Бичлэгийн тоо 91
Монгол Улс хуучин ЗХУ-д төлөх учиртай өрөө 2003-2004 оны зааг дээр тэглэсэн эсэх маргаан сүүлийн өдрүүдэд манай олон нийтийн анхаарлын төвд байв. Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев уг эргэлзээг тайлж, ийм хариулт өгөв. Дэлхийн томоохон гүрнүүдийн нэг, бас манай улсын үүрдийн хөрш ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан ёсны айлчлал өчигдөр эхэлсэн юм. 12.00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардсан түүнийг 30 минутын дараа Сүхбаатарын талбай дээр манай улсын Төрийн тэргүүн Ц.Элбэгдорж угтан авах хөтөлбөртэй байлаа. Д.Медведев цагаа тун ч сайн барив. 12.30 цагт түүний хөлөглөсөн хар лимузин төв талбайн голд ирж зогссон юм. Нуруугаар манай Ерөнхийлөгчөөс нэг их өндөргүй, туранхайвтар, богино, улаан шаргал үстэй аж. Уламжлал ёсоор ОХУ-ын Ерөнхийлөгчид хүндэт харуулууд ёсолж, хоёр орны Төрийн дуулал эгшиглэсний дараа тэрбээр Чингис хааны хөшөөнд мэхийснээр бичиг баримтад гарын үсэг зурах, хэлэлцээ хийх ажил эхэллээ. Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тунхагт гарын үсэг зурав Манай улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев нар албан ёсны хэлэлцээ хийсний дараа нийт таван баримт бичигт гарын үсэг зурсан юм. ОХУ-ын Төрийн тэргүүн айлчлалын гол зорилгоо биелүүлж чаджээ. Хоёр орны төмөр замын, сонгуулийн байгууллагуудын хооронд хамтран ажиллах гэрээнд холбогдох дарга нар нь гарын үсэг зурсан. Хамгийн гол гэж хэлж болох баримт бичгүүдийг эцэст нь үзэглэв. Энэ нь “Дорнод Уран” ХХК байгуулах тухай хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээр байлаа. Эцэст нь хоёр орны хооронд стратегийн түншлэл хөгжүүлэх тухай тунхагийг Төрийн тэргүүн нар баталгаажуулсан. Тэдэнд хамгийн их ашигтай гэж буй эдгээр баримт бичгийн үр дүн манайд хэрхэн нөлөөлөх бол гэсэн асуулт гарна. Тэгвэл стратегийн түншлэл бий болсноор манайд “Олон боломж нээгдэнэ” гэсэн ерөнхийдүү хариултыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өгч байна. Ялангуяа “Эрдэнэт” үйлдвэр, төмөр замын салбарт үр ашгаа өгөх гэнэ. Уул уурхайн салбарыг маань сонирхож, тэр ч зорилгоороо төмөр замын байгууллагад оросууд дэмжлэг үзүүлж буй аж. Цууриатдаг танхим сонсгол шалгав Сэтгүүлчдийн хувьд хамгийн чухал, бас мэдээлэл олж авах гол боломж болдог хэвлэлийн бага хурал болов. Хоёр улсын сэтгүүлч тус бүрт нэг л асуулт тавих эрх олгожээ. Гэвч Төрийн ёслол хүндэтгэлийн хэмээх цууриа ихтэй танхимд хүний хэлснийг сонсоход бэрх байв. Буриад орчуулагч амандаа шулганаад, өнөөхийг нь цуурайтдаг танхим талын нэг “тараагаад” байлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хоёр орны удирдагчдын ойр дотно, итгэмжилсэн харилцаа хамтын ажиллагаанд их чухал” хэмээн онцолсон юм. Тэд албан ёсны хэлэлцээрийнхээ үеэр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, мэдээж ашиг сонирхолдоо нийцсэн санал, хэлэлцээрүүдийн