Бичлэгийн тоо 2,391

 Дагвасамбуурийн Алтангэрэл /Alexandria, Virginia/
Зах хязгаар нь харааны анирт үл торох Япон тэнгис. Хаката булан, Такашима, Цусима, Хирадо арлууд. Би энэ нутагт ирэхийг үнэхээр их хүсч байлаа. Тэгээд сэтгэл зүрхнийхээ тэр дуудлагаар алс холын аян замыг туулан долоон зуу гаруй жилийн тэртээ Хубилай хааны цэрэг эрс хөл тавьсан энэ нутгыг сурвалжлан хайсан юм. Такашима арал, Хаката булан зэрэг нэрс миний сэтгэлд шингэсээр олон жил өнгөрчээ. Нэхэн санавал намайг сургуульд орох жил, 1977 онд аав минь “Монголын түүхэн газрын зураг”  ном дээрээ ажиллаж байлаа. Харамсалтай нь энэ үеэс хойш аав минь удаан амьдраагүй юм.  Зуслангын үдэш, нам гүмд  хайрт аавыгаа ширтэн Монголын түүхийн нарийн ээдрээтэй асуудлуудыг шимтэн сонсож асан тэр цаг үе минь юутай жаргалтай вэ. Чухам тэр нэгэн үдэш анх удаа Хубилай хааны цэргүүд Японд довтолсон тухай сонссон хэрэг.

Аав газрын зураг ширтсээр: “Энд Кюшю арал байна. 1274 онд Хубилай хааны тушаалаар дөч гаруй мянган цэрэг эр, олон зуун усан онгоц хөлөглөн Япон орныг зорьсон юм.“  хэмээн өгүүлэв.  Тэр үед хэдий бага байсан ч зарим онцгой зүйл санаанд тод үлджээ.  Сүүмэлзэн харагдах тэртээ далайн хаяанаас Монгол флотын хэдэн зуун хөлөг онгоц туг далбаагаа намируулан айсуй дүр зураг харанхуй шөнийн зүүдэнд минь олон жилийн турш үзэгдсэнсэн. Яг л эртний японы уран зохиолын алдарт дурсгал “Данно Уро” домгийн чихгүй Хоётид үзэгддэг шиг.

“Зуу сонсохоор нэг удаа үз” гэсэн ардын минь сайхан үг бий. Цаг гарган Фукуока хотын Юань гүрний байлдан дагуулагчдын түүхийн музейг (元寇史料館) үзлээ. Энэ музейн эх суурийг бүр 1894 онд тавьсан аж. Япончууд энэ газрыг Хигаши Коэн гэж нэрлэнэ. 1985 онд сэргээн засварлаж улмаар музейн олдвор цуглуулгаа олны хүртээл болгож эхэлсэн байна. Ийнхүү шинэчлэгдэхэд нь археологч Торао Мозай үлэмж хувь нэмэр оруулсан бөгөөд 1980 оноос далайн гүнд судалгаа хийх хэсэг байгуулан Такашима арлын орчим Монгол флотын үлдэгдлийг тандах ажил хийжээ.Музейн үзмэрийн ихэнхийг арлын оршин суугчид бэлэглэсэн байна. Далайн усанд идэгдэж хуучирсан зангуу, зэвэрсэн дөрөө, хөвд замагт дарагдан танихад бэрх болсон сэлэм гэмээр зүйл, ваар савны үлдэгдэл, бурхан, эвдэрхий шат хүртэл байна. 19 дүгээр зууны үед амьдарч байсан  зураач Ишо Яада ( 画伯)-гийн  сэтгэл сэртхийлгэм өгүүлэмжтэй цуврал зургийг мөн дэлгэн үзүүлжээ. Тэнд дүрсэлсэн монголчуудын хувцас хэрэглэл 12-13 дугаар зууны монголчуудынхаас тэс өөр. Бодвол Ишо Яада сэтгэлдээ ургуулан зохиомжлон урласан биз.

