Б.Дамчаа агсан дуулсан дуугаараа үдүүлэн тэнгэрийн орноо заларлаа
Уншсан 22574 vote 0 2009.06.29 13:34:17
Б.Дамчаа агсантай мөр зэрэгцэн ажиллаж байсан урлаг, соёлын зарим хүмүүстэй уулзаж, хамтдаа дурслаа.
Гавъяат жүжигчин Д.Сосорбарам: Түүн шиг сөрөг дүрд хувилж чадах эрхэм дахин төрөхгүй
-Намайг кино урлагт хөл тавих гэж мунгинаж ядаж явахад Дамчаа агсан хэдийнэ нэрд гарчихсан, Монголын кино урлагийн тайзнаа олон сайхан дүр бүтээчихсэн тийм нэг хүрч үл болох од адил гялалзсан од байлаа шүү дээ. Тэрээр сайн жүжигчин төдийгүй сайн найруулагч байсныг хойч үеийнхэн мартах учиргүй. Түүн шиг сөрөг дүрд хувилж чадах эрхэм дахин төртлөө удна. Дүрийг эзэгнэж, дүрд хувилахын гайхамшгийг энэ хүнээс л харж авдаг байлаа. Хөндлөнгөөс харахад их зантай ихэмсэг хэрнээ тулаад наалдаад авахын цагт эцгийн бууринаас хандаж, өөрөө биечлэн үзүүлж, санаанд нь нийцвэл дал мөр алгадан урмын үг хайрладаг багш байсан юм аа. Саяхан бид сүүлчийн удаа уулзалдаж, Монголын кино урлагийг өөрчилж, чанартай болгох талаар санал бодлоо солилцож байв. Түүний эл санаа, зүтгэлийг нь Монгол кино нэгтгэлийн хамт олон, урлагийн зөвлөлийнхөн нь хийж гүйцэтгэн санаж бодож, сэдэж явсан зүйлийг нь гүйцэлдүүлэх биз ээ. Ум мааны бад ми хум.
Ц.Батсүх: Алтан үеийн жүжигчдийн нэг нь энэ хүн байлаа
-Монголын кино урлаг хөгжиж бэхжихэд энэ хүний гүйцэтгэсэн үүрэг их гэдэгтэй хэн ч маргах учиргүй. Алтан үеийн гэгдэх цөөхөн хэдэн жүжигчний нэг нь энэ хүн байлаа. Эсрэг дүрийн нэрт мастер шүү дээ. Эсрэг дүр гэгч кинонд ямар их үүрэгтэй байдаг, киног илүү хурцалж, үзэгчдийг байлдан дагуулдаг болохыг тэрбээр үйл хөдлөл, зан араншингаараа гайхамшигтай харуулж чаддаг байсныг бид үеийн үед санасаар байх болно. Мандухай сэцэн хатан киноны Исмайл тайж бол дэлхийд мөрөө үлдээх эсрэг дүр билээ. Үүгээрээ тэрбээр хэр чадалтай жүжигчин бэ гэдгээ жинхэнэ утгаар нь харуулж чадсан. Молом занги байна. Энэ бүхэн Монголын ард түмний сэтгэл зүрхэнд орон зайгаа эзэгнэн мөнхөд дурсагдах учиртай.
н.Ганбаяр: Өвгөн буурал ахаа бид мартахгүй
/”Хурд” хамтлагийн дуучин/
- Б.Дамчаа ахын хоолойн өнгө, чадал үнэхээр гайхамшигтай шүү. Тэрбээр дэлгэцний урлагт мөнхлөн үлдээсэн олон сайхан дүр шигээ дууны урлагт өөрийн зам мөрийг тодоос тод үлдээсэн хүн. “Дайсны цэргүүд ээ, сонсоцгоо”, “Эх орон”, ”Цэнгэлтэй үдэш” дууг нь түүн шиг дуулах хүн ховор. Хамтран ажиллахад “Ах нь чадах болов уу, залуус та нар л дэмжээд өгвөл” хэмээн нэрэлхэх мөртөө ямар ч дуучнаас илүү өнгө гарган, биднээр дэмжүүлэх бус харин биднийг аваад явах шахдаг өвгөн буурал ахаа бид мартахгүй.
Ч.Чулуун