Монголын театр, кино урлагийн алтан үеийнхэн маань намрын сүүлчийн навчис шиг нэг нэгээр цөөрсөөр л байна. Хаврын хавсраганд нүдүүлж, халуун зуны наранд шаруулж, аянгад гялбуулж, аадарт шүршүүлж байхдаа унаж, ойчоогүй хэрнээ намрын тогтуухан өдөр навчис өөрөө сэм сэмхэн унаж л байдаг. Дорнын их найрагч Б.Явуухулан нэгэнтээ
“Санаадгүй байхад минь
Санчиганд маань буурал сууж байлаа
Салхигүй байхад
Шарласан навч унаж байлаа” хэмээн бичсэн нь бий.
Үүн лугаа адил Монголын театр, киноны алтан үеийн нэгэн төлөөлөгч, Ардын жүжигчин Банзарын Дамчаа таалал төгслөө гэсэн мэдээ өвгөн жүжигчнийг өрөвдөж хайрласан, үнэлж хүндэтгэсэн сэтгэлээр бялхаж монгол даяар түглээ. Саяхан болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр олон нийтийн өмнө өнөөх л төлөв даруу төрхөөрөө алхаж явсан түүнийг ийм амархан өөд болчих юм гэж хэн саналаа. Хэдэн жилийн өмнө ОХУ-ын Ардын жүжигчин Б.Леоновыг нас барахад Ерөнхийлөгч В.Путин “Оросын ард түмний аугаа их жүжигчин нас барлаа” хэмээн орон даяар зарлаж, эмгэнэн гашуудаж байж билээ. Үүн лугаа хүндэтгэлийг Монголын төр Ардын жүжигчин Б.Дамчаа агсанд зориулахад ахдахгүй. Тэр бол зөвхөн авъяас билэгт жүжигчин байгаад зогсоогүй ардчилал, хүний эрхийн төлөө тэмцэгч нийгмийн зүтгэлтэн байсан билээ.
Залуу идэр насандаа театр, кинондоо хамаг бүхнээ зориулж явсан тэрбээр өтөл буурал насандаа их хотын утаа униараас холдож, их бичгийн ажлаа эрхлэхээр Био комбинат хэмээх жижигхэн сууринд тухласан юм. Харамсалтай нь, түүнд тухлан сууж, туурвин бичих боломж бараг гарсангүй. Эргэн тойрных нь хүмүүст элдэв зовлон бэрхшээл тулгарч, тэр бүхний учрыг олж, хужрыг тунгааж өгнө үү хэмээн арай дөнгүүр нэр хүндтэй, олны танил учраас Б.Дамчаа агснаас энгийн номхон иргэд учирлаж гуйх болжээ.
Бусдын төлөө явна гэдэг буянт сайн үйл тул ном журмынх нь дагуу, шат дамжлагаар нь хөөцөлдөж, цөөн хүнд ч гэсэн тус болъё гэж тэр зүтгэсэн боловч хороо хорины даргаасаа эхлээд эсэргүүцэлтэй тулгарч, төрийн машины хүнд суртлын өмнө хүчин мөхөсдөж эхэлжээ. Тэр ч бүү хэл байшин сав нь хүртэл хөхөө өвлийн хүйтнээр хөлдөж, эсгий гутал, үстэй дээлтэй өвөлжихөд хүрч байлаа. Аргаа бараад хотын захиргаа, иргэдийн хуралд хандсан боловч тодорхой арга хэмжээ авсангүй.
Тэрээр Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах ёстой гэсэн Үндсэн хуулийн заалтыг баримтлан Хүний эрхийн Үндэсний комисс, Эмнести интернейшнл зэрэг гадаад дотоодын байгууллагуудад хандан гомдол гаргаж байв. Сүүлдээ тэмцлийн хурц хэлбэрт шилжин өлсгөлөн хүртэл зарлан байж “мартагдсан хороолол”-ынхны ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлж байсан удаатай. Үүнийг нь Эмнести интернейшнл олон улсын байгууллагаас эрх ашгийнхаа төлөө тэмцэж байгаа иргэний хөдөлгөөний сайн жишээнд хүртэл оруулж тайлан илтгэлдээ дурдаж байв.
Аливаа хүн алдар хүнд, гавъяа шагнал хүртэх нэг хэрэг, харин аюулгүй, эрүүл орчинд амьдрана гэдэг өөр хэрэг гэдгийг Б.Дамчаа агсан өөрийн биеэр мэдэрсэн билээ. Алдарт жүжигчин Б.Леоновын тоглосон “Шагнал” хэмээх гайхамшигт киног манай үзэгчид андахгүй. Тэр кинонд Б.Леонов шударга гүндүүгүй эр хүний дүрийг гайхамшигтай сайхан бүтээсэн. Үнэндээ тэр гүндүүгүй сайхан эр бол Б.Дамчаа гуай л байсан гэлтэй. Хэдийгээр Б.Дамчаа агсны театр, кинонд бүтээсэн дүрүүд нь ихэвчлэн туслах шинжтэй, эсрэг баатрын дүрүүд байсан ч гол баатраа маш сайн тодотгосон том дүрүүд байсан гэж мэргэжилтнүүд үнэлдэг. Тэрбээр кинонд бүтээсэн эсрэг баатрын “нүгэл”-ээ аргил сайхан хоолойгоороо дуулсан олон сайн дуугаараа цайруулсан билээ. “Цэнгэлтэй үдэш”, “Дайсны цэргүүдээ, сонсоцгоо” киноны дуу, “Хурд” хамтлагтай дуулсан “Эх орон” гээд манай ард түмний зүрх сэтгэлд шингэсэн гайхамшигт сайхан дууг дахиад Б.Дамчаа агсан дуулахгүй. Гэвч дэлгэцийн алтан сангаас Молом занги, Хавчиг Луузан, Исмайл тайж үеийн үед “Санаа муут яван хатна шүү, сайн санаж яваарай. Эрх чөлөө, тусгаар тогтнол хямд үнээр олдоогүй юм шүү” хэмээн монголчуудад сануулан мэндчилсээр байх болно. Радиогийн алтан фондноос өнөөх л аргил хоолойгоороо үзэсгэлэнт сайхан монгол эх орноо магтаж, өнгөрсөн дайны гашуун сургамжийг сануулсаар байх болно.
“Ардчилсан ерөнхийлөгчтэй анхны өглөө”-г баяр хөөртэйгээр угтсан Монголын мянга мянган жирийн иргэн нь Б.Дамчаа агсан байсан нь гарцаагүй. Энэ өдрийг үзэх гэж "үхэх завгүй” хүлээсэн цөөн азтаны нэг нь яах аргагүй Б.Дамчаа гуай билээ. Одоо тэрбээр сэтгэл амар тэнгэрийн орондоо заларлаа. Одоо Ардчилсан Монголын Ерөнхиийлөгч аугаа их жүжигчиндээ сүүлчийн удаа өндөр хүндэтгэл үзүүлэх л үлдлээ.
Г.Энхбаатар