Хамгийн сонирхол татсан үзмэр бол монгол дөрвөлжин үсэгтэй тамганы хуулбар байлаа.Тамга Такашима арлын эрэг орчим хайрцагтайгаа унасан байсныг арлын оршин суугч Куничи Мукэа олж хадгалж байгаад судлаач Торао Мозайд авчирч өгчээ.Тамгын жинхэнэ эх Такашима арлын захирагчийн мэдэлд хадгалагдаж байдаг аж. Тамганы бичээс нь Төвдийн Пагва ламын системчилсэн монгол  дөрвөлжин үсэг. Хубилай хаан тухайн үедээ Монголын Их Юань гүрний бүрэлдхүүнд багтсан олон улс аймгийн хэл авианд зохицсон бичгийн төгс үсэгтэй болохыг эрмэлзэж байлаа. 1269 онд Пагва лам төвд үсэгт суурилан системчилсэн дөчин нэгэн үсэгтэй цагаан толгойг Их Хаанд өргөн барьсан нь хожим Монгол дөрвөлжин үсэг хэмээн алдаршсан юм. Гэвч тухайн үеийн нөхцөл байдал, авиа тэмдэглээний адармаатай дүрслэл зэргээс  шалтгаалаад өргөн тархаж чадаагүй болно. Тамгыг зуутын даргаас дээш зиндааны цэргийн эрхтэн эзэмшиж байсан болов уу. Бичээс нь “Нэг зуугаас  мянган цэргийн захирагч” хэмээн уншигдана. Тамганы ар талд “Жи Юаний 14 дүгээр он” гэжээ.Энэ нь Хубилайн хаанчлалын үе тодруулбал 1277 онтой дүйнэ.  Монголчууд Япон улсын эсрэг анхны довтолгооноо 1274 онд хийсэн . Тэгвэл тамганы эзэн хоёр дахь довтолгооны үеэр буюу 1281 онд амь үрэгдсэн аж. Музейг үзэж явахад монгол хийцийн болов уу гэмээр дөрөө, иж бүрэн хөө хуяг, юань гүрний цэргийн жанжны дуулга, сумний зэв анхаарал татаж байлаа.
    
Монголчуудын хоёр довтолгоог Японы түүхэнд Гэнко (元寇) хэмээн тэмдэглэнэ. Япончууд Хубилай хааны флотын эхний довтолгооныг (1274) Буней тулалдаан (文永の役), удаахийг (1281) нь Коан тулалдаан (弘安の役)  хэмээн нэрлэдэг. Их хаан Наран улсыг гурав дахь удаагаа довтлохоор төлөвлөн 1284 онд одоогийн Мүгдэнд төвтэй “Дорнодыг дайлах муж”-ийг эмхэлж байлаа. Гэвч Хайду, Цагаадай нартай сүлбээлсэн Төвдийн (1285-1290), Наянгаар удирдуулсан Манжуур дахь бослого үймээн (1287)  мөн Хайду Хар Хорумд цэрэглэн халдсанаар (1289) дээрх төлөвлөгөө тасалдсан юм .

1281 онд Хубилай хааны флот далайн шуурганд сүйрч улмаар Монголын аюулаас аврагдсаныхаа ойг Такашима арлынхан 50 жил тутам тэмдэглэдэг аж. Кишида сүмд монголын байлдааны хөлөг онгоцны том чулуун хоёр зангуу, Хакозаки дуганд модоор хүрээлсэн 250 кг хүнд бас нэг чулуун зангуу байхыг үзлээ. Хакозаки сүм дуганы чуулбар болсон үзэсгэлэнтэй газар юм. Энд Монгол довтолгооны тухай бичгийн дурсгал болох Такезаки Суенага  (竹崎季長)-гын хуйлмал номын хуулбар бас байна. “Монгол довтолгооны хуйлмал бичиг”-“蒙古襲来絵詞”(Моко Шурай экотоба) хэмээх энэ зурагт номын жинхэнэ эх нь Токио дахь Эзэн хааны музейд хадгалагдаж байдаг аж. Такезаки Суенага  бол Кюшю арлын Хюго мужийн харъяат дээрх хоёр тулалдаанд биечлэн оролцсон хүн юм.

Хаката булангийн эрэг дээр хамт явсан Моүмүчи гуай надаас “Бидэнтэй холбоотой түүхийн энэ эмгэнэлт явдлыг чи юу гэж үзэж байна?” хэмээн асууж билээ. Сонирхолтой нь бүр 1941 онд Өвөр Монголын сөнөд Дэмчигдонров ванг Японд зочилоход нь мөн ийм утгатай зүйл асуусан байдаг юм. Дэ ван “ Их Юань гүрэн Япон улстай үнэхээр хүч тавин байлдаагүй байх аа. Хэрэв тэгсэн бол  өнөөдөр та бид огт өөр амьсгалаар уулзах байсан болов уу.” хэмээн хариулсан гэдэг.

