
Жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-нд Улс тунхагласны баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан болдог билээ. Цагаан сарын барилдааны дараа орохуйц чансаатай тус барилдаанд 128 бөх зодоглодог байсан бол энэ жилээс МҮБХ-ны санаачилгаар хоёр дахин их буюу 256 бөх барилдахаар болжээ. Уг барилдаан нь анх 1984 онд болоход дархан аварга Х.Баянмөнх түрүүлж, аварга Д.Хадбаатар арслан цолтойдоо үзүүрлэж байжээ. Түүнээс хойш таван жил завсарлаад 1990 оноос өнөөг хүртэл тасралтгүй явагдаж байгаа юм.
Харин
уржнан жил томуугийн улмаас нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион
байгуулахыг хориглосон тул болоогүй аж. Улс тунхагласны ойн барилдаанд
дархан аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн олон буюу зургаан удаа түрүүлсэн бол
Г.Өсөхбаяр гурав, Д.Сумъяабазар, И.Доржсамбуу нар тус бүр хоёр удаа
түрүүлж байжээ. Дашрамд сонирхуулахад, энэ жилийн барилдаан ирэх бямба
гаригийн 14.00 цагаас Монгол бөхийн өргөөнд эхлэнэ.