2011 оны 3-р сарын 08

Хүний хөгжил сангийн тухай хууль, “Монгол Улсын иргэн бүр хишиг, хувь хүртэх журам”батлагдан 2010 оноос эхлэн нийгмийн халамж үйлчилгээний байгууллагаар дамжуулан иргэний шинэчилсэн бүртгэлтэй уялдуулан хишиг, хувь олгож эхэлсэн.
УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоол, Засгийн газрын 350 дугаар тогтоолоор”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 10 хувийн хувьцааг иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн иргэдэд нэрийн данс нээж эзэмшүүлэхээр заасан.
Иймээс хилийн чанадад амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн дээрх эрхийг эдлүүлэх зорилгоор иргэний шинэчилсэн бүртгэлийн ажлыг 2011 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл зохион байгуулж байна. Иргэний шинэчилсэн бүртгэлд 16-аас дээш насны иргэн биечлэн, 16-аас доош насны иргэний хувьд эх (эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь оршин суугаа улсын Дипломат төлөөлөгчийн газрын иргэний бүртгэл хариуцсан консулын ажилтанд бүртгэнэ.
Иргэн шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэхээр ирэхдээ үндэсний гадаад паспорт /шаардлагатай бол иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ/-г бүрдүүлж ирнэ.
Шинэчилсэн бүртгэлээр Монгол Улсын иргэн төрсний болон иргэний үнэмлэхийн, байнгын оршин суугаа газрын бүртгэлээ баталгаажуулан, биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл /гарын 10 хурууны хээ/-д шинээр бүртгүүлэх юм.
Шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн, иргэний бүртгэлийн дугаар олгогдсон иргэний мэдээлэл, нэрийн жагсаалтыг манай газар Нийгмийн халамжийн үйлчилгээний асуудал эрхэлсэн байгууллага болон Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвд хүргүүлэх бөгөөд ингэснээр иргэн та хүний хөгжил сангаас хишиг хувиа хүртэх, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмших нэрийн данс нээлгэх боломжтой болох юм.

 

Эх сурвалж : www.sonin.mn