Хубилай хаан яагаад Наран улсыг эзлэхээр шийдсэн юм бол? Энэ асуултыг өөртөө олонтоо тавьж байсан. Газар нутгаа улам тэлж, эд баялагт шунасан гэвэл эндүү өнгөц дүгнэлт болох биз. Хубилай хаан Өмнөд Сүн улстай дайтан амжилт олж эхэлсэнээр Өмнөд Сүн улсын төр, цэргийн зарим зүтгэлтнүүд Японоос зэр зэвсгийн тусламж хүсэмжлэн улмаар Монголын эсрэг эвсэл байгуулахаар оролдож эхэлжээ.Чухам энэ асуудлаас үүдэн 13 дугаар зууны 70-аад оны үед Хубилайн Эзэнт гүрний дорнодод баримтлах бодлого боловсрогдон гарчээ. Монголын анхны довтолгооноос өмнө, Хубилай хаан Өмнөд Сүн улсыг ид дайлж байх үед Япон Өмнөд Сүн улстай худалдааны өргөн харилцаатай бас цэрэг зэвсгийн туслалцаа үзүүлсээр байжээ. Японы гадаад худалдааг илэрхийлсэн (南蛮貿易) нанбан боеки (өмнөд зэрлэгүүдийн худалдаа) хэмээх эртний нэр томъёо ч энэ үеэс үүсэлтэй . Нанбан (南蛮) гэдэг нь өмнөдийн зэрлэг гэсэн утгатай бөгөөд зүүн өмнөд ази, Өмнөд Сүн улсын ард иргэдийг ийн нэрлэдэг байжээ. Нарангууд 1543 онд Японд очсон Европын анхны худалдаачид болох Португалчуудаас эхлээд Испани, Недерландын наймаачдыг хүртэл нанбан хэмээн нэрлэн бичиж тэмдэглэдэг байв. Энэ нь 1603 онд гадны шашин номлогчдоос болгоомжлон үүд хаалгаа хаах хүртэл нь үргэлжилсэн байна.

Ниппон то гэдэг нэр томъёо гадаад улс оронд хэрэглэж буй япон хийцийн сэлэм гэсэн утгатай. Өмнөд  Сүн улсын түүхч Ү Яан Шуй  энэ илдний тухай  “Дорнын (япон) Эцү-гийн худалдаачнаас авсан шидэт илднүүд аврага загасны арьсаар ороон бүрсэн анхилуун модон иштэй, алт-мөнгө-төмөр хольж давтсан мохошгүй хурц иртэй. Ийм илдээр нэг дайчин түмэн монголыг хөнөөж дөнгөмү” хэмээн бичиж үлдээсэн байдаг. Мөн Марко Пологийн тэмдэглэлд чипэнгу нэртэй  сэлэм дурсагддаг нь ниппон то  үгийн хувирсан дуудлага болно. Эдгээр баримтаас үзэхэд Өмнөд Сүн улс Японтой зэр зэвсэг, худалдааны өргөн харилцаатай байсан нь мэдэгдэнэ.


1258 оны сүүлчээр Хубилайн Их гүрэнд дагаар орсон Гуулин улсын эрэг хавийг японы далайн дээрэмчин ваку нар  түйвээсээр байлаа. Ваку болон худалдаачдаар халхалсан японы тагнуулууд Өмнөд Сүн улсаас Монгол армийн тухай мэдээлэл цуглуулах болсон нь  асуудлыг улам хурцатгажээ.”Камакура ибун” 鎌倉遺文 (“Камакурагийн он дарааллын бичиг”), дөрөвдүгээр боть, Буней 8 (1271 оны есөн сарын 13) огноотой баримт бичигт “Монголчууд довтлохоор зэхэж буйг бид худалдаачдаас олж сонслоо.Гокенин (гэрээт бус хамгааллын албаны бага тушаалын түшмэл) Чинзейд (одоогийн Киүшю) оч. Хюго дахь эдлэн газраа бэлэн бай. Тэгээд Шугогийн тушаалыг хүлээ. Гадаадын түрэмгийлэгч. дээрэмчдээс газар нутгаа хамгаалахад бэлэн бай. Бунейн наймдугаар он. Есдүгээр сарын 13 дахь өдөр. Сагами но ками Хожо Токимунэ. Сакё Гон но Тайфу Хожо Масамура.” Мөн Эзэн Хаан Камеяамагийн тамгын түшмэл Ёшида Цунэнага-ын тэмдэглэл баримт бичигт (Кичизокуки) “Бунейн наймдугаар он, есдүгээр сарын 21 дэхь өдөр. Өрнийн мэдээлэгчдээс (Өмнөд Сүн, Гуулин улс) Хойд зэрлэгүүд (Монголчууд) дайнд бэлтгэн Флот зэхэж буй талаар уламжлав…Энэ мэдээг Куродо Саемон гон но сукэ Тайра Тобо хүлээн авсан болно.” хэмээн бичиж үлдээжээ. Дээрх хоёр баримт бичигт өгүүлэгдэх худалдаачид , мэдээлэгчид гэдэг нь Өмнөд Сүн мөн Гуулин улсыг түшиглэсэн Японы тагнуулууд байсан нь тодорхой.  

