Өнгөрсөн сарын 16-нд Өмнөд Солонгосын баруун өмнөд эрэг орчимд Инчионоос гараад Чежү арал дээр очих ёстой байсан аяллын “Sewol” усан онгоц осолдсон харамсалтай хэрэг гарсан.
“Sewol” усан онгоцыг хад мөргөж, живсэн хэмээн үзэж байсан бол энэ дүгнэлт өөрчлөгдсөн байна.
Ингэхдээ усан онгоцны осолдох болсон нь ачааны даац хэтрүүлсэнтэй холбоотой гэж хэргийг мөрдөн шалгаж байгаа цагдаа, прокурорын хамтарсан баг мэдэгдлээ.
“Sewol” хөлгийг эзэмшигч “Cheonghaejin Marine” компанийн дөрвөн ажилтанд ял оноохоор шийдвэрлэсэн байна. Хөлөгт стандартад зааснаас хоёр дахин их ачаа тээвэрлэж явжээ. Түүнчлэн зөөвөрлөсөн ачаагаа сайтар бэхлээгүй нь усан онгоц хөмрөгдөхөд нөлөөлсөн хэмээн ахлах прокурор Ян Жүн Жин мэдэгдсэн байна. “Бэхэлгээний хэрэгсэлд ачааг хөдөлгөөнгүй тогтоох ёстой. Энэ хэрэгслийг яаж зөв ашиглахыг хөлгийн багийнхан мэддэггүй байсан” хэмээн Ян прокурор нэмж хэлэв. Мөрдөгчид хүнд ачаа хөлөгт ачаалал үүсгэж, тэнцвэрээ алдахад нөлөөлсөн учир осолдсон гэсэн дүгнэл гаргаад байна.
“Cheonghaejin Marine” компани өмнө нь хэд хэдэн удаа даац хэтрүүлж байсан гэнэ.
zaluu.com