Бичлэгийн тоо 2,391

Өгэдэйн байлдан дагуулал

Уншсан 3058 vote 0 2009.10.26 23:59:54

Өгэдэй хаан суунгуутаа юуны түрүүн өрнө зүгт зогсоосон дайны ажиллагааг нэн даруй сэргээж Дундад Азийн үлдэгдэл хүчийг дайлан цохих тухай зарлиг гаргасан байна. 1230 онд Өгэдэй хааны зарлигаар Чормаган ноён цэрэг авч мордов. Монгол цэрэг хоёр ч удаа Желал-ад-Динын цэрэгтэй таарч, бага сага тулалдаан хийж эхэлмэгц тэрээр цэргээ авч буруулсан аж. Чухам ингэж зоригт баатар Желал-ад-Дин хүчээ сэлбэн зугтаж эцэг Мухаммед Шахын гүрэнг дахин сэргээн тогтоох гэж санаархаж бололцоотой бүхнийг сүвэгчилсэн боловч нэг их амжилт олохгүй явсаар 1231 онд монгол цэрэгт эцсийн удаа сүрхий цохигдож, хэдэн үнэнч нөхдийнхөө хамт зугтаж яваад нутгийнхаа хэдэн хүмүүст хорлогдож алагджээ. Ингэж Хорезм улсын цэргийн эцсийн хүч цохигдож, Хорезмийн нутаг тэр аяараа монгол гүрний эзэмшилд бүрэн оров. Энэ нь хожим түүхэнд Цагаадайн улс гэж нэрлэгдэв. Монгол гэдэг үг нь “могол” болж, Монголын эзэнт улс нь “моголистан” болон хувирчээ. Гэвч энэ үгийг Дундад Ази дахь Монголын хаант улс гэж нэрлэх нь илүү тохиромжтой мэт санагдана. Чингисийн хуучин үнэнч анд зөвлөх Махмуд Ялавач Дундад Азид Монголын амбан захирагчаар ажиллаж Ходжемт хотыг нийслэлээ болгосон юм. Тэрээр сүүлдээ Цагаадайн итгэлт зөвлөх түшмэл болжээ.
Өгэдэй хаан Тулуй тэргүүтнийг дагуулан Алтан улсыг эцэслэн дайлж сөнөөхөөр хүчирхэг их цэрэг авч морджээ. Энэ бол эцэг Чингисийн үлдээсэн хамгийн гол гэрээс мөн байжээ. Ингээд Өгэдэй хаан 1231 оны 5-р сард өнөөгийн Өвөр Монголын “Ерэн есөн булаг”-т Их хуралдай хуруулж Алтан улсыг хэрхэн яаж байлдахаа нухацтай авч хэлэлцжээ. Ингээд гурван замаар яаравчлан  довтолж цохихоор шийд гаргажээ. Алтан улсын эзэн хаан Айцзун (1223-1233) умард нийслэл Чжунду (Бээжин) хотоо орхин Бяньцзинь зэрэг хэдэн хотод хэсүүчлэн сууж цэргийнхээ хүчийг бөөгнүүлж эцсийн тулалдаан хийхэд бэлдэж байжээ. Бяньцзинь хотыг ихэд анхааран бэхлэлт хамгаалалт тун сайн хийжээ. Ер нь тэр үед Алтан улсын мөхөх эсэхийг шийдэх эцсийн найдвар болсон хэд хэдэн бэхлэлт хот байсны дотроос Бяньцзинь, Цзюньчжоу, Гүйдэ, Цайчжоу хот чухал байрыг эзэлж байжээ. Эдгээр хотын оршин суугчид ялангуяа, Цайчжоу хотын иргэд монголын цэргийн өөдөөс төрөлх хотоо хамгаалан нэн баатарлаг тулалдан бууж өгөхгүй байжээ. Айцзун хааны цэргийн гол хүч ч эдгээр хотуудыг байрьж тогтооход чиглэгдэж байсан байна. Монгол цэрэг Бяньцзинь, Цзюньчжоу хотыг бүслэн байдлах үед Алтан улсын цэрэг хоол хүнсээр дутагдан бүтэн гурван өдөр хоол идээгүй гэж хятадын түүхэнд бичжээ. Өгэдэй хаан Чингисийн захиас ёсоор Алтан улсыг сүүлчийн удаа байлдан эзлэхэд ямар ч гэсэн Өмнөд Сүн улсын хүчийг олох хэрэгтэй байжээ. Ингээд Хятадын Өмнөд Сүн улстай Алтан улсыг хамтран эзлэх хэлэлцээр байгуулж уг хэлэлцээрийн урьдчилсан болзол болгон Алтан улсыг мөхөөсний дараа түүний эзэмшил агсан гол муж Хэнанийг Сүн улсын мэдэлд эргүүлэн өгөхөөр тогтжээ. Хятадын Өмнөд Сүн улс ч хэзээнээс санаархсан тэр мужийг авахаас татгалзсангүй, хэлэлцээр байгуулж монгол цэрэгтэй хамтран Алтан улсыг байлдпахаар болов. Ингээд Сүбэдэй жанжны удирдсан монгол цэрэг Бяньцзинь хотыг бүслэн 17 өдөр байлдсан боловч амархан эзэлсэнгүй. Тулуй цэргээ түр ухрааж хаан ахынхаа зөвлөгөөнийг сонсож, түргэн байлдан эзлэх тушаал авсаар Сүн улсын цэрэг хүрэлцэн ирэхээр нь хамтран хотын хойно, өмнөөс нь давшин байлдаж 1233 оны эцсээр тус хотыг эзлэв. Тэр үед Бяньцзинь хотод хижиг өвчин гарч таван хоногийн дотор 50 000 хүн үхсэн гэж бас хятад сурвалжид бичсэн байна. Айцзун хаан найрамдах хэлэлцээр хийх гэсэн боловч монголчууд хүлээж аваагүй байна. Учир нь Бяньцзинд очсон монголын 30 элчийг алсан байна. Улмаар 1233 оны