Хубилай хаан сэрэмжлүүлэг болгон Киото дахь эзэн хаан Камэяама (亀山天皇)-д дөрвөн удаа элч заран эе эвдрэхгүй байхыг сануулж байв. Энэ үед Ялон улсын цэрэг арми, улс төрийн эрх мэдлийг эзэн хаан биш харин Камакура дахь цэргийн засгийн газар бакуфу атгаж байлаа. Засгийн газрын тэргүүн нь Шогун Хожо Токимунэ (北条 時宗). 1266 оны намар Монголын анхны элч Наран улсыг зорьсон боловч газарч Солонгосчууд Монгол-Японы ирээдүйн хамслаас болгоомжлон  зориуд саатуулсанаас зорилгоо биелүүлж чадалгүй замаасаа буцжээ. 1268 онд Юань гүрний цэргийн болон ёслолын яамдаас тусгай элч сонгон илгээсэн авч аанай л ганзага хоосон буцаж ирэв. Их хаан мөчөөгөө өгсөнгүй 1271 оны эх, 1272 оны намар тус тус элч илгээв. Японы эзэн хаанд довтолгосон сүүлчийн тулган шаардах бичигтээ хариуг хоёр сарын дотор өг хэмээн тушаасан байлаа. Киото хариу өгсөнгүй харин Камакурагын Шогун Хожо Токимунэ Өмнөд Сүн улстай худалдаа арилжаа хийсээр байлаа. Нөхцал байдал Хубилай хааны хүлээцтэй бодлогыг үндсээр нь эргүүлэхэд хүрэв.

1274 оны 10 сар гэхэд Монгол жанжин Холтоноор (忽敦) удирдуулсан хорин мянган монгол, Солонгос удирдагч Ким Бан Гионы (金方慶)  мэдэл дахь таван мянган солонгос цэрэг Масанд нэгдэн бөөгнөрөв. 1274 оны 11 сард Хубилай хааны анхны флот солонгосын Хаппо боомтоос Наран улсыг зорин хөдөллөө. Их бага 900 орчим усан онгоц хөлөглөсөн  дөрвөн түмэн цэрэг зам зуур Цусима, Ики арлууд Хакозаки боомтыг эзлэн Кюүшү арлын Хаката буланд газардав. Монголчууд асар их хохирол амсан байж багагүй амжилт олсон боловч 19-ний өдрийн шөнө дэгдсэн далайн шуурга тэдний мөрөөдөлд эцсийн цэг тавьжээ. 200 гаруй онгоц , 14 мянган цэрэг ийнхүү Хубилай хааны дорнодын бодлого, нөхцөл байдлын золиос болон  далайд үйн сураггүй боллоо. Эдгээр сүйрсэн 200 усан онгоц , 14 мянган цэргийн эд хэрэглэлээс юу ч олоогүй тухайгаа Такашима арал орчим гурван жил эрэл хайгуул хийсэн Торао Мозай гуай дурсан бичсэн байдаг.

Хоншю арлын Канагава муж, Сагами булангийн ольтирогт орших Фужисава хотын ойролцоо Рюкожан ( 龍口山) хэмээх сүм дуганы цогцолбор бий. 1994 онд Изүгээс Аважи хүртэл аялахдаа энэ сүм дуганы чуулбараар дайрч билээ. Токиогоос ердөө тавь гаран километрийн зайтай. Энэ цогцолборын нэг хэсэг Жориюжи сүм (常立寺)-ийн дэргэд Хубилай хааны элч нарт зориулан босгосон  хөшөө байдаг юм . Их хаан 1275 онд Японд дахин элч илгээн дагаар орохыг тулган шаарджээ. Судлаач Накаба Ямада 1916 онд Лондонд хэвлэгдсэн “Ghenko: The Mongol Invasion of Japan” (Японд халдсан Монгол довтолгоо) номондоо Хубилай хааны элч нарын нэрийг Туушин, Сартуг, Хо Венчү, Сэцэн, Ханву Сүк хэмээн дурьдсан байна.Тэд Камакура дахь Шогун Хожа Токимунэ-гийн ордонд хөл тавьсан анхны бөгөөд сүүлчийн Монгол элч нар байлаа. Харамсалтай нь Шогун Хубилай хааныг үл тоомсорлон  элч нарыг хөнөөхийг тушаав. Тэднийг Камакурагын үеийн цаазын газар болох Тацуно кучи яама (龍の口山)-Луугийн ам ууланд цаазалжээ.Тэр үеийн заншлаар хэрэгтний цогцосыг тэнд нь оршуулах ба толгойг нь шонд өлгөн олны газар үзүүлдэг байсан гэдэг. 1500 оны эхээр лам Ничиго  цаазлагсадын сүнсийг амраах зорилгоор энэ газар сүм байгуулсан нь Жориюжи сүмийн эхлэл байжээ.

