэхээр шалгалтаар гарсан дүгнэлт, тоо баримтыг эргэж нягтална. Дээр нь бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний санал төсөл боловсруулна. Үүнээс үндэслээд Засгийн газарт хандаж бүтцийн өөрчлөлтийг ямар хувилбараар хийх нь хамгийн үр ашигтай. Хадгаламж эзэмшигчдийн мөнгийг найдвартай хадгалж чадаж байна гэдэг хувилбар бол гоя хийх ажил. Энэ шалгалтаас тогтоосон байдлыг үргэлжлүүлж болохгүй яагаад гэвэл энэ үйл ажиллагаа бусад банкуудын системд эрсдэл үүсэх таагүй нөлөөтэй учраас холбогдох хуульд заасан арга хэмжээг авч байна.
-Битүүмжилсэн гэлээ. Өөр ямар арга хэмжээ авч байна вэ?
-Бүрэн эрхт төлөөлөгчид салбарууд дээр очоод битүүмжлээд, харилцагч нарт өөрсдийн зорилгоо танилцуулаад, ажилдаа орж багаа. Дээр нь хадгаламж эзэмшигчдийн мөнгийг ямар бүтцийн өөрчлөлтийн хувилбар хамгийн зохимжтой вэ гэдгийг төлөвлөн гаргаж эхэлдэг. Үүн дээр ажиллаж байна. Үүнээс гадна төр хадгаламжинд баталгаа гаргасан. Бүрэн эрхт төлөөлөгчдийн баг бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөө хийх ёстой. Энэ бол хамгийн бага эрсдэлтэй. Хадгаламжийг хамгаална. Зохистой удирдлагын зарчим алдагсан. Гол хувь нийлүүлэгчид их хэмжээний зээл аваад эргэн төлөлт муу байгаа. Томоохон хэмжээний авлагыг Монголбанкинд мэдээлээгүй байсан нь илэрсэн. Бүрэн эрхт төлөөлөгч очсон өдрөөс төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирлын эрхийг түдгэлзүүлдэг.
-Харилцагчийн анхны нэхэмжлэлээр төлбөр гүйцэтгэх боломж алдагдсан гэлээ. Үүнийгээ тодруулаач?
-Үүнийг тогтоож байгаа. Цаашид хэвийн үйл ажиллагаанд оруулах гол зүйл бол бүрэн эрхт төлөөлөгчөөр томилон өөрийн хяналтад аваад арга хэмжээ авах юм. Зээлийн эргэн төлөлтөд онцгой анхаарна.
-Бэлэн мөнгөөр эргэн төлөлт хийнэ гэсэн. Хадгаламжийн хичнээн төгрөг байгаа вэ?
-145 тэрбум төгрөгийн хадгаламжийн мөнгө байгаа. Харин зээл нь 180 тэрбум төгрөг.
-Чанаргүй зээл их байгаа гэсэн үг үү?
-Зээлийн чанарыг Монголбанкны журмаар үнэлнэ. Эргэн төлөлт дээр ажилласнаар ангилал сайжраад алдагдал хувь хэмжээ өөрчлөгдөнө. 180 тэрбумаа олж авахын төлөө ажиллана.
-Хадгаламж эзэмшигчдийн хувьд ихээхэн бухимдал үүсч байна. Энэ дээр ямар тайлбар өгөх вэ?
-Хэт их бухимдаж, чирэгдэл үүсгэхгүй байхыг хүсч байна. Үүнийг шийдэх гээд өнөөдрөөс ажиллаж эхэллээ.
П.Нансалмаа