Бичлэгийн тоо 91
Газар зүйн ялгаваргүй үнэ тарифт шилжих гэрээ, хөдөө орон нутагт интернэтийн үнийг хямдруулах баримт бичигт холбогдох албаны хүмүүс өчигдөр Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газарт гарын үсэг зурлаа. Ингэснээр харилцаа холбооны салбарт бүх төрлийн ярианы үйлчилгээ хот, хөдөө ялгалгүй адил болж, хөдөө орон нутагт интернэтийн үнэ дөрөв дахин хямдарна гэсэн үг юм.
Мөн өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тус газарт зочилж, салбарын ажил байдалтай танилцав. Ерөнхий сайд хэлэхдээ "Мэдээллийн технологийн салбар бол цаг хугацаа, газар нутгаас үл хамаарч, даяаршсан нөхцөлд үйл ажиллагаа явуулах боломж олгодог давуу талтай. Технологийн хөгжлийн энэ давуу тал болон оюунлаг чадвараа ашиглаж, эдийн засгийн өсөлтөд оролцох боломж бидэнд бий. Мэдээллийн технологийн тусгай боловсрол олгох дунд сургууль байгуулах, энэ чиглэлээр магистр, докторт сургах боломж олгох хэрэгтэй. Төрөөс технологийн салбарыг түшиглэн, мэдлэгт тулгуурласан салбар бий болгох зорилтыг дэмжинэ. Яам, агентлаг бүр 21 аймагт холбогдох мэдээллийн төв байгуулж байгаа нь үрэлгэн явдал учир бүгдийг нь нэгтгэх шаардлагатай. Мөн дэлхий нийтээр радио, телевизийг тоон технологид шилжүүлж байгаа өнөө үед бид зохион байгуулалтын арга хэмжээ авах ёстой. Төрийн мэдээллийн санг нэгдсэн журмаар бүрдүүлж, мэдээлэл, аюулгүй байдлыг хангах асуудал чухал байна. Банк санхүү, халамжийн үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг нэгдсэн системд оруулах хэрэгтэй байна гэлээ. Эцэст нь энэ газрын удирдлагуудтай холбоотой хэвлэл мэдээллээр "Шударга бус үйл ажиллагаа явуулж, нэг компанийг онцгой дэмждэг, тендерийг хуулийн дагуу явуулдаггүй" гэх зэрэг мэдээлэл гарч байгаад анхаарах хэрэгтэйг сануулсан юм.
Энэ үеэр Мэдээлэл, харилцаа холбоо технологийн газрынхан тус салбарт гарч байгаа ахиц дэвшлийг мэдээлж, хүндрэл, бэрхшээлийн талаар санал бодлоо илэрхийлж байлаа. "Монгол шуудан" компанийн захирал О.Шаалуу "Манай компани одоогоор ашигтай ажиллаж байгаа ч үйл ажиллагаагаа шинэ шатанд гаргах үүднээс шууданг цахимжуулах хэрэгтэй байна. Ховд аймгийн Дарви суманд нэг сонин хүргэхэд 224 төгрөгийн зардал гаргадаг. "Монгол шуудан" компани өөрийгөө аваад явах хөрөнгийн эс үүсвэр алга" гэсэн бол "Сити нэт" компанийн төлөөлөл хэлэхдээ "Дулааны шугам сүлжээ, зам засвар гээд дундын ажил үйлчилгээ хийж байгаа хүмүүс шилэн кабель таслах зэрэг хохирол их учруулах юм. Үүнийг хариуцах эзэн алга. Манай компани хэрэглэгчийнхээ хохирлыг зохих ёсоор барагдуулдаг. Цаашид иймэрхүү хөндлөнгийн зүйлд буруутай эзнийг олж, хариуцлага тооцдог болвол "нэргүй" хохирол багасна" гэлээ.
"Бизнесийн орчны шинэчлэлийн жил"-ийн хүрээнд Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрынхан цахим харилцааг зохицуулах, мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль батлуулах, цахим худалдаа, иргэний бүртгэл, хаягжилтийн гээд төрийн мэдээллийн нэгдсэн системтэй болохоор төлөвлөөд байгаа. Мөн тусгай зөвшөөрөл авах, цуцлах талаарх мэдээллийг ил тод байлгах, иргэдээс төрийн байгууллагад ирүүлсэн санал, гомдлыг хүлээн авах нэгдсэн системтэй болохыг зорьж байна.
Үүнээс гадна БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр 148 суманд интернэтийн сүлжээ хүргэх төсөл хэрэгжүүлээд байгаа. Үүрэн холбооны хэрэглэгч 2,1 сая болж, бүртгэлтэй интернэт хэрэглэгчийн тоо 450 мянга болжээ. Тус салбарт 400 гаруй байгууллага ажиллаж, дотоодын нийт бүтээгдэхүүний есөн хувийг бүрдүүлэх болсон. Өнгөрсөн онд гэхэд улсад 49,1 тэрбум төгрөгийн татвар төлж, долоон мянга гаруй хүнийг ажлын байраар хангаад байгаа аж. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зөөврийн компьютерээр хангах хүрээнд хөдөө орон нутгийн 7524, нийслэлийн 3337 хүүхдийг зөөврийн компьютертэй болгож, интернэтийн олон улсын хэд хэдэн гарцтай болж, үнэ нь 2-3 дахин буурсан зэрэг ахиц дэвшил, амжилтаа дүрс бичлэгээр харууллаа.