Монголын цаазлагдсан таван элчийн шарилийн хөшөөг анх хараад сэтгэл минь ихэд үймэрч билээ. Хөшөөг Гэншизука (元使塚)   хэмээнэ. Хүний нутагт өнчирсөн таван чулуун суврага. Гэнэт хөшөөнд ямар нэг юм өргөмөөр санагдаж болж өгвөл эх орноос нь авчирсан  зүйл дээжлэх санаатай дэмий л үүргэвчээ ухлаа. Унгасгах арц хүж , цацах рашаан ус надад байсангүй. Богцонд ээжийн нунтаглаж өгсөн борцны үлдэгдэл байсныг хөшөө тойруулан сэмээрхэн цацаад Монгол гэрийн өмнө хадаг дэлгэн барьсан бүсгүйн зурагтай ил захидлыг “Тосэйчу 1242-1275” (杜世忠, 1242-75) гэсэн бичигтэй ахлах элч Туушингийн хөшөөний өмнө байрлуулж билээ. Энэ суварга хэлбэртэй хөшөө өмнө нь зэрэгцүүлэн босгосон адил хэмжээний дөрвөн хөшөөнөөс арай том харагдана.

Шогуны энэ ёс бус үйлдэлд уурсан хилэгнэсэн Хубилай хаан Японыг өөрийн нэг муж хэмээн тунхаглав. Энэ нь Японы цэрэг, улс төрийн статусыг үгүйсгэж буйгаа шууд илэрхийлсэн хэрэг байлаа. Ийм тохиолдолд элч зарлага довтолгон, дайн тулаан зарлах хэрэггүй.  Хүссэн үедээ цэрэглэж болно. Ийнхүү дайн гарцаагүй нүүрлэх нь тэр. Шогун Хожа Токимунэ ч зүгээр суусангүй. “Наран улс эсвэл мөхнө, эсвэл сэхнэ” уриан дор 1276 оноос Хаката булангийн эрэг дагуу бэхлэлт хамгаалалтын нүсэр байгууламж эхлүүлэв. Каши-гаас Имазү хүртэл босгосон 20 гаран километр энэ чулуун ханыг Гэнко боруй (元寇防塁) хэмээнэ.Чулуун хана есөн хэсэгт хуваагдах бөгөөд тус байгууламжийг бүтээхэд оролцсон есөн мужийн газар нутаг, сүр хүчийг илэрхийлдэг аж. Имазү хавийн хана гурван метр өндөр, дээд талын өргөн нь хоёр метр, суурийн өргөн гурван метр трапец хэлбэртэй. 1931 онд энэ чулуун ханын үлдэгдлийг 300 метр орчим газар малтан гаргаж түүхийн дурсгал болгон зарлаад хэд хэдэн газар “Монгол довтолгооноос хамгаалан босгосон хана” гэсэн бичигтэй чулуун хөшөө босгожээ.

Монголчуудад эзлэгдэн мөхсөн Өмнөд Сүн улсын дүрвэгчид 1279 онд Японд газардахдаа  Шогунд Хубилайн цэрэг хүчний талаар үлэмж мэдээлэл авчирчээ. Токимунэ Кюүшүд өмнөд болон төвийн цэргийн хүчийг төвлөрүүлэн төвийн хоёр мужийн бүх цэргийг Киото тийш шилжүүлэн Эзэн хааны хамгаалалтыг зузаатгав.

Бүх хятадыг мэдэлдээ оруулсан Хубилай хаан ч цэргийн хүчийг эмхлэн 1281 он хүртэл дайнд бэлтгэжээ. 1279 оны хоёрдугаар сард Янчэн, Хуннан, Канчо, Чуан дөрвөн мужийг байлдааны 600 хөлөг онгоц бүтээх онцгой бүс болгон зарласан байна. Мөн Өмнөд Сүн улсаас дагаар орсон 158 офицерыг Гуулин улсад илгээн Солонгосын Чонра, Кансүн мужийг түшиглэн 200 гаруй хөлөг онгоц бүтээж эхэлжээ. Ийнхүү их дайнд оролцохоор 2100 хөлөг онгоц, 140 мянган цэргийн хүч бөөгнөрлөө. Хубилай хаан флотоо Солонгост төвлөрсөн умард (東路軍 Тонлэчун), Пукейнд төвлөрсөн өмнөд (江南軍 Хуннан) хоёр жигүүр болгон зохион байгуулж Япон улсыг дайлахаар илгээв.

