
Эзэн Чингисийн гэрэлт хөшөөний өмнө, Их жанжны талбайд өнгөрөгч бямба гаригт 1000 цэрэг жагслаа. Тэд “... Өвөг дээдсийнхээ ариун гал голомт болсон Монгол Улсынхаа халдашгүй дархан байдлыг амь бие үл хайрлан батлан хамгаалахаа эх орон, төр ард түмэндээ батлан тангараглая...” хэмээн тангараг өргөв.
Энэхүү үйл ажиллагаанд БХЯ-ны удирдлагууд, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав болон шинэ цэргүүдийн ар гэрийн хэн оролцсон юм. 2011 оны хоёрдугаар ээлжийн цэрэгт татагдсан Улаанбаатар цэргийн хүрээний бүх анги нэгтгэлийн байлдагчийг Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойг тохиолдуулан нэгдсэн журмаар тангараг өргүүлэх ёслол болж буй нь энэ аж. Зэвсэгт хүчний ерөнхий зориулалтын цэргийн командлалын Штабын дарга, бригадын генерал Л.Онц гойбаяр “Монгол Улсын цэргийн дүрэмд түүх дурсгал, хүндэтгэлийнхээ газарт цэргийн тангараг өргөх ёслолыг хийх тухай заалт бий. Тиймээс олон тэгш ойг тохиолдуулан Төрийн ордныхоо өмнө цэргийн тангараг өргүүлж байна.
Түүнчлэн Соёлын төв өргөөнд шинэ цэргүүддээ “Догшин хар сүлдний нууц” киног үзүүллээ. Эдгээр ажлыг зохиосноор шинэ цэргүүдэд эх оронч үзэл төлөвшүүлэх ач холбогдолтой. Манай улсын түүхэнд 1000 цэрэг нэгэн зэрэг тангараг өргөж байгаагүй. Цаашид БХЯ, ЗХЖШ-аас хөдөө орон нутагт хуваарилагдсан цэргүүдийг ч энэ ажилд хамруулж, уламжлал болгон зохиохоор төлөвлөж байна” гэв.
Малчин Т.Ганболд “Дундговь аймгийн Луус сумаас 032 дугаар ангид алба хааж байгаа хүүгийнхээ тангаргийн баярыг үзэхээр анх удаа Улаанбаатарт ирлээ. Би цэргийн гурван жилийн албыг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд 1970 онд хааснаас хойш цэргийн жагсаал хараагүй болоод ч тэр үү, сэтгэл хөдөлж байна” хэмээн ярив. Байлдагч Б.Ганболд “Баянхонгор аймгийн Баянзаг суманд арваннэгдүгээр ангиа төгсөөд цэрэгт татагдсан. Цэргийн алба хаах нь эр хүний хувьд нэр төрийн хэрэг гэдгийг нэг сарын хугацаанд ойлголоо. Үеийн нөхөдтэйгээ мөр зэрэгцэн тангараг өргөж байгаагаа аав, ээждээ харуулах үнэхээр сайхан юм” гэлээ.
20 гаруй жилийн өмнө шинэ цэргийн анхан шатны бэлтгэлийг нэг дор зохион байгуулдаг байсныг ийнхүү дахин сэргээж буй. Нэг дор тангаргийг нь өргүүлээд ангиудад нь хуваарилах нь олон талын ач холбогдолтой гэж БХЯ, ЗХЖШынхан дүгнэж байна.