зун Цайчжоу бэхлэлтэнд зугтан очиж тэрхүү сайтар бэхлэгдсэн хотыг 100 000 цэргээр хамгаалав. Сүбээдэй жанжин цэргээ авч Айцзун хааныг нэхэн хөөж Цайчжоу хотод очоод Тачар жанжин цэргийн хамт уул хотыг бүслэн байлдав. Цайчжоу хотыг хамгаалах цэрэг, хотын ард иргэдийн хамт хэдэн сар монголын цэрэгтэй баатарлаг тулалджээ. Хотыг бүслэн байлдахад Ши Тяньцзэгийн удирдсан хятад цэрэг оролцжээ. Мөн Хуны удирдсан Өмнөд Сүн улсын 200 000 цэрэг бас ирж хотыг бүслэн байлджээ. Алтан улсыг байлдан эзэлэх явцад тийм ширүүн, хүчтэй эсэргүүцэлтэй монгол цэрэг бараг тулгарсангүй шахам ажээ. 1234 оны хавар Сүн улсын цэрэг хотын өмнө дүүргийг, монгол цэрэг хотын баруун дүүргийг эзэлж авсанаар Цайчжоу хот бүр мөсөн эзлэгдэв. 1234 онд Алтан улс бүрмөсөн мөхөж Айцзун хаан амиа хорложээ.
Монголчууд Умард хятадын нутгийг эзлэн 119 жил тогтож монголын талаар олон жил нэн их хорт бодлого явуулж байсан Зүрчид угсааны Алтан улсыг монголын хаад 20 гаруй жил байлдаж ихээхэн хохирол хүлээсний эцэст бүрмөсөн эзлэн авсан түүхтэй ажээ. Монгол цэрэг Алтан улсыг байлдан ялалт байгуулсан явдал хэд хэдэн учир шалтгаантай байжээ. Алтан улс хэдийгээр хүн ам олонтой, газар нутаг өргөн, түмэн газрын цагаан хэрмээр хилийн халхавч хийсэн боловч монголын морин цэргийн дайралталд амархан өртөв. Монгол цэргийн ялалтанд цагаан хэрмийн араар нутагтай Онгуд аймаг тус их хүргэсэн юм. Алтан улсын ноёрхогч ангийн хоорондын дотоод зөрчил хурцдаж газрын эздийн дарлалыг эсэргүүцсэн тариаланчдын бослого газар сайгүй гарчээ.  Мөн холбоотон болж байсан хятадын Өмнөд Сүн улс 1233 онд Хятан, Тангуд улс бүр эрт нэгэнт монголын цэрэгт хүчин туслахаар амлаж Алтан улстай холбоогоо тасалсан байлаа. Алтан улсын нөлөө бүхий зарим ноёд, жанжин нар монголын талд урван орж, хариу эргэн Зүрчидийн ноёд жанжин нартайгаа байлджээ. Ер нь монголчууд Алтан улсын дотоод зөрчилийг маш чадамгай ашиглажээ. Мөн Алтан улсын агт морьдыг сүрэг сүргээр олзлох, идэшний малыг нь олзлох, хоол хүнсний дутагдалд оруулах, зэвсгийн агуулахыг сүйтгэх, сан хөмрөгийг нь эзлэн авах ажлыг монгол цэрэг чадамгай хийжээ. Монгол цэргийн удирдлагын ухаан чадал, байлдааны арга тактик сайн, цэрэг нь сахилга, зохион байгуулалт өндөр  байсан байна. Энэ талаараа Алтан улсын цэргээс хамаагүй давуу байжээ. Өгэдэй хаан Алтан улсыг эзэлсэний дараа хятадын ард түмнээс татах алба татварын хэмжээг тогтоож, татвар хураах ажлыг төв засгийн мэдэлд авчээ. Өгэдэй хаан өөрийн хүү Хүдэнгээр Тангудыг захируулжээ. Өгэдэй хаан Алтан улсын эсрэг байлдахын зэрэгцээ Солонгосыг дайтжээ. Дашрамд өгүүлэхэд Их Монгол улсын Монгол, Солонгосын харилцааны талаар хамгийн чухал хоёр мэдээ түүхэнд гардаг. Нэг дэхь нь Бух цагаан хаан ба Саран гүнжийн домог юм. Нөгөө нь Солонгосын умард нутагт зугтан орсон Хятаны үлдэгдэл цэргийг нэхэн монгол цэрэг Солонгост цөмрөн орсон явдал юм. 1216 онд хятаны хоёр Важна тэргүүтэй хэсэг эрхтэн дархтан Их Монгол улсыг эсэргүүцэн бослого гаргаж сүүлийн удаа монголын эсрэг босоод ялагдал хүлээсэн юм. Кым Сан Важна нарын тэргүүлсэн Хятаны цэргийн үлдэгдэл хүч Солонгосын умард нутагт шурган орж Кандон хотыг эзлэн авч тэндэхийн газар нутгийг нь булаан, хүн ардыг түйвээж Солонгосын ард түмэнд гай зовлон учруулж байв. Хятанчуудын эсрэг тэмцлийг Солонгосын жанжин И Чок удирдан баатарлаг тэмцэж байсан гэдэг. 1218 онд Жала, Хажин нарын удирдсан монгол цэрэг хятаны үлдэгдэл цэргийг нэхэн дарахаар Солонгосын умард хэсэгт цөмрөн орсон байна. Ингээд Солоногос, Монголын хоёр талын хүчээр Хятаны цэргийн үлдэгдэл хүчийг бут цохижээ. Солонгосын цэргийг алдарт жанжин Жо Чун удирджээ. Дараа нь Монгол, Солонгос хоёр улсын харилцаа үл довтлолцох тангараг өргөцгөөжээ.