1281 оны зургадугаар сарын арваны өдөр флотын хоёр жигүүр Хирадо арлын дэргэд нийлэн нэг хүч болоод Күюшүг довтолж эхэлжээ. Тулалдаан хоёр сар гаран үргэлжилсэн боловч Монголчуудын хувьд ахицтай өөрчлөлт гарсангүй. Харин ч Такашима арал дээр хуарагнасан Монгол флотын удирдагч Монгол жанжин Шүндаа, солонгос захирагч Ким Бан Гион, Хятад удирдагч Фан Вэнху нарын дунд зөрчил үүсчээ. Улмаар Фан Вэнху (范文虎) тулалдааны талбараас дур мэдэн дайжиж өөрийн талын хүмүүсээ дагуулан Гуулин улсын зүг зугтаав. Мин улсын үед туурвисан “Юань ши” (Юань улсын түүх) бичигт Фан Вэнху-гын зурвас намтар бий. Тэнд өгүүлсэнээр Фан Вэнху 1281 оны долоон сард Хирадо арлыг эзлэн баатарлагаар тулалдсан, далайн догшин шуурганд флот нь сүйрч арайхийн амь гарч нутагтаа эргэн ирсэн гэжээ. Энэ нь үнэнд нийцэхгүй юм. Фан Вэнху далайн шуурганаас бүр өмнө дайжин алга болсон ба солонгост нуугдаж байгаад Монгол флотын сүйрлийн дараа Хубилай хааны ордонд хүрч худал өчин өөрийгөө цагаатгасан байдаг. Хожим тэр бүхэн нь илэрч Хубилай хааны тушаалаар цаазлагдсан түүхтэй. “Юань ши”  түүхэн ойлборыг Монголын Юань гүрнийг мөхөөж Мин улсын төрийг байгуулсан Жу Юан Жан ( монгол сурвалж бичигт Жүгэ ноён гэдэг) хааны зарлигаар 1368-1369 оны хооронд жил хүрэхгүй хугацааны дотор бичжээ. Эмхтгэгчид нь Сун Лян тэргүүтэй бүгд дотор газрын бичгийн хүмүүс. Энэ бүтээлд маш их алдаа мадаг байдгийг манай судлаачид анхаарах хэрэгтэй юм.

Монголчуудаас айн балмагдсан   Эзэн хаан болон ард иргэд армийнхаа төлөө улс орон даяараа бурхан тэнгэрээс ивээл эрэн мөргөж шинто шашны ёслол үйлджээ. Домогт өгүүлсэнээр Эр Юн (一然) нэртэй лам Монгол флотын асуй явааг хараад тасралтгүй ном уншин зүхэж эхэлсэн аж. Дуу нь чангарах тусам салхи ширүүсч, догшин давалгаа үүсэн Хубилай хааны флотыг хаман залгисан гэнэ. Хувь заяаны тохиол уу? эсвэл үнэхээр хараал хүрсэн үү? 1281 оны наймдугаар сарын 15-аас 16 -нд шилжих  шөнө Такашима арлын орчим аймшигт хар шуурга дэгдэж Хубилай хааны флотыг хормын дотор далайн мандлаас арчин хаях нь тэр. Умард жигүүрийн дөрвөн түмэн цэргийн дөрөвний гурав, өмнөд жигүүрийн зуун мянган цэргийн дийлэнх нь далайд үйн сураггүй болжээ.


Энэ үеэс эхлэн япончууд тэр далайн хар шуургыг бурханаас илгээсэн Тэнгэрлэг салхи буюу Камиказэ (神風)хэмээн сүслэн бишрэх болжээ. 1994 онд Токиогын Хитоцубаши Их Сургуулийн профессор Танака Кацухико надад нэгэн сонирхолтой мөнгөн тэмдэгт бэлэглэсэн юм. 1873 онд гүйлгээнд гаргасан  нэг иений дэвсгэртийн ар нүүрэнд Монгол довтолгооны тухай өгүүлсэн зургыг хэвлэсэн байлаа. Энэ нэг иен бол Японы үүд хаалгыг нээж, америк маягийн анхны банкны системийг бий болгосон Мэйж хааны Кокурицу Гинко банкнаас анхлан гаргасан мөнгөн тэмдэгтүүдийн нэг болно.

Аймшигт сүйрлийн дараа Такашима арлын Таван луут ууланд хорогдон үлдсэн Монголын  түмэн цэрэг Япончуудтай удтал тулалдсан гэдэг. Япон цэргийн нэмэгдэл хүч нутгийнх нь гүнээс цутгасаар байв. Давуу хүчинд автан мөхөсдөж туйлдсан Монгол цэргүүд эцсээ хүртэл тэмцээд  шөнө дөлөөр үлдсэн онгоцондоо суун өрнийг чиглэн хөвжээ. Гэвч арлаас холдож чадсангүй. Эрэг өөд тэмүүлэх хүчит салхинд туугдан Хаката булангийн жижигхэн арал Шиканошимад газардан эцсийнхээ тулалдаанд оржээ. Арал дээр амь үрэгдсэн Монгол цэргүүдэд зориулан 1928 онд дурсгалын чулуун хөшөө босгосон тухай сонссон ч үзэж амжсангүй. Тэр чулуун хөшөөг Мокоцука (蒙古塚) хэмээн нэрлэдэг аж.

