“Ээ битгий урдуураа хүн оруу­лаад байгаач. Өглөөнөөс хойш зогс­лоо шүү дээ” гэж бухимдах иргэ­дийн урт цуваан дунд дугаарлан зог­сох ч хэцүү шүү. Гэтэл дахиад л өнөөх шинэчилсэн бүртгэл 70, 10 мянган төгрөг шиг урт дараалалд зогсох нь гэх бол­гоомжлол төрөх болов. Учир нь Монгол Улсын иргэн бүр “Эрдэнэс Та­ван­толгой” ХК-ийн 550 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй эзэмших эрхтэй болсон.

Харин хувьцааг шууд­хан бидний түрийвчинд хийх эсвэл  Хүний хөгжил сангийн өнөөх шар дэвтэрт биччихэж болохгүй бо­ло­хоор аль нэг брокер, дилерийн ком­панид хандаж данс нээлгэх нь гар­цаагүй болж байна. Өнөөдрийн байдлаар манай улсын нийт иргэний 400 мянга орчим нь л хувьцааны данстай. Бас энэ 400 мянга орчим иргэний 10 хүртэлх хувь нь өөрийгөө хувьцаа эзэмшигч гэдгээ мэдэхгүй явж байж мэдэх юм. Тэгэхээр холбогдох газруудаас хэлсэн хэлээгүй иргэдийг хувьцааны данстай болгох том ажил ундрах нь нэгэнт тодорхой болж байна. Угаасаа өнгөрсөн оны долдугаар сарын 7-нд гарсан УИХ-ын 39 дү­гээр тогтоол, мөн оны аравдугаар сарын 20-ны өдрийн Засгийн газрын 272 дугаар тогтоолд “хувьцаа” гэх үг хэнд ч ойлгомжтой дурайж байгаа. Иргэн бүрт хүр­тээх 550 ширхэг хувьцааг энэ оны эхний хагаст багтаан иргэдийн данс руу шилжүүлнэ гэж “Эрдэнэс Таван­толгой” ХК-аас мэдэгдсэн байдаг. 
Бага тойруу орчмын брокерийн пүүсүүдээс сонгон нэгээр нь үйлч­лүүлсэн юм. Хаалган дээрээ хадсан цагийн хуваарьт нь 08.30-19.30 цаг гэжээ. Цайны цаг байдаггүй бо­лолтой. Данс нээлгэхийг хүсэгчид цөөн­гүй ирсэн мэт хүлээлгийн тан­химд хүмүүсийн цуваа тасрахгүй байлаа. Тус газ­рын брокер бүсгүйчүүд “Өө цаас дуусч байна шүү дээ” гэж хоорондоо ярих нь үйлчлүүлэгч олон ирж бай­гааг илтгэх аж. Тэд “Иргэд данс нээлгэхдээ аль ч брокерийн пүүсийг сонгож авах боломжтой. Шаардлагатай зүйл нь иргэний үнэмлэх, хүүхэд бол төрсний гэрчилгээгээ авчирна” хэмээн товч мэдээллийг өгч байв. Уг пүүс 2009 онд байгуулагджээ. Одоо­гоор нийслэл, орон нутагт салбар пүүсгүй бусад 40 гаруй пүүсийнхээ нэг нь. Гэхдээ холбогдох газруудаас гаргасан мэдээлэлд  муугүй үр дүн­тэй ажиллаж буй юм билээ. Он гарснаар иргэдийн данс нээлгэх байдал эрчимжсэн аж. Энэ пүүст л гэхэд жилийн өмнө хувь­цааны данс нээлгэхээр өдөр­төө 30-аас илүүгүй иргэд ирдэг бай­сан бол өнөөдөр өдөрт 100 гаруй хүн үйлчлүүлж байгаа гэнэ. Мөн бро­керийн пүүст нээсэн дансыг хө­рөнгийн бирж дээр бүртгэх ажил ганцхан өдөрт бүтдэг байсан бол саях­наас ачаалал нэмэгдэж нэг, хоёр өдөр­төө амжихаа байсан аж. 
