Бичлэгийн тоо 5,522
Оруулсан bataka
Олон өнгөт хаврын өдөр
Өтөл өвлийн энгэр сэмэрч
Өнгө оюу хаврын урь орохуйд
Өнчин ууль модноо зүйрмэглэж
Өвгөн уулс зэрэглээгээр хучна.
Он оны аяс сайн муугаар ээлжлэн уулсын зулайг элээж
Орчлонгийн мянган үйл, далайн давалгаа адил нэгнээ ноёлно
Түмэн үеийн түүхийн шаргал хуудас болд илдийг мохоож
Тэнгэрийн их гүрний сайн цагийн гэгээн зулыг бадамлаана
Гэгээн хавар хүмүүний сэтгэл нялхарч
Гэрээ санасан охин шиг уяхан болно.
Хаваршаад хорвоо ертөнц бүхэлдээ амилан
Хатсан модод газрын охь шимэн хөлчүүрхэнэ
Хадан дунд яргуйн дэлбээ, ишиндээ түүх өчин
Холын бэрийн дээл мэт дотно өнгө нь туяарна
Ирж яваа цагийн өнгө, аялгуу чихнээ дуурсаад
Өгөр цагаан өвс хөл ороон гуниглан хэсүүчилж
Ихэр цоохор янзага эхээ хөхөн, тойрч тоглоод
Өнгө ижил цэцэгнээ эрвээхэй эргэх мэт үзэсгэлэнтэй
Ухаа толгодын энгэрт амьд уулс зүйрмэглэж
Уураг нь эвлэх эх нь газрын тарни шившинэ.
Уулын түргэн горхи омогшин хуухирч
Сүүлчийн цасны хөлсийг арчин урсана.
Урсгал нь урсгалаа элдэн эрчлэн, үсчиж
Хүйтэн чулуун зулайг элбэн энхрийлэн аялгуулна
Хөвөрдсөн цагаан аялгуу эгшиглэсээр
Хээр унтсан, хэнзхэн унагыг сэрээхүйд
Хүлгийн тэнгэр эхээ эрин цахилсаар…
Хатаж амжаагүй туураас нь нойтон оч цацарна.
Цацарсан оч нь өдрийн од болж
Цаг нь болохоор “хүн-од” болно.
Гөлөглөсөн модод салхин бүүвэй аялан зөөлөн сэрчигнэхүйд
Гэрэлт наран зүйрмэглэж, үүлсийн сүүдэр талаар мөлхөнө
Гэлдэрч сульдсан үүлэн чөлөөгөөр гэгээн наран мишээхүйд
Голын тунгалаг усан, нарны туяаг ангасан хүн адил залгилна
Ус хүмүүнийг ундаалж
Урсах усыг нар тэтгэнэм.
Дорно, Өрнийг өртөөлөн саран авхай жаргахуйд
Долоон бурхан одод нэгэн бүсгүйд нүд ирмэнэ.
Тэртээгээс үүр хаяарах бүгээн шөнө
Тэнгэрт “Сарны сонат” эгшиглэнэ.
Хаврын хяруу аниргүй аялгуунд уяран
Хүүгээ хүлээсэн эхийн үс шиг бууралтана.
Олон өнгөт хаврын ганцхан өдөрт
Орчлон хорвоо бүхэлдээ багтана.
