Гэгээн хорвоогоос бүү уйд

 

Зогс! ...амьдралын хил ... үүнээс цааш алхах хэрэггүй,

Зовлонг туул ... туулах эрхийг бурхан чамд хайрласан

Зовлонг туулж үнэнд хүрнэ. Үнэнд хүрч гэгээрнэ

Зовлонгийн хананы цаана зол жаргал хүлээж буй!

 

Танин мэдэх ёсгүй үнэн гэж бий ...

Тааварлаж, төсөөлж болохгүй нууц гэж бий.

Тогтоосон хил ... амьдралын тойрогт үйлээн гүйцээ.

Тоглоомноос хасагдах өдөр чинь бурхан уулзана

 

Адгуусны хил, хүний хил, бурхдын хил ...

Аль аль нь заагтай, нэвтэрч болохгүй хориотой

Итгэл, сэтгэл, хайр, уур аль аль нь хилтэй,

Илүү ... дутуу алхах эрх чамд бас хориотой

 

Амьдралын хилийг бурхан бидэнд тогтоож өгсөн

Алин хэдүй наслах агшин, цаг, сар, жил хэмжээтэй

Үйлийн үрээс хугацаагүй нь бурхдын оршихуйд очихгүй

 

Үзэгдэх, эс үзэгдэх оршихуйг хутагтууд мэднэ

Үхлээс цааш оршихуйг хутагтууд мэднэ

Гэвч хил нэвтрэх гарц хаалттай, амьдар ... амьдар !

Гэгээн хорвоогоос бүү уйд, томилолтоо гүйцээ!

 

 O Dashbalbar agsan.bmp