талаар ярилцсан байна. Мөн бүс нутгийн болон олон улсын асуудлаар саналаа солилцжээ. Стратегийн түншлэлийг улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт түлхүү хөгжүүлэх гэнэ. “Бид стратегийн түншлэлийг хөгжүүлэх өнөөгийн зорилттой уялдуулан Монгол, Оросын худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны шинэ хөтөлбөрийг боловсруулж байгуулахаар тохиролцлоо. Мөн хоёр улсын худалдаа, хамтын ажиллагааны ихээхэн хэсэг ногддог хил орчмын болон бүс нутгийн хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэх үүндээс хамгийн тааламжтай эрхзүй, худалдаа-эдийн засгийн болон бусад орчныг бий болгох тодорхой төлөвлөгөө боловсруулахаар тохиролцлоо” гэж тэрбээр хэлэв. ОХУ-ын Ерөнхийлөгч стратегийн түншлэл, ураны салбарт хамтран ажиллан тухай баримт бичгүүдийн ач холбогдлыг илүү онцолсон. Тэрбээр “Өнөөдөр гарын үсэг зурсан баримт бичгүүд ажил хэрэг болно гэдэгт би бүрэн итгэлтэй байна. “Эрдэнэт”,” Монросцветмет” гэх мэт сайн хэрэгжиж байгаа уламжлалт төслөөс гадна цоо шинэ төслүүд, тухайлбал ураны салбарт хамтран ажиллах чиглэлээр баримт бичигт гарын үсэг зурсан. Мөн хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагаа чухал. Өнөөдөр энэ бүсэд хийж буй худалдаа, манай хоёр орны нийт худалдаа эргэлтийн 70 хувийг эзэлж байгаа юм” гэв. Түүнчлэн Д.Медведев манай Ерөнхийлөгчийг өөрийн оронд айлчлахыг урьж байгаагаа мэдэгдсэн юм. ММ агентлаг: Манай улс Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн учир Монголд бизнес эрхэлдэг ОХУ-ын бизнесмэнүүд нааштай боломж эдэлдэг. Гэтэл ОХУ уг байгууллагын гишүүн биш учир тус улсад үйл ажиллагаа явуулдаг монголчууд хаана ч байхгүй өндөр буюу 50-70 хувийн татвар төлж байна. Энэ тарифыг бууруулах талаар ямар арга хэмжээ авч байна вэ. Мөн их өрийг тэглэсэн эсэх маргаанд тайлбар өгөөч. Нэг л асуулт тавих эрх өгсөн ч сэтгүүлч бүсгүй боломжоо ашиглаад нэг амьсгаагаар “хориотой” асуултыг тавьж орхисон аж. Учир нь их өрийн талаар асууж болохгүй хэмээн манайхан чиглэл өгсөн юм байна. Ц.Элбэгдорж: Тарифтай холбоотой асуудал хөндсөн. Хэлэлцээ хийж байгаа, удахгүй үр дүн гарна гэж найдаж байна. 2003 онд хоёр орны Ерөнхий сайд их өрийн асуудалд гарын үсэг зурсан. Энэ асуудлыг ойрын хугацаанд шийдэх шаардлагатай. Тиймээс хурдан шийдэх талаар холбогдох яамдад чиглэл өгсөн. Д.А.Медведев: Худалдааны эргэлтийн тухайд Монголын талын байр суурийг ойлгож байгаа. Монголын барааг Оросын зах зээлд нийлүүлэх нь хэн хэндээ ашигтай гэдэг нь ойлгомжтой. Бид энэ асуудлыг зохицуулахын төлөө байна. Үүнийг шийдэхэд манай улс Дэлхийн Худалдааны байгууллагын гишүүн биш нь хамаагүй гэж бодож байна. 2003 онд гарын үсэг зурахдаа өрийн 98 хувийг тэглэсэн. Одоо жижиг асуудлууд үлдсэн байгаа. Стратегийн түншлэлийг хөгжүүлэхийн тулд энэ асуудлыг шийдэх нь чухал. “Известия” сонин: Стратегийн түншлэлийн тунхаглалд гарын үсэг зурлаа. Улс төрийн болон эдийн засгийн талбарт Монголын болон Оросын талууд давуу талаа чухам юу гэж тодорхойлох вэ? Ц.