
“Улаанбаатар хотын Баруун, Зүүн дөрвөн замын хооронд метро газар доогуур, бусад хэсэгт ил явбал зохимжтой юм байна” гэж ЖАЙКА байгууллагын төслийн удирдагч Нагая өчигдөр нийслэлийн Засаг даргад танилцууллаа. Тэрбээр хотын төв хэсэгт газар доогуур метроны зам тавин, тэндээ үйлчилгээний цогцолбор байгуулахаар төсөлдөө тусгажээ. “Метро барих ажлыг төр нуруундаа үүрэх хэрэггүй. Төсвийн хөрөнгөөр зам тавьж, үйлчилгээний цогцолбор бариад түү нийгээ хувийн хэвшлийнхэнд түрээслүүлэх нь дээр” гэж тэрбээр зөвлөв.
ЖАЙКАгийнхны тооцоогоор бол метрогоор нэг цаг тутамд 20 мянгаас олон зорчигч үйлчлүүлж байвал ашигтай ажиллах юм байна. Бэлтгэлээ 2013 он хүртэл хангаад, дараа жилээс нь дэд бүтцээ тавьж эхлэх шаардлагатай. Ингэвэл 2020 он гэхэд Улаанбаатар хот метротой болох нь. Харин Италийн ItalFERR, SALCEF, Salini Costruttori, Ancalso STS группийн төлөөлөгчид арай өөр судалгаа хийжээ. Тэд Монголын нийслэлийн нийтийн тээврийг хямд зардлаар, иж бүрэн шинэчлэх төсөл санал болголоо. Түүндээ баруунаас зүүн тийш хэвтээ тэнхлэгт метро, хотын төв хэсэгт төмөр замд түшиглэсэн трам хэмээх тээвэр, автобусыг тусгай замтай болгох зэргийг тусгажээ.
Ингэхдээ одоо байгаа дэд бүтцийг ашиглах аж. Хот дундуурх төмөр замын шугамыг өргөтгөж, Улаанбаатарыг 3-5 жи лийн дараа метротой болгох боломжтой гэж тэд үзэж байв. Энэ нь манай нийслэлийн нийтийн тээврийг сайжруулах тав дахь судалгаа юм. Тэдгээрээс хамгийн оновчтойг нь сонгож хэрэгжүүлэх юм байна.