Монгол оронд уламжлал, ёс заншил ярьж, хаа сайгүй мэдлэг боловсролоос хол мухар сүсэг, бөө, далд ухамсар ярьсан хүмүүс олширчээ. Үе улиран төр барьдаг сонин ёс заншил тогтлоо. Хүсэн хүлээсэн ардчилал биш харин устган хаясан феодализм сэргэж байна. Уламжлалт баярууд өнөө цагийн бизнес болон хувирчээ. Ноёны бөх түрүүлж, ноёны морь түрүүлдэг байсан үе дахин эргэн ирж улсын наадам ардын морь түрүүлэхээ байжээ. Одоо бараг уралдахаа ч байж.
Өнөөдөр морь уралдуулах болон бөх барилдуулаад л, араас нь сонгуульдаад л, төрд сууж байна. Ийм л аргаар төр лүү авирцгаана. Наадам бол хөдөөгийнхний сэтгэлийг татаж, саналыг авах хамгийн үр бүтээмжтэй арга ажээ.
Тиймээс энэхүү шалгарсан аргыг өнөөдөр олон улс төрчид ашиглаж байна. Ерөөсөө хөдөө орон нутгаас сонгогдож байгаа хүмүүс бүгд л наадам хийж, бөх барилдуулж, уяачидтай нь сүлбэлдэж байна. Аймаг сумынх нь наадмын морь, бөхийг хангалттай шагначихсан байхад тэр хүний тухай аймаг хотлоороо ярина. Энэ бол сонгуулийн хамгийн үр бүтээлтэй сурталчилгаа. Үүний гарамгай ашигласан хүмүүс бол Дундговиос сонгогдсон Б.Наранхүү, Өмнөговиос сонгогдсон Ажнай Д.Бат-Эрдэнэ. Сүхбаатараас сонгогдож байсан Улаан, Буд болон бусад уяач-гишүүд.
Аймаг бүрийн уяачдын холбоо цаашлаад бөхийн холбоог нь барьчихсан байхад тухайн аймгаас сонгогдохдоо л нэг сонгогдоно. Яагаад гэвэл монголчууд тэр дундаа хөдөөгийнхөн морь бөхдөө нугасгүй шүү дээ. Наадмынх нь түрүү морийг байлчихсан байхад тухайн хүнийг ёстой нэг аймаг даяар л ярина. Яагаад вэ гэвэл аймгийнхан наадмынхаа тухай жил тойрон ярина шүү дээ.
УИХ-д сонгогдсоныхоо дараа уяачиддаа “манлай уяач”, “алдарт уяач” цаашлаад хөдөлмөрийн баатар гэсэн цолуудыг аваад өгчихнө. Дараагийн сонгуульд хэрэгтэй. Ийм л маягаар тэд ажилладаг. Энэ бол тэдний бизнес. Тэгэхэд хөдөө орон нутгаас сонгогдож байгаа гишүүдийн найдвартай хамтрагчид бол уяачид ажээ.
Харин ард түмэн бол мартагдана. Хотод очиж суучихаад хөдөө орон нутгйинхны амьдралыг ярьж байгаа нь ямарч амьдралгүй.
Миеэгомын Энхболд Төв аймгаас зоолттой гардаг нь үүнтэй холбоотой. Увсынхан Ц.Нямдоржийгоо үргэлж сонгодог нь тэдний бөхийг энэ хүн барьсантай холбоотой.
Гэхдээ 2012 оны сонгуулиас харж байхад төрөөс төрсөн тэрбумтнууд аймаг, тойргоо худалдаад авчихдаг болжээ. Нэг аймаг 30-40 мянган өрхтэй. Энэ бүхнийг тооцоолоод тэд хэдэн ч тэрбум төгрөг зарцуулах хөрөнгөтэй болчихсон нь харагдаж байна. Товчхондоо аймаг бүр эзэнтэй болжээ. Феодализмын үеийн хошуу ноёдууд шиг орчин цагийн "хошуу ноёдууд" төрцгөөжээ.
Өнөөдөр Дорнод аймаг МАК-ийн Н.Номтойбаярынх, Сүхбаатар аймаг Бодийн М.Зоригт, Дундговь аймаг Мон-Ураны Б.Наранхүү, Өмнөговь аймаг Ажнайн Д.Бат-Эрдэнэ, Баянхонгор аймаг Женко Х.Баттулга, Хөвсгөл аймаг МСS-ийн Л.Энх-Амгалан, Сэлэнгэ аймгийн С.Баярцогт байсан одоо бол засаг дарга байсан Ж.Эрдэнэбат гэх нөхөр ёстой Жа Лам шиг аашилж байна.
Энэ мэтээр бүхэл бүтэн нэг аймгийг худалдан авч төрд гарах гишгүүрээ хийж байна. Цаашлаад Увс аймаг Хурд Б.Чойжилсүрэн, Завхан аймаг Отгонтэнгэр их сургуулийн Д.Оюунхорол, Хэнтий аймаг Аварга ДС-ийн Б.Бат-Эрдэнэ, Орхон аймаг Отгонбилэгийн Содбилэг, Архангай аймаг Фортуна Н.Батбаяр, Өвөрхангай аймаг АПУ-ийн Г.Батхүү, Говь-Алтай аймаг Монгол Тамхи Со-ийн Ц.Дашдорж, Ховд аймаг Нью-Прогрессын С.Бямбацогт гэх мэт “орчин цагийн Жа Ламууд”-тай болжээ. Энэ хүмүүс дахин дахин сонгогдсоор л байна.
Хэрэв 2016 онд сонгууль болвол өрсөлдөх ч хэрэггүй. Яагаад гэвэл тэд зоолттой гарна. Өнөөдөр аймгууд нэг компани, нэг гэр бүл, нэг намын “өмч” болжээ. Тэд бүгдийг хянахыг хүсэж байна. Тэд бүгдийг зарцлахыг хүсэж байна. Тэдний дараа үр хүүхэд, хамаатан садан нь үе залгамжилна. Феодализмын нэг нэгнийгээ дарлах бурангуй ёс сэргэж байна. Үүнийг таслан зогсоох цаг болжээ.
Улаанбаатараас хэн юм бол