Элбэгдорж: Бид бол түүхэн онцгой харилцаатай улс. Дипломат харилцаа тогтоосныхоо 90 жилийн ойг 2011 онд тэмдэглэх гэж байна. Энэ хугацаанд Орос улс Монголын хөгжилд чухал хувь нэмрээ оруулж ирсэн гэдгийг онцгой тэмдэглэж хэлмээр байна. Бидний харилцааны түүх бол ард түмний маань хүч хөдөлмөр, хөлс цусаар гагнагдсан найрамдлын түүх юм. Үүний илрэл болсон олон бүтээн байгуулалт манай улсад бий. Өнөөдрийн бидний зурсан баримт бичгүүд эдийн засгийн салбарт олон боломжийг нээнэ гэж найдаж байна. Үүнд бид дэд бүтцийн салбарыг, төмөр замыг тухайлан дурдмаар байна. Ураны болон цэрэг техникийн салбарын хамтын ажиллагааны гэрээнүүд ч бидэнд шинэ шинэ боломжийг нээнэ гэдэгт итгэж байна. Д.А.Медведев: Би Эрхэм Ерөнхийлөгчийн хэлсэнтэй санал нэг байна. Ямар улстай хамтрахыг сонгох нь тухайн улсын өөрийнх нь эрхийн асуудал байдаг. Гэвч бид түүхийг мартаж бас өөрчилж болохгүй. Манай хоёр орны харилцаа мянган жилийн түүхтэй. Хэлэлцээрүүд цаашдын хөгжилд чухал нөлөө үзүүлнэ гэв Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр өчигдөр Их тэнгэр цогцолборын Маршал харшид манай улсад төрийн айлчлал хийж байгаа ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевт бараалхлаа. Энэ айлчлал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд С.Баяр талархал илэрхийлсэн байна. Мөн Зөвлөлтийн цэрэг, дайчдын эр зориг, баатарлаг үйлсийг монголчууд өндрөөр үнэлдэг бөгөөд Ерөнхийлөгч Д.Медведев Халхын голын түүхт ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор ирсэн нь ихээхэн ач холбогдол өгч буйн илрэл гэдгийг онцолжээ. Ерөнхийлөгч Д.Медведевийн айлчлалын үеэр талууд олон чухал баримт бичигт, тэр дундаа төмөр замын байгууллага хооронд хамтрах, хамтарсан “Дорнод уран” компани байгуулах болон Стратегийн дэмжлэг үзүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурсан нь хоёр орны цаашдын хөгжил, дэвшилд ихээхэн хувь нэмэр оруулах онцлох үйл явдал гэж Ерөнхий сайд С.Баяр тэмдэглэлээ. Мөн Ерөнхий сайд С.Баяр, ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев нар хоёр улсын худалдааны эргэлт, цөмийн эрчим хүч, ашигт малтмал, уул уурхай, нефтийн бүтээгдэхүүн, төмөр зам, хөдөө аж ахуй, боловсролын салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев айлчлалынхаа хүрээнд Г.В.Плехановын нэрэмжит академийн орос хэлний төвийн нээлтэд оролцон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хамт Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлж, Халх голын байлдааны ялалтын 70 жилийн ойн баярын хурал, концерт үзэхээс гадна Монгол-Оросын хамтарсан “Дархан II” хээрийн сургуулийн явцтай танилцах юм. |
С.ТУУЛ
herev orosuud or mor geed olon ium yriad omnoh geree huchingui gevel bid ch gesen omnoh geree heleltseeruud huchingui geed baigal orchimiin gazraa butsaaj avna shdee kkk