Монголын соёл урлагийн тогтвортой хөгжлийг хангах, соёлын хосгүй өвийг хадгалан, хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилготой Монголын урлагийн зөвлөл байгуулагдсаны 10 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Ойг тохиолдуулан олон ажил зохион байгуулж буй. Үүний нэг нь Италийн алдарт зохиолч Алессандро Манзонийн “Сүйт залуус” моно жүжиг юм. ДБЭТ-ын тайзнаа маргааш толилуулах уг бүтээлийг өнгөрсөн оны зургаадугаар сараас эхлэн АНУ, Канад, Аргентин, Франц, Турк зэрэг хэд хэдэн орноор аялан толилуулсан бөгөөд Монголд хаалтаа хийх юм байна.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дэмжлэгээр “Төгөлдөр” сан, Италийн Милан хот дахь Монголын Өргөмжит консулын газартай хамтран энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. А.Манзонийн “Сүйт залуус” зохиолыг Италийн театрын найруулагч Массимилиано Финаззер Флори Шекспирийн дэг жаягаар найруулан, 2010 онд Миланы “Ла Скала” театрт уншлага хэлбэрээр анх толилуулжээ. Үүнээс хойш уг жүжгийг улам өвөрмөц найруулгатай болгон сонгодог бүжиг, Ж.Верди, Ж.Россини, В.Беллини, Н.Паганини, Ж.Масгани нарын хөгжмийн бүтээлээр баяжуулсан аж. Уг жүжигт XVI зууны Италийн нийгмийн зөрчил, тэмцлийг залуусын хайр сэтгэлийн илэрхийллээр гарган харуулдаг юм байна.