Түүх заримдаа биднийг хачирхалтай зүйлээр баярлуулдаг. Хэзээ ч юм монгол-татарын хаад Русь / эртний орос/-ыг оролцуулан Евразийн тал нутгийг эзэгнэж байсан. Тэгвэл бидний үед нөхцөл байдал эсрэгээрээ эргэж дэлхийн өнцөг булан бүрийн төлөөлөгчид, тэр дундаа Оросын талынхан Монголын газар нутгийг хуваан авахаар зэхэж байна. Газар нутаг ч гэж дээ, эд баялгийг нь. Дээр үед ч, өнөө үед ч санхүүгийн асуудалгүйгээр бүтсэн зүйл байхгүй. Таван зууны өмнө Оросын тал Ордод татвар төлөхөөс татгалзаж байж. Харин одоо монголчууд Оросын талаас Зөвлөлтийн үеийн өрийг гуйн цагаатгуулчихаад хариуд нь амласан газрын баялгаа ашиглах эрхийг өгөхгүй байна, Оросын компаниуд бараг л хүний гap хүрээгүй, ирээдүйтэй гэх хоёр газрыг авч ашиглахаар өрсөлдөж байгаа. Тэдний нэг нь Оюутолгой. Эл газар нь алт, зэсийн орд ихтэй, хүний гараар хөндөгдөөгүйгээрээ дэлхийд дээгүүр орох баялагтай газар юм. Оюутолгойд 0.5 хувийн агууламжтай хүдэр бараг тэрбум тонн, зэс ба алт нэг тоннд 0.36 граммын агууламжтайгаар оршиж байгааг шинжээчид судалж тогтоогоод байгаа аж. Нөгөөх нь нүүрсний орд газар болох Тавантолгой. Түүний нөөцөд 800 сая тонн нүүрс байгаа гэсэн. Монголын энэ их эд баялгийг Оросын төмөр замын компани, “Базэл”, “”Ренова” зэрэг компаниуд ихэд сонирхож байгаа.
Тухайлбал, Оросын төмөр замын компани Улаанбаатарын төмөр замын засварын ажилд 36 сая ам.доллар зээлсэн төдийгүй 1000 вагон хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосон байна. Мөн энэ оны тавдугаар сард Ерөнхий сайд В.Путин Монголд айлчлах үедээ хоёр орны хамтын ажиллагааны асуудлаар хөндөж Оюутолгой, Тавантолгойн орд газруудад хамтран ажиллахаар тохирсон. Оросын талаас энэ талын төлөөлөгчид нь мөн л Оросын төмөр замын компанийнхан байсан. 2003 онд Оросын Засгийн газар Монголын ЗХУ-ын үед төлөх ёстой байсан 10 тэрбум ам.долларын өрийг цагаатгасан. Энэ цагаатгал нь хэтдээ Монголын баялгаас ашиглахад хөнгөлөлт эдлэх тооцоотой байсан юм. Энэ үед Монголын тал Зөвлөлтийн үеийн өрөөсөө хагацсан төдийгүй Орос Монголын хамтарсан “Монголросцветмет” компанид төлөх ёстой 180 сая ам.долларын өрөө ч тэглүүлээд авсан.
Гэтэл аравдугаар сарын эхээр Монголын эрх баригчид Оюутолгойн хяналтын үүргийг Канадын “Iүanhoe Mines” компанид өгсөн нь тодорхой болов. Гэрээний нөхцөл ёсоор 2013 оноос тухайн газруудаас баялгаа олборлож эхлэх аж. Төслийн боловсруулалтаар 2018 он гэхэд 450 тонн зэс, 330 мянган гурвалжин унц алт олборлох юм байна. Тэгэхээр Оросын тал монголчуудын амласан хамтын ажиллагааны эрхээ алдаж таарах нь. “Iүanhoe Mines” компани Оюутолгойг эртнээс судалсан төдийгүй тус бүс нутгийн уул уурхайн эрэл хайгуулын ажилд нэг тэрбум ам.доллараа зарцуулсан гэдгээр Монголын эрх баригчид өөрсдийгөө хаацайлж байгаа гэнэ. Гэхдээ амлалт ёсоор энэ орд газар Орос-Монголын хамтарсан үйлдвэрт л хамаатай байсан шүү дээ. Тиймээс зөрчилдөөн үүсч байна. Яагаад канадчууд монголчуудын хувьд оросуудаас эрхэм болчихов? Албан бус мэдээллээс үзэхэд “Iүanhoe Mines”-ийн ард хятадууд байгаа гэдэг нь үнэн бололтой. Монголын эд баялгийг эзэмших гэж байгаа гол өрсөлдөгч болсон энэ улс Ар Монголыг өөрийн нэг муж болох Өвөр Монголын үргэлжлэл гэж тооцдог. Тиймээс өөрийнхөө юмыг ямар ч үнээр хамаагүй олж авах гэж байгаа нь харагдаж байна.
“Оросын талд энэ байдал гэнэтийн төдийгүй таагүй байх нь гарцаагүй.
Оросын Засгийн газар тодорхой эрх үүрэгтэй болох гэж л их өрийг
тэглэсэн. Монголын эрдэс баялгийн төлөөх тэмцэл дөнгөж эхэлж байна гэж
би бодож байгаа. Төлөвлөсөн ёсоор Канадын компани онцгой эрхтэй бус ч
тус компанид бусад компанийн
оролцоо, хэд хэдэн холбоо сүлбээ байж ч магадгүй. Гэхдээ мэдээж нөхцөл
байдлыг хэлэлцэх болохоор харж л байя” гэж Оросын шинжлэх ухааны
академийн Алс Дорнодын хүрээлэнгийн орлогч захирал Сергей Лузянин дээрх
нөхцөл байдалд дүгнэлт хийжээ.
Оросын төмөр замынхан Оюутолгой бол Монголын цор ганц сонирхол татсан
газар биш гэж ярьж байна. Оросын төмөр замын захиргаа Тавантолгой
хүртэл төмөр зам барих болон тус бүс нутагт аж үйлдвэрийн төв барих
ажилд шаардлагатай 1.5 тэрбум ам.долларыг Засгийн газраас гуйсан.
Тэгэхээр зөвхөн Оюутолгой ч бус Монголын тал нутгаас алдсанаа эргүүлж
авах өөр боломжууд байгаа байх нь.
Тухайлбал, монголчууд Оюутолгойд 34 хувийн нөөцтэй болох гэж байгаа гэсэн. Гэхдээ энэ нөөцөө хадгалан үлдэхийн тулд төсөлд 800 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэнэ. Ийм хэмжээний мөнгийг тэд өөрсдөөсөө бий болгоно гэдэг юу л бол доо. Дэлхийн зах зээл дээр ч зээлэх улс олдохгүй биз ээ. Тийм болохоор Оросын талаар энэ мөнгийг төлүүлээд төсөлд нь оруулж болох магадлал өндөр байгаа юм. Гэхдээ монголчууд оросуудтай хамтрахыг хүсэхгүй байгаа бол Оросын Засгийн газар Парисын зээл олгогчдын клубт хандаж Монголын төлөх байсан нөгөө 180 сая ам.долларын зохицоогүй өрийн асуудлаа мэдэгдэх болно гэж сүрдүүлээд байгаа. Хэдий хэмжээний мөнгө болохыг чөтгөр бүү мэд. Гэхдээ л улаанбаатарчуудын хувьд энэ чухал шалтгаан болох юм байх.