“Майкрософттой
хамтран ажиллах нь” сэдэвт семинар өчигдөр БСШУЯ-нд боллоо. Мэдээллийн
технологийн чиглэлээр дэлхийд тэргүүлдэг тус компани боловсролын салбарт
амжилттай хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, шийдлүүдээ манай яамны удирдлага,
их, дээд болон дунд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв,
төсөл хөтөлбөрүүдийн төлөөлөгчдөд танилцуулав. Тэд Монголын боловсролын
салбарт хэрэгжүүлж болох хэд хэдэн хөтөлбөрийг санал болгосон. Үүний нэг
“Microsoft Partners in Learning” хөтөлбөр нь технологийг сургалтад
бүтээлчээр ашиглахад чиглэсэн багшийг хөгжүүлэх зорилготой юм.
Харин IT
академи буюу мэдээллийн технологийн академи хөтөлбөр нь багш,
оюутнуудад зориулсан аж. Өөрөөр хэлбэл сургалтын материал, хичээлийн
танхим ба лабораторид ашиглахад зориулсан программ хангамж, үе шаттай
цахим сургалтын хөтөлбөр юм. Мөн “Dream spark” нь Майкрософтын дизайны
хэрэгслүүдийг оюутнууд үнэ төлбөргүй татан авч, техник, дизайн,
технологи, математик, шинжлэх ухаан, инженерийн мэдлэг ур чадвараа
хөгжүүлэхэд туслах хөтөлбөр юм байна. “Мэдээллийн технологийн хөгжлийн
хамгийн орчин үеийн шийдлийг ашиглах хүсэл манай бүх шатны боловсролын
байгууллагад бий. Эхний удаа Майкрософтын олон улсад боловсролын
чиглэлээр хэрэгжүүлдэг бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцлаа. Цаашид
хэрхэн хамтарч ажиллах тухайгаа ярилцана” хэмээн БСШУЯны Мэдээлэл,
хяналт, шинжилгээ үнэлгээний газрын дарга А.Цолмон ярив.