Иргэд дансаа нээлгэхдээ дан­сан­даа заавал мөнгөтэй байх шаард­лагагүй. Үүнийг иргэн бүрт хүр­тээх 550 ширхэг хувьцаагаа хадгалах түрийвч гэж ойлгож болно. Гэх­дээ нэгэнт данс нээлгэсэн байхад яагаад ганц нэг хувьцаа худалдан авч, зарж үзэж болохгүй гэж. Энэ та­лын мэдлэггүй гэж өөрийгөө голох хэ­рэггүй. Учир нь аль ч брокерийн пүү­сүүд анх данс нээлгэж буй иргэдэд хувьцааны талаар ойлголт өгөх зо­рил­гоор үнэ төлбөргүй сургалт явуулдаг юм билээ. 
Брокерийн пүүсүүдээр үйлч­лүүлж буй иргэд 550 ширхэг хувь­цааны нэгж бүр нь хэчнээн төгрөгийн үнэ­тэй байх талаар нэлээд сонирхож бай­гаа аж. Харин одоогоор энэ талаар бо­дит мэдээлэл гараагүй байгаа би­лээ. Гэхдээ өнөөдөр нэгж бүр нь 100 төг­рөгийн үнэтэй байж магадгүй гэж тооцоолж буй уг 550 ширхэг хувь­цаа ирээдүйд хэд ч хүрч болох юм. Ямар ч байсан сүүлийн жилд Хө­рөнгийн биржийн ТОП-20 индекс тасралтгүй өсч байгаа болохоор энэ 550 ширхэг хувьцаа 20, 30-хан мян­ган төгрөгийн үнэтэй байхгүй нь лавтай. ТОП-20-ийг тэргүүлэгч орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн нэгж хувьцааны үнэ 2004 онд 200-хан төгрөгийн үнэтэй байсан бол өнөөдөр сая төгрөгт хүрээд бай­гааг анзаараарай. Мөн “Эрдэнэс Таван­толгой” ХК-ийг “Энержи Ресурс”-тай харьцуулж үнэлсэн олон  баримт байх юм билээ. Хэрвээ “Энержи Ресурс”-тай адилтгавал нөөцийн үнэлгээ нь 900 тэрбум ам.доллар ор­чим байна. Үүний 10 хувь есөн тэр­бум ам.доллар. Чамгүй тоо гарч ирж байгаа юм.  
Иргэдийг дансаа нээлгэсний да­раа Үнэт цаасны төлбөр тооцоо, төв­лөрсөн хадгаламжийн төвөөс до­лоохон хоногийн дотор иргэдийн дан­санд хувьцааг нь хийх юм билээ. Энэ бол компьютераар явуулах механик үйлдэл тул ядах юм байхгүй биз. Харин манай улсад үйл ажиллагаа явуулж буй 40 гаруй брокерийн пүүс иргэдийг энэ оны эхний хагаст баг­таан данстай болгож амжих болов уу. Үүнийг дагаад брокер дилерийн ком­паниуд салбар пүүсээ байгуулах, броке­руудынхаа тоог нэмэх шаард­лага тулгарч байгаа бололтой. Энэ мэтээр хөрөнгийн зах зээлд “бал­чирдах” үзэгдэл эхнээсээ гарч эхэл­лээ. Саяхан нэгэн гэр бүл дээхнэ үед иргэдэд олгосон цэнхэр, ягаан та­салбараасаа болж уг брокерийн пүү­сийн зааланд зад маргалдацгаасан байна. Учир нь хадгалж байсан цэнхэр тасалбар нь АПУ ХК-ийн 20 сая төгрөгийн үнэтэй хувьцаа байсан бөгөөд эзэмшигч нь эхнэрээсээ салахаар шийдсэн байж. Тиймээс тэд 20 сая минийх, чинийхдээ тулсан бололтой. Нээрээ л 90-ээд оны үед хувьцааг хүн бүрт биш гэр бүл дунд нь өгчихдөг байсан нь энэ төрлийн маргаан дахин дахин үүсэх шалтгаан болж байгаа аж. Нөгөө талаар 20-хон жилийн түүхтэй манай улсын хувьцаа, хөрөнгийн зах зээл дэх бас нэгэн туршлага болж бай­гаа биз.

 

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ


Зохиогчийн эрх: 
"Улс төрийн тойм" сонин