Сүүлчийн тулалдаанд оролцсон Монгол цэргийн үлдэгдэл бууж өгөн Японд хэдэн жил  амьдарсан тухай яриа байдаг. Өдгөө долоон зуу гаруй жилийн өндөрлөгөөс энэ ярианы үнэн худлыг ялгана гэдэг амаргүй. Сонирхолтой нь энэ таамгийг батлах гэсэн юм шиг нэгэн баримт Аомори мужийн Ичи-Ура гацааны түүхэнд тэмдэглэгдсэн байдаг юм. Эцсийн тулалдаанаас амьд үлдсэн дөчин хоёр Монгол цэрэг эвдэрхий салан дээр хөвсөөр энэ нутагт иржээ. Тэднийг асарч тэнхрүүлээд буцаасанд Хубилай хаан арван долоон азарга бэлэглэсэн тухай тэр түүхэнд тэмдэглэжээ. Мөн Япон тэнгисийн эрэг хавь Цугару нутгийн бүүвэйн дуунд  “Дэлдгэрхэн хүү минь бүү уйл, Далайгаас монгол гараад ирнэ шүү...” хэмээн дуулдаг нь өнөөг хүртэл уламжлан иржээ.

Шөнө орой болжээ.Зочид буудлын өрөөнд бүгчим санагдаж гадагш гарлаа. Далай давалгаална,  сэрүү татна. Харин би одоогоос долоон зуун жилийн тэртээ яг энд Хаката буланд болсон сүрт тулалдааныг сэтгэлдээ дүрслэн зогслоо. Хубилай хааны флотын хоёр дахь довтолгооноос сэргийлэн босгосон чулуун ханын үлдэгдэл алсад бараантан харагдана. Яагаад ч юм бэ сэтгэл тавгүйрхэн нэг л гунигтай. Хэдэн зуун жилийн өмнө энд амь насаа алдсан Монголын мянга мянган цэрэг эрийн сүнсийг даатган Бурхандаа залбирлаа. Маргааш Токио руу буцна. Толгойд элдэв бодол эргэлдэн нойр хүрэхгүй нь гачлантай. Өчигдөр Хисами надад “Японы түүхэн өгүүлэл” нэртэй ном бэлэглэсэн. Тэр номонд Монгол флотын довтолгооны тухай, Хубилай хааны тухай маш товчхон өгүүлсэн байсан нь санаанд оров. Эцэг өвгөдийн минь түүхийг, хүмүүний  бүхэл бүтэн нэгэн эринд ялагч, бүтээн цогцлоогч байсан Монголчуудын түүхийг биднээс өөр хэн ч үнэн мөнөөр нь бас халуун дулаан сэтгэлээр бичихгүй билээ.

Шөнө дөл эргэн тойронд түнэр харанхуй . Харин Хаката булангийн тэртээ Япон тэнгис дээгүүр салхи исгэрэн шуугина. Яг л аймшигт далайн шуурга дэгдэх гэж байгаа юм шиг санагдах нь юу вэ?...
ТОКИО-ФҮКҮОКА-ХАКАТА-ТАКАШИМА