Тэрхүү тангараг бичигт: “Бидний хоёр улс үүрд ах дүү болж түмэн үед үр сад маань энэ өдрийг бүү мартаг” гэж бичсэн байна. Ингээд Гуулин улсын ван Кожон (1214-1259) Монгол Улсад алба өргөх болжээ.
1218 оны 12 дугаар сард ИХ Монгол улсаас Гуулин улсын ванд илгээсэн захидал, 1221 онд Чингис хаанаас Гуудин улсын ванд илгээсэн зарлиг бичиг болон Гуулин улсын вангаас 1231, 1232 онд Өгэдэй хаанд илгээсэн айлтгал бичгүүд нь Их Монгол улсын үеийн монгол, солонгосын харилцааны чухал баримт бичиг мөн. Ер нь 1218 онд Чингисийн, 1232 онд Өгэдэйн дипломат үйл ажиллагаа нэн өргөн далайцтай явагдсан жилүүд юм. XIII зууны үед монголын эмэгтэй элч солонгост очиж байсан нь монгол солонгосын гадаад харилцааны түүхэнд үнэхээр чухал зүйл юм.
Чингис хаан Сартул улсыг дайлж явахад 1225 онд Солонгост очсон Их Монгол улсын элчийг (Жугуйг) буцах замд нь харваж алжээ. Гэвч Чингис хаан элч алагдсанаас шалтгаалан Солонгосыг цэргийн хүчээр довтлон сүйтгэе гэж бодоогүй бөгөөд хоёр улсын харилцааг хурцадгахгүйгээр хэл амаа олох аргыг аль болохоор сүвэгчлэх нь зүйтэй гэж үзэж байжээ.
Чингисийн элчийг алсан хэрэг явдал гараад 6 жил болсоны дараа буюу 1231 онд Өгэдэй хаан төрийн элч алсан хэргээр шалтгаалан монгол цэргийг Солонгосын умард нутгаар оруулсан ажээ. 1231 оны 12-р сард Гуулин улсын Вангаас Өгэдэй хаанд илгээсэн захидалын агуулгаас үзэхэд элч алсан нь монголчуудын Солонгост довтлох шалтгаан болсон байна. Өгэдэй хааны үед монгол цэрэг 1231, 1232, 1235 онуудад гурван удаа Солонгосыг довтолжээ. Хамгийн хүчтэй нь Сартаг жанжины удирдсан 1235 оны дайн байжээ. Монгол цэргийн довтолгооноос болж солонгосчууд нийслэлээ хүртэл Канхва аралд шилжүүлэн аваачиж байжээ. Монголчууд Солонгосыг захиран баримтлахын тулд 70 даргачийг дарангуй цэргийн хамт гол төв газруудад томилон суулгасан байна. Солонгосын ард түмэн хүчтэй бослого гаргаж монголын даргач нарыг цөмийг нь алж устгасан гэдэг. Түүнээс болж монгол цэрэг Солонгосыг хүчтэй довтолсон ажээ.Алтан улс мөхсөний дараа Өмнөд Сүн улс Монголтой хобоогоо таслан, Их Монгол улсын эсрэг зогсож Алтан улсын эзэмшилийн зарим хот бэхлэлтийг эзлэн авчээ. Мөн Монголын элчийг алжээ. Иймээс Өгэдэй хаан Хятадын Өмнөд Сүн улсыг түрэн байлдаж эхэлжээ. Нэгдүгээр замын цэргийг хаан хөвгүүн Хүдэн удирдан Ганьсу, Шанша мужийн зарим хот тосгодыг эзэлж улмаар Сычуанд нэвтрэн орж хэд хэдэн гол хотыг эзэлж аваад буцжээ. Хаан хөвгүүн Хүчийн дайчилсан цэрэг Хэбэй мужийн чухал хот боомтыг эзлэн авч байжээ. Харин дайны явцад Хүч өвчнөөр нас баржээ. Гэвч тэр удаа Өмнөд Сүн улсыг байлдахаар их хүч гаргаагүй бөгөөд тэр нь өрнөдийг довтлохтой холбоотой байжээ.
