Шинээр
бизнес санаачлагч болон эрхэлж буй бизнесээ сайжруулах зорилготой
иргэдэд дэмжлэг үзүүлэн, инновациар тэргүүлэгч эдийн засгийг босгох
алсын хараатай залуу бизнес эрхлэгчдэд шинэ гарц зааж өгдөг “Global
entrepreneurship week” долоо хоногийн аян өчигдрөөс эхэллээ. Английн
Ерөнхий сайд асан Гордон Брауны санаачилсан уг аянд дэлхийн 120 гаруй
орны найман сая орчим хүн нэгдэн, хүсэл тэмүүлэлдээ хүрэхэд нь бусдадаа
тусалдаг юм. Монголд бизнесийн орчин сайжирч, шинэ төрлийн бизнес бий
болж байгаа ч залуу бизнесменүүд технологи инновацид суурилсан бизнес
эрхлэх менежментийн болоод санхүүгийн таатай нөхцөл хараахан бүрдэж
амжаагүй байна. Иймээс энэхүү аянд энэ жилээс манай улс нэгдэж байгаа
аж.
Аяныг зохион байгуулагч “Шинэ эхлэх цэг” ТББ-аас бизнес санаа өвөрлөгч залууст үнэгүй сургалт явуулан, зөвлөгөө өгч, хөрөнгө оруулагчидтай холбох, шилдэг IT шийдлийн уралдаан зарлах зэрэг олон арга хэмжээг зохион байгуулах юм байна. Уг аяны хүрээнд Мэдээлэл технологийн үндэсний паркад “Монголд зориулж кодлооч” нэртэй мэдээлэл технологийн чиглэлийн уралдааныг энэ сарын 19-нийг дуустал зохион, тэргүүлсэн оролцогчдод томоохон боломж олгохоор болжээ.
Ивээн
тэтгэгчээр Хас банк, “Оюу толгой”, “Юнител”, АПУ, ITPARK, МҮХАҮТ-ийн
дэргэдэх Залуу бизнес эрхлэгчдийн клуб, Монголын репат лидерүүдийн клуб
зэрэг байгууллага хамтран ажиллаж байгаа аж.
О.ХАЛИУН