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2352645/ca9/trackback

profile

эди хугда

2012.12.08 13:45:16
*.199.157.71

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
1446 Monkh-monkh bolon Cad nart huselt bnaa tuslaach [2] tsegii74 2009-10-28 1682
1445 Сайн байна уу, 2012 он... [1] uvgun 2009-10-28 1771
» ХУБИЛАЙ ХААНЫ ФЛОТЫН МӨРӨӨР 700 ЖИЛИЙН ДАРАА… [1] uvgun 2009-10-28 3186
1443 Өнгөрөгч мянганы түүхийг сөхвөл [1] uvgun 2009-10-27 2663
1442 Монгол Улсын 1911-1990 хүртэлх улс төрийн түүх [1] uvgun 2009-10-27 6120
1441 СОЛОНГОСООС ИРСЭН МОНГОЛ ХҮН (үргэлжлэл) [2] Monh-monh 2009-10-27 2137
1440 Шулмын салхи буюу Хубилайн сүйдсэн Флот [1] uvgun 2009-10-27 1947
1439 Солонгосын түүх [1] uvgun 2009-10-27 4886
1438 И Мён-Бак [1] uvgun 2009-10-27 2380
1437 Солонгосын дайн [1] uvgun 2009-10-27 2704
1436 Хөдөлмөрийн гэрээ ингэж өөрчлөгдлөө. ӨДРИЙН МЭНД 2009-10-27 3185
1435 Б.Сумъяабаатар: Юан гэсэн үгэнд “ХӨХ” гэдэг утга байна гэдгийг олж мэдсэн [1] uvgun 2009-10-27 2417
1434 МОНГОЛ УГСАА [1] uvgun 2009-10-27 4517
1433 Өгэдэйн байлдан дагуулал [1] uvgun 2009-10-26 3058
1432 БАТ, СVБЭЭДЭЙ НАР ДОРНОД ЕВРОПТ [1] uvgun 2009-10-26 1873
1431 Баабар. Төрийн үхдэггүй сэхдэггүй баатрууд [1] uvgun 2009-10-26 1539
1430 asyyh zuil baina aa helj ogooj [1] bib 2009-10-26 1156
1429 asyyh zuil baina aa helj ogooj [1] bib 2009-10-26 1161
1428 helj ugch tus bolooch [1] tsegii74 2009-10-26 1110
1427 Сартуул Овгийнхны Талаар uvgun 2009-10-25 2360
1426 Шатар ба Монгол оюун [3] uvgun 2009-10-25 5402
1425 Мөнгө олох гэж гомо болчихоод буцаж ирдэг [11] uvgun 2009-10-24 3012
1424 Өөрийгөө нүүдэлчдээс гаралтай гэж үздэг Монгол улсын иргэдэд [1] uvgun 2009-10-24 1730
1423 Хууль бус оршин суугчид мэс хэрэглэх нь нэмэгдэн, баривчилгаанд оролцож байгаа цагаачлалын албаны [1] ӨДРИЙН МЭНД 2009-10-24 1446
1422 Өнгө мөнгөний хорвоод хүмүүс бид хэрхэн аз жаргалтай амьдрах вэ? [3] uvgun 2009-10-24 1313
1421 Аав ээжийгээ хаягсад олширсон гэвэл та итгэх үү? [1] uvgun 2009-10-24 1342
1420 Миний залуу нас TeckTonik 2009-10-24 2211
1419 ХАРИЙН ТЭНVVЛЧИД МОНГОЛ БVСГVЙЧVVДИЙГ ЭЗЭРХИЙЛСЭЭР БАЙХ УУ [1] uvgun 2009-10-23 1380
1418 Эмгэнэл uvgun 2009-10-23 1850
1417 Солонгос улсын эртнээс эхлэн уламжилж ирсэн 9 төрлийн эмийн ургамалыг орчин үеийн шилдэг гоо сайхны аргачлалтай хослуулан 2009 онд шинэ шилдэг брэнд бүтээндэхүүн(эрэгтэй, эмэгтэй) гаргасаныг nnn2008nnn 2009-10-23 1244
1416 Оюу толгой : » С.Авирмэд: Бид арваад жилийн дараа л Оюутолгойн ашгийг хvртэж магадгvй uvgun 2009-10-23 1601
1415 ЭНГИЙН хэрнээ АУГАА uvgun 2009-10-23 1646
1414 Монголчууд ”татвараа” төлөхөөс татгалзжээ uvgun 2009-10-23 1131
1413 Хойд Солонгос дахин пуужин хөөргөхөөр бэлтгэжээ [1] uvgun 2009-10-23 1246
1412 Монголын Их Хатдын түүхийг яагаад нууцлав…? uvgun 2009-10-23 2260
1411 Монголд H1N1 вирүсийн халдвар авсан хүн нас барсан анхны тохиолдол гарлаа [1] uvgun 2009-10-23 1434
1410 Томуугийн А хүрээний H1N1 вирусийн өвчлөл нэмэгдсээр байна uvgun 2009-10-23 1073
1409 Монгол хүний менталитет uvgun 2009-10-23 2385
1408 И.Майский: Автономитийн үеийн монголчуудын тухай uvgun 2009-10-23 1756
1407 АРХИ МОНГОЛЫН ЭМГЭНЭЛ uvgun 2009-10-23 3977
1406 Баялгийн эзэн бид барлаг болох ёсгvй uvgun 2009-10-23 1166
1405 Гачуурт, Хужирбулан хоёрын дундах хэсэг газарт “Энэ Ли миний эзэмшлийн газар” гээд биччихсэн байх юм.. uvgun 2009-10-23 1730
1404 Энэ газар Монгол хvнээс илvv бурхан гэж vгvй uvgun 2009-10-23 1131
1403 Монгол хvн ба vндсэрхэг vзэл uvgun 2009-10-22 1365
1402 Бєєгийн нэрийг гутааж байгаа солиотой хvмvvсийг цагдаж хорих цаг иржээ uvgun 2009-10-22 1935
배너신청
자생병원

배너신청