Өмнөговь
аймгийн Шар Цаваас “ирсэн” 75 сая жилийн настай жижиг махан идэшт
гүрвэл ийм яс Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухааны байгууллага үүсэж,
хөгжсөний 90 жил, ШУА байгуулагдсаны 50 жилийн ойд зориулсан
үзэсгэлэнгийн танхимын хойморт заларчээ. Хүндтэй энэ “зочин” эртний
түүхийг өгүүлэхийн зэрэгцээ эрдэмтдийн бүтээл туурвил, эрэл хайгуулыг
гэрчлэхээр ийн ирсэн болой. Уг олдворын хажууханд монгол инженерийн
угсарсан “Монел” телевизор байраа эзэлж, “аавдаа” Төрийн шагнал авчирсан
“Орхон” амуу тариа “найгана”. Шинжлэх ухаанд хамаардагг үй салбар гэж
үгүй. Тиймдээ ч энэ байгууллагын түүхийг харуулсан үзэсгэлэнд эрдэнэ,
эрдмийн дээж болсон сор бүтээлүүдийг дэлгэсэн нь энэ юм.
Танхимын голд ШУАийн 50 жилийн ойд зориулсан баримтат кино гаргаж, эрдэмтэн судлаачид сонирхон зогсоно. Харин эргэн тойронд байрлуулсан ховор үзмэр, шинэ содон нээлт, амьдралд биеллээ олсон шилдэг бүтээлүүд энгийн үзэгчдийн харааг эрхгүй булааж байв. Баруун талын хойморт 2500 жилийн өмнөх үеийн, түүх соёлын хосгүй үнэт дурсгалын төлөөлөл болсон Пазырыкийн үеийн булшны олдворууд, зүүн жигүүрт ургуулсан талст болор, Хадан цагаан буюу хайлуулах болроос ургуулсан талст болор, урд талд Мөнх харганаас гарган авсан биологийн идэвхит нэгдэл гээд хараад ханамгүй үзмэрүүд байрлана.
Судар бичгийн хүрээлэн 1921 онд байгуулагдсанаар Монголын шинжлэх ухааны байгууллагын эх суурь тавигдсан гэж үздэг. Улмаар 1961 онд ШУА болон өргөжиж, өдгөө олон чиглэлээр судалгаа явуулдаг орчин үеийн эрдэм шинжилгээний хүрээлэн, төв, лаборатори, судалгааны 70 гаруй байгууллага, 2500 гаруй эрдэмтэн судлаачтай болж хүрээгээ тэлжээ.
Монголын
уран зургийн галерейд Өчигдөр нээлтээ хийсэн “Шинжлэх ухаан-90”
үзэсгэлэн дөрөв хоног үргэлжлэх юм билээ. Энэ үеэр БСШУЯ-ны Шинжлэх
ухаан технологийн газрын дарга Ө.Сүхбаатартай ярилцлаа.
-Баялаг үзмэртэй, онцгой үзэсгэлэн дэглэжээ. Та бүхэн үзэсгэлэнгээрээ юу өгүүлэхийг зорив?
-Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ой энэ онд тохиож байна. 1971 онд яг үүнтэй төстэй түүхчилсэн үзэсгэлэн гаргаж байсан. Энэ удаа шинжлэх ухааны анхдагч болон улс нийгэмд үлэмж ашиг өгсөн Төрийн шагналт бүтээл, Үндэсний атлас, нэвтэрхий толийг олны хүртээл болгохоор дэлгэлээ. Түүхчилсэн он дарааллаар бүтээл, үзмэрийг зааглан байрлуулснаар хэдэн онд ямар нээлт хийснийг харах боломж бүрдүүлж байгаа юм. Мөн Түүхийн хүрээлэнгийн эрдэмтдийн бэлтгэсэн тав, таван жилийн түүхэн танилцуулга ч мэдээлэл ихтэй болсон байна.
-Манайд шинжлэх ухааны салбар хэдэн онд эрчимтэй хөгжиж байсан бэ. Сүүлийн жилүүдэд ямар үйл ажиллагаанд анхаарлаа хандуулж байна вэ?
-Анх Судар бичгийн хүрээлэн байгуулагдахдаа уламжлалт бүтээлүүдээ цуглуулах, мэдлэг бий болгоход анхаарлаа хандуулж байсан. Энэ салбарын хамгийн өрнүүн бүтээлтэй байсан үе нь 1970-1980-аад он. Тухайн жилд олон хүн төрийн шагнал хүртэж, бүтээлүүд нь улс, ардын аж ахуйн хэрэглээнд нэвтэрсэн. Энэ нь 1972 онд Шинжлэх ухаан техникийн улсын хороо байгуулагдсантай салшгүй холбоотой. Сүүлийн үед бид эрдэм шинжилгээний зардлаа өсгөж, хэрэглээнд нэвтрүүлэх тал дээр түлхүү анхааран ажиллаж байна.
-Хэрэглээнд нэвтэрч, Төрийн шагнал хүртсэн хамгийн отгон бүтээлийг нэрлэнэ үү?
-Доктор М.Амбага, Ч.Хүрэлбаатар нарын бүтээсэн монгол эм хэрэглээнд нэвтэрч, төрийн шагнал хүртсэн. Угаасаа дэлхий нийтээр хи мийн гаралтай бүтээгдэхүүнээс татгалзаж уламжлалт эм бэлдмэлээ сонгох болжээ. Одоо ч манай эрдэмтэд хавдрын болон дархлааны шинэ эм бэлдмэл гаргах ажлаа үргэлжлүүлж байна.
-Монголын шинжлэх ухааны хөгжил дэлхийн төвшинд хэрхэн үнэлэгддэг вэ?
-Улсаас 1972 онд шинжлэх ухааны салбарыг далайцтай дэмжсэнээр үсрэнгүй хөгжиж, тэр цагаас дэлхийн жишигт хүрсэн гэж болно. Одоо манай математик, физик, ХАА, анагаах ухааны салбарын эрдэмтдийн бүтээл дэлхийн хэмжээнд хүрсэн. Чихрийн шижин өвчнийг эсээр эмчлэх аргыг маш цөөхөн оронд хэрэгжүүлж байгаа. Бараг л БНСУ-д хэрэгжээгүй байгаа энэ аргыг ЭМШУИС-ийн Баасанхүү удирдагчтай төслийн баг хэрэгжүүлээд 10-аад хүнд туршилт хийгээд байна. Энэ мэт жишээ олон.
-Ойн баярын хүрээнд ямар ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?
-Өнгөрсөн тавдугаар сараас эхлэн манай салбарынхан ойн баярт зориулж
“Залуучууд, бизнес, шинжлэх ухаан” уулзалт, Олон улсын эрдэм
шинжилгээний хурал гэх мэт үйл ажиллагааг зохион байгуулсан. Одоо энэ
сарын 24-нд баярын хурлаа зохион байгуулна.
Ж.СОЛОНГО