Бүсгүйчүүд биднийг гоо сайхан, нүүр будгийн хэрэгсэлгүйгээр төсөөлөхийн аргагүй. Өдөр тутмын амьдралдаа нүүрээ будаж, үсээ янзлан, хумсаа будах нь энгийн л нэг үзэгдэл.
Тэгвэл үзэсгэлэнт бүсгүй танд байнгын хэрэглэдэг бүтээгдэхүүн болон гоо сайхандаа тун хялбараар анхаарал тавих хэдэн аргыг санал болгож байна. Туршаад үзээрэй.
1.Дэрвэгэр сормуус ба халбага
Сормуус будах үед нүдний дээд зовхи "давхар будагдах" тохиолдол их гардаг. Үүнээс зайлсхийхийн тулд будах үедээ зовхин дээрээ халбага нааж барьж байгаад үзээрэй. Үр дүн нь цэвэрхэн зовхи, дэрвэгэр сормуус.
2. Гялалзсан саатай хумс
Хумсандаа маникюр хийлгэсэн мэт гэрийн нөхцөлд гялалзсан саатай, гоёмсог хумстай болохын тулд танд өнгөгүй лак, саа байхад л хангалттай. Эхлээд өнгөгүй лакаар хумсаа будна. Дараагаар нь өөрийн хүссэн өнгийн саагаа цацаж өгнө.
3. Хуурайшсан уруулаа эмчилье
Хатаж хуурайшсан урууланд маш энгийн аргаар чийгшил өгөх нэгэн арга байдаг байна. Энэ бол нэг пакет байхуу цайг халуун бүлээн усанд дүрж байгаад уруулаа шавших.
4. Толигор, эрүүл хумстай болъё
Гадны нөлөөнөөс болоод хумс амархан өнгөө алдаж, хугарч гэмтэх нь ихэсдэг. Энэ үед та бүлээн усанд нэг цайны халбага нимбэгийн шүүс хийн хумсаа дүрж иллэг хийгээрэй. Мөн таны гарын арьсанд ч сайнаар нөлөөлнө.
5. Тараг ба толбо
Таны нүүрэнд гарсан нөсөө толбо зэрэгт өтгөн тараг гойд нөлөө үзүүлдэг гэнэ. Тарганд агуулагдах амин хүчлүүд нь таны арьсыг тэтгэж, элдэв толбыг багасгана.
6. Хумсны будаг хатчихлаа?
Хэрэглэж эхлээд удаагүй байхдаа л дутуу тагласнаас болоод ч юм уу гадны нөлөөллөөр дурлаж авсан хумсны будаг маань хатах тохиолдол гарч л байдаг. Нэгэнтээ будаж болохоосоо өнгөрсөн гээд хаях гэж байна уу? Түр хүлээгээрэй. Хаях гэж буй будгаа буцалж буй усанд хоёр минут хийгээд аваарай. Үүний дараагаар таны будаг шинэ мэт л болно.
И.МӨНХЦЭНГЭЛ