Өгэдэй хаан 1235 онд Хархорум хотод ноёдын Их Хуралдай хуралдуулжээ. Их хуралдайгаар Алтан улсыг байлдан эзэлж эцэг Чингисийн гэрээсийн биелүүлсэн ба Өрнө зүгт дайны ажиллагааг ерөнхийлөн удирдахыг Зүчийн хүү Батад бүрмөсөн хариуцуулж, Сүбээдэйг цэргийг биеэр удирдах ерөнхий жанжнаар томилжээ. Өгэдэй ахмад хүү Гүюүг, Цагаадайн ач хүү Бури, Байдар, Тулуйн хүү Мөнх нарыг бас цэрэг удирдах гол ажилд оролцуулан томилжээ. Монгол цэрэг 1236 онд Болгаруудыг бут цохиод 1237 оны өвөл Оросын Рязаны вант улсын нутагт цөмрөн оров. Бат хаан өөрийн цэргээ тэр нутгаас олзолсон харь эрчүүдээр сэлбэн томруулдаг байжээ. 1256 онд маш том сэлбэлт хийсэн гэж түүх сударт бичжээ. Рязань хотын иргэд монгол цэрэгтэй 7 өдөр тулалдаж эцэст нь хүчин мөхөсдөж хотоо алдав. Монгол цэрэг 1238 онд Москваг эзэлж дараа нь Ростов, Ярослав, Димитрын вант улсын 14 хотыг саадгүй эзлэв. Хүчтэй эсэргүүцэл үзүүлсэн Владимир хотыг ч эзлэн авчээ.
1238 оны 3-р сард Батын цэрэг Новогородыг эзлэхээр дөхөж очоод намаг устай замын бэрхшээлээс болж буцаж замдаа Смоленск, Черниговын вант улсуудыг эзлэн авчээ. Тэдгээрээс хотоо хамгаалж монгол цэрэгтэй баатарлаг тулалдсан нь Калуга мужийн Козельск хотын ард иргэд бөгөөд тэд хотоо хамгаалан 49 хоног эрэлхэг тулалджээ. Монголчууд уул хотыг үнсэн товрог болгож түүнийг “түрэмгий хот” гэж нэрлэжээ. 1239 оны эцсээр монгол цэрэг Переяславь, Черников хотыг эзэлж улмаар Крым, Кавказын чанадыг эзлэн авчээ. Ингэж монголчууд Кавказын чанадыг 100 орчим жил захирсан билээ. 1240 онд Переяславль, Черников хотыг байлдан эзэлж мөн оны эцсээр баатарлаг тулалдсан Кмевийг эзэлжээ. Ер нь Оросын вант улс хүчээ нэгтгэж чадаагүйгээс амархан эзлэгдэж байжээ. Батын монгол цэрэг 1241 оны эхээр Оросын баруун зүгт давшин Галиц, Владимир, Болынскийн газар нутгийг тус тус эзлэн авчээ.Чухам ингэж монгол цэрэг өмнө, Баруун Европд цөмрөн орох зам нээгджээ. Цаашлан Польш, Молдав, Силезийг довтолж улмаар Унгарын нутагт нэвтрэн оржээ. Бат хаан юуны түрүүнд Унгарыг эзлэн авахаар төлөвлөжээ. Унгарын нутаг бол Баруун Европд нэвтрэн орох гол уулзвар зангилаа мөн байжээ. Бас Унгар нутагт мал адуулахад тохиромжтой гэж үзжээ. Түүнчлэн унгарчууд монголоос гаралтай мөртлөө элэнц, хуланцынхаа эсрэг ажил хийх ёс суртхууны эрхгүй гэж Бат үзсэн гэдэг. Орос болон бусад нутагт Батын цэрэгт цохигдож зугтсан бүхэн Унгарт зугтан очиж орогнодог байжээ. Тэр ч байтугай Батад цохигдсон Команы хаан Котияныг хүртэл цэрэг албаты нь хамт Унгарын IV Бела хаан хүлээн авч орогнуулжээ. Энэ бүхэн нь Батын Унгарт довтлох шалтгаан болжээ. Ингээд монгол цэрэг Тисса гол дээр Унгарын цэргийн гол хүчтэй тулалдаж бут цохижээ. Бат, Сүбээдэйн цэрэг Унгарын хаан IV Белаг хөөсөөр Австрийн Вена хотод хүрч очжээ. Монгол цэргийн сүр хүчнээс Франц, Англи, Испани хүртэл айж болгоомжилж эхэлсэн байна. Ромын их хамба лам хүртэл монгол цэргээс айн сүрдэж өдөр бүр мөргөд залбирал үйлдэж байсан гэдэг. Данийн ван Галиций монголчуудаас өршөөл гуйхаар шийдэж байжээ.
