Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт АН-аас нэр дэвшсэн, дөрвөн бэрх гэж өөсдийгөө цоллосон Н.Алтанхуяг, Д.Батбаяр, Л.Эрхэмбаяр, Г.Энхтайван нар өчигдөр хэвлэлийнхэнд хандлаа. Тэд сонгуулийн дунд сэтгэл хангалуун бус, ИЗН-ын дарга С.Оюуныг луйвар хийж ялалт байгуулсан гэж мэдэгдэв. Дүүрэг, хороодын Засаг дарга нар хуйвалдан сонгуулийн өдөр 5000 гаруй хүнийг санал өгүүлсэн, АН-аас нэр дэвшигч Л.Эрхэмбаяр С.Оюуныг 1000 гаруй хүний саналаар ялж байсан боловч зарим хэсгийн хороодын дүнг санаатайгаар удаашруулж, будлиантуулан ялагдал хүлээлгэсэн хэмээн мэдээлсэн юм. Мөн С.Оюун өөрөө ялагдлаа хүлээж телевизээр мэдээлэл хийж байсан. Гэвч шөнийн 00 цагаас хойш мэдээгээ өгсөн дөрвөн хэсгийн хорооны дүнг өөрчилж, хүссэндээ хүрч Л.Эрхэмбаярыг өвдөг шороодууллаа. АН-аас тойргийн хороонд хандан будилаан гарсан хэсгийн хороо дээр саналын хуудсыг дахин тоолуулах хүсэлт тавьсан боловч МАХН, ИЗН-ын төлөөлөгчид эсэргүүцсэн гэв. Сэтгүүлчид тэднээс цөөнгүй асуултад хариулт авсан юм.
-Энэ луйврыг ИЗН бусад улстөрийн хүчинтэй нийлж хийсэн гэж үзэж байгаа юм уу?
-Н.Алтанхуяг: С.Оюун МАХН-тай аль хэдийнэ хүзүү сэрээрээ холбогдсон түүнийх нь гавьяа одоо гарч байгаа хэрэг. Ирэх жил Ерөнхийлөгчийн сонгууль болно. Парламентад суудалтай нам л Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй байдаг. Тиймээс албаар гуравдагч хүчнийг оруулж ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ын саналыг хуваах гэсэн арга.
-Санал хураахад хоёрхон хоног үлдээд байхад 26 дугаар тойргийн нэгэн хэсгийн хорооны нарийн бичгийн дарга нэрсийн жагсаалтыг хулгайгаар авч гараад буцаж орохдоо цагдаа нарт баригдсан. Тэр хүн АН-ын гишүүн байсан бөгөөд цаанаасаа даалгавартай хэмээн мэдэгдсэн гэсэн. Үүнийг та дөрөв зохион байгуулсан юм биш үү?
-Бид мэдээгүй юм байна. Тийм асуудал болоогүй ээ.
-Тэр өдөр сурвалжлага хийж яваад тэр үйл явдалтай нүүр тулсан болохоор би итгэлтэй байна. Ийгл телевизийнхэн хүртэл газар дээрээс сурвалжлага авахаар ирсэн байсан. Хууль зөрчсөн, ноцтой асуудлыг мэдээгүй өнгөрсөн нь гайхаш төрүүлж байна л даа. 26 дугаар тойргийн хорооны дарга нь АН-ын хүн байсан, ийм асуудал болсонд харамсч байгаа илэрхийлж байсан шүү дээ?
-Л.Эрхэмбаяр: Тэр талаар мэдээгүй. Бид юу гэж тийм зүйл зохион байгуулах вэ дээ.
-Сонгуулийн өдөр микроавтобусаар АН-ынхан хүмүүсийг зөөж санал өгөх байранд хүргэн өгч байсан. Энэ чинь бас хууль бус шүү дээ?
-Н.Алтанхуяг: Сэтгүүлч та нар ийм аар саархан зүйл ярьж асуудлыг займчуулах хэрэггүй. Цаана чинь 5000 гаруй хүний саналыг нэмж өгүүлчихээд байна. Үүний хажууд микроавтобусаар хүн зөөх жижиг зүйл. Аль аль нь зөөгөө биз.
-Хэрэв бээлий хулгайлсан бол за энэ ч яахав жижиг зүйл, түрийвч хулгайлбал том хэрэг гэж хэлээд байгаатай ялгаагүй сонсогдож байна. Нэрсийн жагсаалт хулгайлах, микроавтобусаар хүн зөөх чинь хууль зөрчөөгүй, шударга зүйл юмуу?
-Н.Алтанхуяг: Тэгж сонсч байвал таны хэрэг гэв. Ийнхүү зарим сэтгүүлчдийн асуултад хариулт өгөхөөс булзаж байгаа нь ажиглагдаж байлаа.
Д.Доржпагма
С.Оюун: Дахин тооллого явуулахад айгаад байх зүйл алга
АН-аас нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшсэн Дөрвөн бэрхийн мэдээлэл хийсний дараа тэнцвэртэй мэдээллийг уншигчиддаа хүргэх үүднээс ИЗН-ын дарга, Гадаад хэргийн сайд С.Оюунтай утсаар холбоо барилаа.
-Та сонгуульд ялагдлаа гэж телевизээр мэдээлэл хийсэн юм уу?
-Сонгуулийн шөнө телевизийнхэн ирж ямархуу явцтай байгааг сонирхоход урьдчилсан дүн гараагүй байна гэж хариулсан. Үзэгчид үүнийг санаж байгаа. Гэтэл өөрөө ялагдлаа хүлээж олон нийтэд мэдэгдсэн гэж яаж гүтгэж чадаж байна аа. Би болон манай нам шударгаар өрсөлдөхийг уриалж түүнийгээ ч хэрэгжүүлдэг. Би 1000 гаруй хүний санал луйвардаагүй, надад саналаа өгөөрэй гэж нэг ч хүнд мөнгө тараагүй, хэнийг ч гүтгэн доромжлоогүй, шударгаар өрсөлдсөн. Улстөрчид хэрүүл маргаан өдөөж, ард түмнийг хооронд мөргүүлдэн үймээн самуун дэгдээсэнд харамсч байна.
-Дахин саналын хуудсыг тоолохыг хүлээн зөвшөөрөх үү?
-Надад айж эмээгээд байх зүйл алга. Би дахин тооллого явуулахыг 100 хувь дэмжиж байна. Үүгээр л үнэн, худал ялгагдаад гараад ирнэ. 26 дугаар хэсгийн хорооны дарга АН-ын хүн байсан. Хэсгийн хороонд ч орж ажилласан хүмүүсийн олонхи нь МАХН, АН-ынх. Тойргийн хороонд гэхэд ИЗН-аас нэг л хүн орсон.
-Дорнод аймагт сонгууль будилаантай болсон гэж ИЗН-аас нэр дэвшигч М.Зоригт мэдэгдэж байгаа. Намын даргын хувьд энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?
-СЕХ-нд Дорнодод сонгууль будлиантай болсныг нотлох 26 асуудал бүхий асуудлыг хүргүүлж дахин тооллого явуулахыг шаардаж байгаа. Дахин саналын хуудсыг л тоолоход маргаантай асуудал шийдвэрлэгдэнэ. Энэ боломжийг нь олгох хэрэгтэй. Түүнээс бие бие рүүгээ дайрч олон түмнийг талцуулах хэрэггүй.
Д.Ануужин