Өчигдрийг хүртэл тагнуулын ерөнхий газар шулуун гэдсэндээ алт нуун гарах гэж завдсан 13 солонгос иргэнийг “Ганц худаг”-т  хоригдож байгаа гэж тайлбарлаж байсан. Гэвч энэ мэдээлэл худал болж таарсан юм. Тэдний сүүлийн 5 нь өнгөрсөн долоо хоногт  батлан даалтанд гарчээ. Хэргийг Нийслэлийн прокурорт аль хэдийнэ шилжүүлсэн бөгөөд прокурор тайлбар өгөхөөс татгалзаж байна. 

Хэргийг нийслэлийн хяналтын прокурор Н.Сүхчулуун хянаж байгаа юм байна. Түүний хэлснээр 13 солонгос иргэн өнгөрсөн оны 10-р сарын 13-ны өдрөөс эхлэн “Ганц худаг”-т хоригдсон. Хамгийн багадаа 4 сарыг тус газарт өнгөрүүлсэн гадны иргэдийн биеийн байдал нь хэцүүдэж эхэлсэн юм байна. Ингээд хэрэг прокурорт шилжингүүт сэжигтнүүдийн өмгөөлөгчид нь хүсэлт тавьж батлан даалтанд  гаргаж аваад байгаа юм байна.

Тагнуулын ерөнхий газраас мөрдөн байцаалтыг дуусгаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн гэж байгаа. Ингэхдээ Эрүүгийн хуулийн 175-ын 3-аар зүйлчилжээ. Энэ зүйл ангид зааснаар бол Эд зүйлсийг хууль бусаар хил нэвтрүүлэхдээ онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл, түүнчлэн онц их хэмжээгээр үйлдсэн бол эд хөрөнгийг нь хурааж, 5- 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гээд заачихсан байдаг юм.

 Солонгос иргэдийн хувьд дан ганц шулуун гэдсэндээ алт нуун гарах гэж завдаагүй. Тэд баригдахынхаа өмнө нэг хэсэг алтыг хил давуулаад гаргачихсан байсан юм байна. Үүнийг нь буцаан авч ирээд Монгол банкинд тушаагаад байгаа гэсэн нэмэлт мэдээллийг хяналтын прокурор хэлсэн. Гэхдээ яг хэдэн килограммын ямар сорьцтой гэдэг нь тодорхойгүй байгаа гэлээ. 

Албан бус мэдээллээр батлан даалтанд гараад байгаа 13 солонгос энэ долоо хоногт нутаг буцахаар болсон гэж байгаа. Тодруулбал маргааш буюу  пүрэв гаригт явахаар бүх юмаа зохицуулсан гэх мэдээлэл бидэнд ирлээ.  Энэ талаар хяналтын прокурор Н.Сүхчулуунаас тодруулахад тэдний бүх бичиг баримтыг эрх бүхий байгууллага хурааж авсны дээр, хилийн боомтуудад мэдэгдсэн учир гарах боломжгүй гэсэн юм.

 Манай улсад хэрэг үйлдээд сэжиглэгдэж байх хугацаандаа батлан даалтаар гараад оргон зайлсан үйлдэл нэгээр тогтохгүй. Тухайлбал “Транс” банкны гүйцэтгэх захирал асан Новожилов өнгөрсөн оны есдүгээр сард Дорнод аймгийн Эрээнцавын боомтоор гараад явчихсан байдаг.
 
Эх сурвалж : www.sonin.mn