Монгол цэрэг Словакийг туулж, Дорнод Чехийг эзэлж Адриатын тэнгис хүрээд байтал Өгэдэй хаан нас барсан мэдээг Бат сонсов. Бат хаан Их Монгол улсын далай хаан таалал төгссөн тэрхүү гунигт мэдээ сонсмогц Төв Европоор хийх дайнаа цааш үргэлжлүүлэхээ зогсоож 1241 оны 12 дугаар сарын эцсээр цэргээ авч гэрдэг буцжээ. Европын улс орон хүчээ хамтран нэгтгэж монгол цэрэгтэй байлдахаар зэхсэн бөгөөд Польш, Чех, Унгарын зэрэг орны ард түмэн эх орноо хамгаалан монголын байлдан дагуулагчдын эсрэг баатарлаг тулалдаж байжээ. Бас Орос нутагт оросын ард түмний эсэргүүцэл хөдөлгөөн ч хүчтэй байжээ. Монгол цэрэг ч удаан дайнд ядран сульдаж дайнаа зогсоож амрах шаардлагатай болжээ. Батын Европоос цэргээ авч буцсаны гол шалтгаан гэвэл Өгэдэй хаан нас барж, хаан ширээний төлөө тэмцэл Их Монгол улсад хурцдах төлөвтэй болсонд оршино. Их хааны орыг зөв олж сонгоход алтан ургийн дотроос Бат гол санаачлага гаргах үүрэгтэй хүн мөн байв. Бат хаан Орос дахь өөрийн харъяаны эзэмшил улсыг Өгэдэйн үед Хархорум төвтэй Их Монгол улстай зузаан холбоо тогтоожээ. Бат хаан Орос голдуу эзэлсэн нутгаа ах дүүдээ хуваан өгчээ. Бат хаан “Алтан ордон”, Ичен “Цагаан ордон”, бага дүү нь “Хөх ордон”-ы улсыг тус тус авсан гэдэг. Оросын төрийн бүтцийг өөрчилсөнгүй, татвар гувчуурыг орос хүнээр тухайлбал, оросын вангуудаар дамжуулан авч байжээ.Батын гэр орд нь нэг хэсэгтээ Ижил мөрний дагууд нүүдлийн явуул өргөө байжээ. «Алтан орны улс ба түүний мөхөл» гэдэг номонд бичсэн нь: “Бат хаан хотын амьдарлыг бий болгож түүнтэй холбоотойгоор худалдаа наймаа хийх нь улсын санд арвин их ашиг оруулна гэдгийг ойлгож байсан” гэжээ. В.Г.Тизенгаузен бичсэн нь: “Тэрбээр (Бат хаан) маш шудрага, лалын шашинтны нөхөр байлаа. Түүний ивээл дор лалын шашинтнууд чөлөөтэй амьдарч байв” гэжээ. Ираны түүхч Жувейни «Дэлхийг байлдан дагуулагчдын түүх» номондоо: “... Өргөө барих газраа Бат хаан сонгон авч хот байгуулан Сарай Бат гэж нэрлэв... Ром, Сири бусад орны Султан нарт хөнглөлтийн бичиг пайз өгч, хүчин зүтгэсэн хүн бүрт шан харамж хүртээж байв” гэж бичжээ. Армений түүхч Кирокос Гандзаский бичихдээ: “Хан, тайж, ван, худалдаачин болон хохирон гомдож эх нутгаа алдсан хэн бүхэн Батад очиход тэрээр шударгаар тунгаан орон нутаг, ванлигийг буцаан өгч бичиг, пайз олгож байв. Түүний тушаал зарлигийг хэн ч эсэргүүцэж үл зүрхэлнэ” гэжээ. Дээрхи баримтаас үзэхэд Бат хаан 20 орчим жил хаанчлахдаа Их Монгол улсын дотоод гадаад бодлогод их нөлөө үзүүлсэн төрийн томоохон зүтгэлтэн аж. Түүгээр ч барахгүй Бат нь монголчуудын нэрийг Европ дахинаа гаргаж, Орос улсыг нэгтгэсэн гэдгийг хэн ч үгүйсгэхгүй биз ээ.
Ер нь монголчууд Европыг дан ганц дайлсан бус тэднийг өөр хооронд нь холбож, хөгжлийг нь урагшлуулахад ихээхэн хувь нэмэр оруулсан болохыг Б.Г.Гафусов, Л.Н.Гумилев нарын олон эрдэмтэн нэгэнт зохих ёсоор үнэлэн дүгнэж бичсэнийг энэ дашрамд өгүүлэх нь зүйтэй болов уу.
Өгэдэй хааны байлдан дагууллаар Умард Хятад нутгийг монголчууд бүрмөсөн эзэлж захиргаагаа тогтоов. Дундад Азид Цагаадайн улс, Орост Батын улс тус тус байгуулагдав. Эдгээр улсуудын улс төрийн гол төв нь Хархорум төвтэй Их Монгол улс мөн байлаа. Өгэдэй хааны биеэр дайлсан дайн богино хугацаанд амжилт олсон шалтгаан бол түүний зохион байгуулах их авъяастай шууд холбоотой байжээ.
