МУИС, “Шихихутаг” хууль зүйн дээд сургуулийн оюутны зөвлөлийнхөн өчигдөр оюутан бүр тэтгэлэгтэй болох талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Тус сургуулийн оюутны удирдах зөвлөлийн дарга Б.Болд “2008 оны сонгуульд нэр дэвшигчдээс бид оюутнуудыг сурлагаар нь ялгалгүй сар бүр тэтгэлэгтэй болгох, сургалтын төлбөрийг багасгах гэсэн хоёр зүйлийг гуйсан юм. Нэр дэвшигчид маань энэ талаар хуулийн төсөл боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх гэж байна.
Төсөлд оюутан бүрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх тэтгэлэг олгох болон дээд боловсролын санхүүжилтыг өөр олон эх үүсвэртэй болгох талаар тусгагдсан. Тиймээс энэ төслийг бусад гишүүн дэмжээсэй гэж бид дуу хоолойгоо хүргэж байгаа юм” гэв. -Монголын оюутан залуусын сайн дурын нэгдлээс МОЗСДН мөн энэ талаар мэдээллээ.
Тэд “Тэтгэлэгтэй хариуцлагатай оюутан” гэсэн уриаг дэвшүүлж, оюутанд сар бүр 70200 төгрөг олгохоор хэлэлцэж байгаад талархаж буйгаа илэрхийлэв. Хэрвээ энэ тэтгэлгийг сурч боловсрохоос өөр зүйлд зарцуулбал МОЗСДН хариуцлага тооцохоо мэдэгдлээ.