Өнөөдөр өглөө болсон Засгийн газрын хуралдааны үеэр Монгол улсын Ерөнхий сайд С.Баяр ажлаа өгөх хүсэлтийг өөрийн биеэр гаргалаа. Энэ нь өнгөрсөн долоо хоногт хэвлэлийнхэний анхаарлын төвд байсан Засгийн газар огцрох эсэх тухай асуудлын тайлал болж байна. Албаны эх сурвалжийн мэдээллээр Ерөнхий сайдын ийм шийдвэр гаргах болсон шалтгаан нь түүний эрүүл мэндтэй холбоотой аж. Түүний энэ саналыг намын Удирдах зөвлөл хэлэлцээд дэмжих шийдвэр гаргасан байна.
МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх “Ерөнхий сайд эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаа хүлээлгэн өгөх шийдвэр гаргасан. Үүнийг Удирдах зөвлөл хэлэлцээд саналыг нь хүлээж авахаар боллоо. Одоо УИХ-ын даргад шийдвэрээ өргөн барина. Ирэх 28-ны өдөр Бага хурал хуралдах тов гарсан” гэж мэдээлэв.
Ерөнхий сайдын өнөөдөр өглөө хийсэн мэдэгдэлтэй холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцэхээр МАХН-ын удирдах зөвлөл хуралдлаа. Хурлаар юуны түрүүнд Засгийн газар огцрох болон дараагийн Ерөнхий сайд хэн болох эсэх асуудлыг хэлэлцсэн бөгөөд 28-ны өдөр болох намын бага хурлаар эцсийн шийдвэр гарах юм байна.
Дараагийн Ерөнхий сайд болох магадлалтай хүмүүсийн тоонд Сү.Батболд, Н.Энхболд, Д.Зоригт нар яригдаж байна. Хамтарсан засгийн газар ийнхүү огцрох нь тодорхой болж, дараагийн засгийн газрыг МАХН дангаараа байгуулах боломж нээгдэж байна.
,,,,,,,