Өгэдэй хаан амьд сэрүүн байхдаа Есүй хатнаас төрсөн Хашид их хайртай байсан бөгөөд тэрээр ном эрдэмтэй, монгол, хятад бичиг сайн сурсан авъяаслаг залуу байж. Өгэдэй хаан ч түүнийг ном эрдэмтэй хүн болгох гэж чармайлт гаргажээ. Гагцхүү хаан ширээ залгамжлуулах гэсэн эцгийн итгэлийг огоорч, архинд хэт шунаж жаргалдаа хэт ташаарч явсаар залуу зандан насандаа төрөл арилжжээ. Хашийн нас барсан нь Өгэдэйн ургийнхны дотор тохиолдсон хамгийн эмгэнэлт явдал болсон ажээ. Өөрөөр хэлбэл хаан ширээ яваандаа Тулуйн удамд шилжих нөхцөл бүрджээ. Бусад хүүхэд Хүдэн, Хүчү, Харцар, Хадантөмөр цөмөөр цэрэг захирч байлдаан хийж яваад нас баржээ. Харин Рашид-ад-Дины зохиолд бичсэнээр бол Туракина хатнаас гарсан Хүчүгийг хаан сууриа залгамжлуулахаар захиж байсан боловч эрт нас барсан гэжээ. Туракина хатан Чингисийн хайртай ач Годанд дургүй хүрч Хүчүгийг хаан ширээ залгамжлуулахаар бэлтгэж байсан байна. Гэтэл Хүчү нэгэнт нас барсан тул Туракина хатан ач хүү Ширэмүнээр хаан ширээ залгамжлуулахыг бодсон боловч тэрээр нас балчир, эрийн цээнд хараахан хүрээгүй байжээ.Өгэдэй хаан ийнхүү эцэг Чингисийн гэрээсийг бүрэн биелүүлж Их Монгол улсыг монгол гүрний улс төрийн төв баттай болгож түүний эдийн засгийг хөгжүүлж, хот суурин байгуулж, өртөө улаа хүрэлцэхүйц суурилуулж, бичиг соёлыг дээдлэн хөгжүүлэв. «Монголын нууц товчоо»-г бичүүлж дуусгаад 1240 онд гардан хүлээж авав. Өгэдэй хаан суусан 13 жилд Их Монгол улс дэг журамтай, хөгжилтэй, хүчтэй, нэгдэл нягтралтай, гадаад харилцаа ихэд хөгжсөн байна. Энэ бол Өгэдэй хааны түүхэн гавьяа мөн. Ер нь хүссэн хэн бүхэн хаан болж үл чадах бөгөөд хэрэв хаан байвал жинхэнэ хаан төрхтэй хаан байх учиртай хэмээн Чингисийн айлдсан сургаалийг Өгэдэй хаан үнэнхүү хэрэгжүүлж чаджээ. Өгэдэй хаан угаас уур уцааргүй, налгар тайван, алсын хараатай, илүү дутуу үггүй, бусдын үгийг тоож сонсоож эрэгцүүлэн боддог, эрдэмтэн хүнийг дээдэлдэг, түүх намтар их мэддэг, үлгэр сонсох дуртай, ядуу доодсыг өрөвдөн хайралдаг, хувийн аминцар үзэл байхгүй, юмны арга эвийг аятайхан олдог, цэргийн хэргийн өндөр мэдлэгтэй, улсыг удирдах их увидастай хүн байжээ. Нэг гэм нь архи балгах дуртай, энэ талаар эцэг Чингис, ах Цагаадай нараасаа удаа дараа хатуу үг сонсож явсан удаатай. Гэхдээ архи уулаа гээд төрийн хэрэг цалгардуулсан явдал огт байсангүй. Өөрийгөө “махнаас өөр хоолгүй, малаас өөр хайргүй” гэж үздэг байжээ. Үүнээс ургуулж бодохул, Өгэдэй маханд дуртай монгол эр байж. Мал, малчин хоёрыг хайрладаг монгол хаан байжээ. Малгүй бол монгол байхгүй, малыг хайрлагтун, малыг зовоож алж болохгүй гэж олон дахин сурган хэлдэг байсан нь тийм л гүн утга учиртай байсан аж. Их хаан мөртлөө энгийн даруу, хэн ч байсан хүлээн авч уулздаг, уулзсан учирсантайгаа тэгш харьцдаг бас тэгээд өрөвчхөн сэтгэлтэй хүн байжээ. Нэгэн удаа ядуу хүнийг өрөвдөөд хатныхаа эрднын шигтгээт алтан ээмгийг мултлан өгч байсан гэдэг. Бас ядуу ардын хийсэн гар урлалын зүйлийг өндөр үнээр авах захирамж гаргаж байсан зэрэг жишээ баримт түүх сударт тэмдэглэгдэж хоцорчээ.
