Түүний “Манайхан Америкт” ном өнгөрсөн жил хэвлэгдсэнийг “Интерном” дэлгүүрээс авч билээ. М.Саруул-Эрдэнийн оюуны охь “ханхалсан” нэг бус өгүүллийг төвийн сонин хэвлэлээс уншиж амташсан болохоор түүний шинэхэн бүтээлийг эрдэнэ лугаа олзуурхан авч билээ. Тэрээр үндсэн ажлынхаа зэрэгцээ АНУ дахь Монгол соёлын төв, Америкийн Монгол судлалын төв зэрэг хэд хэдэн төрийн бус байгууллагыг санаачлан эх орноо дэлхий дахинд сурталчлах үйлсэд хувь нэмрээ оруулж яваа нэгэн.

М . Саруул-Эрдэнэ монгол хэл шинжлэлийн мэргэжилтэй.

Багшийн их сургуулийг монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр 1994 онд төгсөөд, 2001 онд Истанбулын их сургуульд Эртний түрэг хэлний чиглэлээр нэг жил суралцсан.

Дараа нь Индианагийн их сургуульд судлаачаар 2007 он хүртэл ажиллаад, тэндээсээ Вашингтон хот руу нүүж, АНУ-ын Конгрессын номын санд ажиллах болжээ.

Түүний ажилладаг Конгрессын номын сангийн талаар товч тодруулахад, 1870-аад оны үед АНУ байгуулагдсаны дараахан Томас Жефферсон хувийн номын сангаа Конгресст бэлэглэснээр эл номын сан анх байгуулагдсан гэдэг.

Тэрбээр 5000 гаруй номтой байсан гэхээр тухайн үеийн бараг бүх ном цуглуулгад нь байсан гэсэн үг. Улс орныг удирдах гишүүд эрдэм мэдлэг, боловсролтой байх ёстой гэсэн түүний үзэл АНУ-ын Конгрессын номын санг байгуулах шалтгаан болжээ. Улмаар эл номын сан зөвхөн Конгрессын гишүүдэд ч бус, энгийн иргэдэд үйлчилдэг болж, номын фонд нь ч баяжиж, дэлхийн хамгийн том номын сан болоод байна. Хэдийгээр нийтийн номын сан болсон боловч Конгрессын гишүүд өнөө хэр тус номын сангаар үйлчлүүлж байгаа.

Гэхдээ тэдэнд зориулсан тусгай танхим бий. Тэр нь монголчуудын танхимтай зэрэгцэж байрладаг. Бээжин хотод сууж байсан Америкийн дипломатч Уильям
Рокефеллер 1879,1881 онд Монголоор аялахдаа ховор ном, судар цуглуулсан байдаг. Түүнийгээ Конгрессын номын санд бэлэглэсэн нь тус номын сангийн фондод нэмэгдсэн анхны монгол ном хэмээн тэмдэглэсэн байдаг. Одоо хуучны 81 ховор ном, судар тус фондод хадгалаастай бий. Түүнээс гурав нь гар бичмэл, бусад нь модон барын аргаар хэвлэсэн. Монгол номын тоог гурван жилийн өмнө гаргахад 5000 орчим гэж байсан.

Түүнээс хойш сар бүр шинээр хэвлэгдсэн номыг худалдаж авсан гэхээр монгол номын фонд нэлээд өргөжсөн.

Мөн ӨМӨЗО-нд хэвлэгдэж байгаа монгол бичгээр хэвлэсэн номыг нэмбэл багагүй тоо гарах байх. Ихэвчлэн монгол судлаач, эрдэмтэд ирдэг. Индианагийн их сургууль, Уэстерн Вашингтоны их сургуулийн номын сан болон Чикагогийн төв номын санд монгол ном бий.

Гэхдээ Конгрессын номын сан илүү баялаг фондтой учир судлаачид томилолт авч ирээд, шаардлагатай мэдээллээ олж аваад буцдаг. М.Саруул-Эрдэнэ шинээр ирсэн монгол номыг ангилж, нэр, зохиогч, агуулга, хэзээ, хазна хэвлэгдсэн гээд товч мэдээллийг нь Конгрессын номын сангийн системд оруулах ажил эрхэлдэг гэсэн.

“Конгрессын номын сангийн системд орно гэдэг нь тухайн ном дэлхий нийтэд баталгаажигдана гэсэн үг. Тиймээс номын сангууд шинэ номоо эхлээд Конгрессын номын санд өгч, баталгаажуулдаг. Монгол ном Герман-Слав номын тасаг дотроо орос номын хэсэгт харьяалагддаг юм. Орос номын мэргэжилтнүүд кирилл үсгээр хэвлэгдсэн монгол номын мэдээллийг хялбархан оруулчихдаг. Харин би агуулгыг нь бичиж, аль төрөлд харьяалагдах вэ гэдгийг нь шийддэг. Харин монгол бичгээр хэвлэгдсэн номын үсгийг нь ч танихгүй.

Намайг анх тус номын санд ажилд ороход ангилж, мэдээллийн санд оруулаагүй монгол бичгээр хэвлэсэн маш олон ном хураагдчихсан байсан” гэж Саруул-Эрдэнэ ярьж байна. Монгол номын мэргэжилтэн тод үсэг, кирилл, монгол бичиг, эвхмэл үсэг уншиж, галиглах шаардлагатай байдаг. Энэ чиглэлийн мэргэжил эзэмшиж байгаа оюутан бүр үүнийг чадах учир шалгуур нь тийм ч өдөр биш. Тус номын санд түүнээс өөр монгол хүн ажилладаггүй. Америкт мэргэжлээрээ ажиллах боломж хомс гэдэг. Учир нь монголчууд оюутны эсвэл жуулчлалын визээр Америкт   очдог юм. Жуулчлалын, визэнд ажиллах эрх дагалддаггүй.

Оюутнуудын хувьд зөвхөн хотхон дотроо ажиллах эрхтэй байдаг. Тиймээс энд ямар ч байр суурьтай, чадвартай байсан тэнд очоод мэргэжлээрээ ажиллах боломж олддоггүй. М. Саруул-Эрдэнэ j1 гэсэн визтэй Америкт очжээ.

Энэ нь улсын зардлаар магистрантур, докторантурт суралцах хүмүүст, эсвэл өөрийн зардлаар судалгааны ажил хийж байгаа хүмүүст олгодог. Ийм төрлийн визтэй очсон гадны иргэд зөвхөн мэргэжлийн ажлаа хийх боломжтой байдаг ажээ.

Г. Нямдорж
Эх сурвалж: “Соёмбо”