УИХ-ын 2012 оны сонгуулиас өмнө Монгол Улсын насанд хүрсэн бүх иргэнийг ухаалаг цахим үнэмлэхтэй болгох шийдвэрийг УИХ гаргаад буй. Тэгвэл иргэний цахим үнэмлэхийг энэ арванхоёрдугаар сарын 26-наас 2012 оны зургадугаар сарын 20-ны хооронд иргэдэд олгохоор болжээ. Үнэмлэхийг эхний ээлжид иргэн бүрт үнэ төлбөргүй олгохоор УИХ шийдвэрлээд байна. Харин хаяж үрэгдүүлбэл иргэний үнэмлэх гээгдүүлсэн тохиолдолд одоо мөрдөж байгаа тарифт заасан үнээр дахин олгох ажээ.

Ухаалаг үнэмлэхэд хувь хүний овог нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, регистрийн дугаар, хүйс, үнэмлэхийн хүчинтэй байх хугацаа, иргэний оршин суугаа газрын хаяг, иргэний гарын үсэг, үнэмлэхийн дугаар зэрэг мэдээллүүд багтах аж.  Эдгээр мэдээлэл одоогийн иргэний үнэмлэхэд ч бий. Тэгвэл шинэ цахим үнэмлэхэд тухайн иргэний хурууны хээ, үнэмлэх олгосон байгууллагын нэр, иргэний бүртгэлийн дугаар, тусгай тэмдэглэгээ зэргийг байршуулах гэнэ.
 
Эх сурвалж : www.sonin.mn