Өгэдэй хаан их гүрнийг удирдахдаа эцэг Чингисийн үзэл санаа, захиа гэрээсийг хатуу баримтлан хаан суусан өдрөөсөө “Чингис хаан эцгийнхээ зүдэрч байгуулсан улсыг бүү зовооё, хөлий нь хөсөр, гарыг нь газар тавиулж жаргаая” хэмээн тангараглаад үйл ажиллагааныхаа гарааг эхэлсэн билээ. Мөн тэрээр “эцэг Чингис хааны гарагасн бүх зарлигийн нэр агуулга өөрчлөгдөхгүй хуучин хэвээр байх болно” гэж зарлиг болгожээ. Өгэдэй хаан суусны дараа “ард олноо амаржуулан жаргааж ард иргэддээ төвөг тээргүй дэг журам тогтооно” гэж андгайлж байв. Түүнийг андгайлан хэлсэн энэ үг яг л биелэгдсэн билээ. Тэрчлэн Өгэдэй хаан “Зуун хонь тутмаас нэгэн хонь гаргаж улсын доторхи үгээгүй ядуучуудад тусламж болгон өгтүгэй” хэмээн зарлиг гаргаж ядуу ард түмний амьдрал ахуйг харж, тэтгэн дэмжиж байжээ.Өгэдэй хаан нэг удаа хятад хүн мусульман хүнийг доромжилсон жүжиг үзээд тэр жүжгийг үргэлжлүүлэн тоглохыг зогсоож хэлсэн нь: “мусульманчуудын хамгийн ядуу айл гэхэд л хэдэн хятад зарцтай юм. Гэтэл ямар ч баян хятад айлд нэг ч мусульман зарц үгүй. Эцэг Чингис хааны тогтоосон хуулинд нэг мусульман хүн албал дөчин хэлхээ шижир алтаар төлөх. Нэг хятад хүн албал илжгээр төлнө гэж заасан нь ийм л учиртай юм” гэжээ. Өгэдэй хаан өөрөө бөө мөргөлийг голдуу итгэн шүтдэг байсан мөртлөө бас бурхны шашин болон бусад шашныг хүндлэн тэгш үздэг байжээ. Ялангуяа лалын шашинтай хүмүүстэй эвгүй харьцаж хэзээ ч болохгүй гэж сургадаг байжээ. Энэ бол их хааны нэгэн өвөрмөц шинж байсан биз. Өгэдэй хаан 1241 оны 12-р сарын 9-нд олон хүн дагуулан их ав хомрого зохиож 10-ний өдөр ордондоо бүх хатад, хөвгүүд, ноёд, түшмэд, эрдэмтэн мэргэд, жанжинуудаа ирүүлж хэлсэн нь: “Эцгийнхээ их сууринд сууж хаан эцгээс хойш үйлдсэн хэрэг минь: Нэгдүгээрт, Зүрчид иргэнд аялж зүрчид иргэнийг мохоов би. Хоёрдугаарт, бидний хооронд элч хурдан явуулж харилцах ба элдэв хэргийг зөөлгөх өртөө замыг тавиулав. Гуравдугаарт, усгүй газар худаг малтуулж гаргуулаад улс иргэдийг ус өвсөнд хүргүүлэв. Дөрөвдүгээрт, зүг зүгийн суурин иргэдэд ахлагч, тамгачийг тавьж улс иргэний хөл хөсөр гар газар тавиулж амар түвшин болгов. Хаан эцгээс хойш ийм дөрвөн үйлийг нэмэв би. Бас хаан эцгийнхээ сууринд сууж олон улс иргэнийг тээж захирах их үүргийг хүлээсэн бөгөөтөл бор дарсанд дийлэгдсэн минь нэгдүгээр буруу минь болов. Хоёрдугаарт, ёсгүй эм хүний үгэнд орж Отчигин авгын харъяат нарын дотроос охид авчруулж, улсын эзэн хаан байтлаа ёсгүй муу ажлаас үйлэнд хазайсан минь бас нэг буруу болов. Гуравдугаарт, Доголоху-г далдаас хардсан бас нэгэн буруу бас бий. Ямар буруу вэ гэвээс хаан эцгийн минь харах нүдний өмнө хамгаас түрүүн хатгалдаж явсан Доголоху-г муу үгэнд автаж хороожээ. Одоо миний өмнө хэн тэгэж тэргүүлэн давшиж өгөх вэ? Хаан эцгийн өмнө зүтгэсэн журамт хүнийг үл ухааран өшөөлдсөнийгөө өөрөө буруушаана би. Дөрөвдүгээрт, тэнгэр газраас заяат төрсөн гөрөөсийг ах дүүгийн зүг оруузай хэмээн харамлаж одоо хэрэм нүдүүлж хориг саад болгосны учир ах дүүгээс гомдох үг сонсов би. Энэ бас нэг буруу болов. Харин эцгээс хойш дөрвөн үйл нэмэв би. Бас дөрвөн үйлс буруу үйлдэв” хэмээжээ.
Өгэдэй хаан бол амьдралынхаа турш монгол түмний нэгдлийн төлөө, хаанчлалынхаа турш монголын эзэнт улсыг бататган бэхжүүлэх, Их Монгол улсын төр, аж ахуйг өөд татахын төлөө амь бие хайрлахгүй зүтгэсээр ийнхүү насан өөд болжээ. Түүхээс заяагдсан ийм л хүн эзэн хаан буюу монгол төрийн тэргүүн байх учиртай ажгуу.

