Монголын уран зохиолын
ертөнцөд
.muzo.mn цахим номын сан нээлтээ хийлээ. Соёл яруу найргийн
академиас хэрэгжүүлсэн уг төслийн хүрээнд энэхүү ажлыг хийжээ. Тус
цахим хуудас ардын аман зохиол, эртний уран зохиолын дээжис, орчуулгын
бүтээлүүд, орчин цагийн Монголын уран зохиолын бүхий л төрлийг багтаасан
баялаг сан хөмрөгтэй аж. Тухайлбал, “Монголын нууц товчоо”,”Алтан
товч”, ”Чингисийн есөн өрлөгтэй өнчин хүүгийн цэцэлсэн шастир”
В.Инжиннашийн “Хөх судар”-аас эхлээд Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир”,
Д.Намдагийн “Цаг төрийн үймээн” зэрэг роман гээд уран зохиолын бүхий л
төрлөөр бичсэн тууж, өгүүллэг, шүлэг яруу найргийг багтаажээ. Мөн судлал
шүүмжийн төрлөөс академич Д.Цэрэнсодном, доктор, профессор
Л.Хүрэлбаатар нар бүтээлээ оруулжээ. Одоогийн байдлаар 500 гаруй
зохиолчийн 3000 шахам бүтээлийг унших боломжтой. Өөрийн уран бүтээлийг
байрлуулахыг хүссэн хэний ч өмнө тус хуудас нээлттэй гэж зохион
байгуулагчид нь мэдээлсэн. Нээлтийн үеэр яруу найрагч Г.Мэнд-Ооёогоос
хэдэн зүйлийг тодрууллаа.

-Цахим номын сан нээх ажлыг хэрхэн эхлүүлэв. Гол онцлог, ач холбогдол нь юу вэ?
-Соёл яруу найргийн академи сүүлийн
хэдэн жилд Монголын уран зохиолын сан хөмрөгийг баяжуулах, дэлхий нийтэд
сурталчлах ажлын явцад томоохон нөөц сан хөмрөгтэй болсон. Энэхүү
нөөцдөө тулгуурлаж цахим номын сан төслийг Соросын сангийн
дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байна. Монголын ард түмнийн оюуны бүтээл
болсон ардын аман зохиол, эртний уран зохиолыг уншигчдын хүртээл болгож
байгаагаараа онцлог бөгөөд ач холбогдолтой. В.Инжиннаш, Данзанравжаагийн
зохиолоос гадна залуучуудын бүтээлүүдээс багтаасан. Бид номын тавиураа
өрчихлөө. Барилгаар бол суурь нь бэлэн боллоо гэсэн үг юм. Одоо
зохиолчдоо бүтээлээ байрлуулахыг нь хүлээж байна. Өнөөдрийн байдлаар 20
гаруй роман багтсан. Тус цахим номын сан ашгийн төлөө биш юм шүү
гэдгийг онцолж хэлье.
-Цахим номын санд зохиол бүтээлээ байрлуулахын тулд ямар шаардлага хангасан байх ёстой вэ?
-Нэгдүгээрт зохиолчдын эвлэлийн
гишүүн байх, хоёрдугаарт хоёроос дээш ном хэвлүүлсэн байх шаардлагатай.
Үүнээс өөр шаардлага байхгүй. Зохиолч, яруу найрагчид өөрсдөө зохиол
бүтээлээ байрлуулах, номоо бүрэн хэмжээгээр оруулах гэхчилэн өргөн
боломжтой. Мөн утга зохиолын ертөнцөд болж буй шинэ мэдээ, мэдээллийг ч
оруулж болно. Багтаамжийн хувьд хязгааргүй.
-Оюуны өмчийн асуудлыг хэрхэн шийдвэрлэв?
-Хуулийн дагуу 50 жилийн өмнөх зохиол
бүтээлийг шууд оруулж нийтэлсэн. Зохиолчид өөрт нь болон хэвлэлийн
газруудад хадгалагдаж байгаа бүтээлүүдийг зөвхөн эздийх нь зөвшөөрлийн
дагуу оруулсан. Цахим номын сангаас аливаа бүтээлийг хуулбарлаж
болохгүй, зөвхөн унших боломжтой.
Нээлтийн үйл ажиллаагаанд оролцохоор
Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аким, зохиолч До. Цэнджав, судлаач
Л.Хүрэлбаатар нарын эрдэмтэн, зохиолчид хүрэлцэн ирсэн юм. Ийнхүү
Монголын уран зохиолын цахим номын сантай болж буй нь бичгийн дурсгалыг
хадгалж үлдэх, хойч үедээ өвлүүлэхэд ихээхэн ач холбогдолтой боллоо.Тус
цахим номын санг англи, монгол хэлээр ашиглаж болох юм билээ. Энэ нь
гадаадад амьдарч буй монголчуудад зохиол бүтээлээ оруулах, мөн өөрийн
орны зохиолч, яруу найрагчдийн бүтээлүүдийг англи хэлээр унших боломжийг
нээж өгөх аж.
Г.Нямгэрэл