Саяхан
Щвейцарын Базел хотноо болсон дэлхийн кёрлингийн холбооны их хурлаар
Монголын Кёрлингийн Холбоог тус холбооны 49 дэх албан ёсны гишүүн
байгууллагаар элсүүлжээ. Энэ их хуралд Монголын кёрлингийн холбооны
ерөнхийлөгч, “Эрдэм ТВ” сургуулийн захирал С.Нацагдорж оролцсон байна.
Тэрээр хурлын үеэр дэлхийн кёрлингийн холбооны удирдлагуудтай уулзаж, уг
спортыг өөрийн орондоо хөгжүүлэхэд бүхий л талын туслалцаа дэмжлэг авч
ажиллахаар болжээ.
Дэлхийн холбооноос энэхүү спортыг Монголд хөгжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгсэл материал нийлүүлэх, заах арга зүйн материал өгөх, мэргэжлийн багш дасгалжуулагчидаа манай улс руу илгээхээр тохирсон байна. Монголын Кёрлингийн Холбоо 2011 оны 02 сарын 21-нд үүсэн байгуулагдсан ба МҮОХ-ны гишүүн байгууллага юм. Тус холбооны удирдах зөвлөлд БТСГазрын дарга Ч.Наранбаатар, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, МОСХ-ны ерөнхийлөгч Д.Баясгалан нарын зэрэг 10 орчим хүмүүс ажилладаг юм.
Монголчуудын эрт дээр үеэс эхлэн тоглож ирсэн мөсний шагайн спорттой тун төстэй кёрлингийн спортыг эх орондоо дэлгэрүүлэх, өвлийн төрлийн багийн спортыг хүүхэд залуучуудын дунд өргөнөөр хөгжүүлж, ирээдүйн өвлийн олимпийн медальтнуудыг одооноос бэлтгэх зорилготойгоор 2013 онд нийслэл хотын төвд өөрсдийн хөрөнгөөр анхны битүү дээвэртэй кёрлингийн мөсөн талбайг байгуулахаар төлөвлөжээ. Мөн дасгалжуулагч багшийг бэлтгэх, их, дээд сургуулийн оюутнуудаас бүрдсэн баг байгуулан энэ спортоор хичээллүүлэх, олон улсын зарим тэмцээн оролцуулах зэргээр ажиллах гэнэ.