Эх сурвалж: Монгол улсын шинжлэх ухааны академи түүхийн хүрээлэн
“Монгол улсын түүх” дэд боть

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2349131/7eb/trackback

profile

эди хугда

2012.12.08 13:46:14
*.199.157.71

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
1446 Monkh-monkh bolon Cad nart huselt bnaa tuslaach [2] tsegii74 2009-10-28 1682
1445 Сайн байна уу, 2012 он... [1] uvgun 2009-10-28 1771
1444 ХУБИЛАЙ ХААНЫ ФЛОТЫН МӨРӨӨР 700 ЖИЛИЙН ДАРАА… [1] uvgun 2009-10-28 3186
1443 Өнгөрөгч мянганы түүхийг сөхвөл [1] uvgun 2009-10-27 2663
1442 Монгол Улсын 1911-1990 хүртэлх улс төрийн түүх [1] uvgun 2009-10-27 6120
1441 СОЛОНГОСООС ИРСЭН МОНГОЛ ХҮН (үргэлжлэл) [2] Monh-monh 2009-10-27 2137
1440 Шулмын салхи буюу Хубилайн сүйдсэн Флот [1] uvgun 2009-10-27 1947
1439 Солонгосын түүх [1] uvgun 2009-10-27 4886
1438 И Мён-Бак [1] uvgun 2009-10-27 2380
1437 Солонгосын дайн [1] uvgun 2009-10-27 2704
1436 Хөдөлмөрийн гэрээ ингэж өөрчлөгдлөө. ӨДРИЙН МЭНД 2009-10-27 3185
1435 Б.Сумъяабаатар: Юан гэсэн үгэнд “ХӨХ” гэдэг утга байна гэдгийг олж мэдсэн [1] uvgun 2009-10-27 2417
1434 МОНГОЛ УГСАА [1] uvgun 2009-10-27 4517
» Өгэдэйн байлдан дагуулал [1] uvgun 2009-10-26 3058
1432 БАТ, СVБЭЭДЭЙ НАР ДОРНОД ЕВРОПТ [1] uvgun 2009-10-26 1873
1431 Баабар. Төрийн үхдэггүй сэхдэггүй баатрууд [1] uvgun 2009-10-26 1539
1430 asyyh zuil baina aa helj ogooj [1] bib 2009-10-26 1156
1429 asyyh zuil baina aa helj ogooj [1] bib 2009-10-26 1161
1428 helj ugch tus bolooch [1] tsegii74 2009-10-26 1110
1427 Сартуул Овгийнхны Талаар uvgun 2009-10-25 2360
1426 Шатар ба Монгол оюун [3] uvgun 2009-10-25 5402
1425 Мөнгө олох гэж гомо болчихоод буцаж ирдэг [11] uvgun 2009-10-24 3012
1424 Өөрийгөө нүүдэлчдээс гаралтай гэж үздэг Монгол улсын иргэдэд [1] uvgun 2009-10-24 1730
1423 Хууль бус оршин суугчид мэс хэрэглэх нь нэмэгдэн, баривчилгаанд оролцож байгаа цагаачлалын албаны [1] ӨДРИЙН МЭНД 2009-10-24 1446
1422 Өнгө мөнгөний хорвоод хүмүүс бид хэрхэн аз жаргалтай амьдрах вэ? [3] uvgun 2009-10-24 1313
1421 Аав ээжийгээ хаягсад олширсон гэвэл та итгэх үү? [1] uvgun 2009-10-24 1342
1420 Миний залуу нас TeckTonik 2009-10-24 2211
1419 ХАРИЙН ТЭНVVЛЧИД МОНГОЛ БVСГVЙЧVVДИЙГ ЭЗЭРХИЙЛСЭЭР БАЙХ УУ [1] uvgun 2009-10-23 1380
1418 Эмгэнэл uvgun 2009-10-23 1850
1417 Солонгос улсын эртнээс эхлэн уламжилж ирсэн 9 төрлийн эмийн ургамалыг орчин үеийн шилдэг гоо сайхны аргачлалтай хослуулан 2009 онд шинэ шилдэг брэнд бүтээндэхүүн(эрэгтэй, эмэгтэй) гаргасаныг nnn2008nnn 2009-10-23 1244
1416 Оюу толгой : » С.Авирмэд: Бид арваад жилийн дараа л Оюутолгойн ашгийг хvртэж магадгvй uvgun 2009-10-23 1601
1415 ЭНГИЙН хэрнээ АУГАА uvgun 2009-10-23 1646
1414 Монголчууд ”татвараа” төлөхөөс татгалзжээ uvgun 2009-10-23 1131
1413 Хойд Солонгос дахин пуужин хөөргөхөөр бэлтгэжээ [1] uvgun 2009-10-23 1246
1412 Монголын Их Хатдын түүхийг яагаад нууцлав…? uvgun 2009-10-23 2260
1411 Монголд H1N1 вирүсийн халдвар авсан хүн нас барсан анхны тохиолдол гарлаа [1] uvgun 2009-10-23 1434
1410 Томуугийн А хүрээний H1N1 вирусийн өвчлөл нэмэгдсээр байна uvgun 2009-10-23 1073
1409 Монгол хүний менталитет uvgun 2009-10-23 2385
1408 И.Майский: Автономитийн үеийн монголчуудын тухай uvgun 2009-10-23 1756
1407 АРХИ МОНГОЛЫН ЭМГЭНЭЛ uvgun 2009-10-23 3977
1406 Баялгийн эзэн бид барлаг болох ёсгvй uvgun 2009-10-23 1166
1405 Гачуурт, Хужирбулан хоёрын дундах хэсэг газарт “Энэ Ли миний эзэмшлийн газар” гээд биччихсэн байх юм.. uvgun 2009-10-23 1730
1404 Энэ газар Монгол хvнээс илvv бурхан гэж vгvй uvgun 2009-10-23 1131
1403 Монгол хvн ба vндсэрхэг vзэл uvgun 2009-10-22 1365
1402 Бєєгийн нэрийг гутааж байгаа солиотой хvмvvсийг цагдаж хорих цаг иржээ uvgun 2009-10-22 1935
배너신청
자생병원

배너신청