Тэгэхэд би хөдөө ажлаар явж байсан юм. Замын унаанд дайгдах гэснээ хөдөө очоод хэтэрхий их гүйх ажилтайгаа мэдээд өөрөө машинаа бариад замд гарлаа. Би гэдэг хүн байнга л завгүй. Гэр ажил, гэрээ хэлцэл гээд гүйж байдаг нэлээд ажил хэрэгч эмэгтэй л дээ. Нас дөнгөж 30 л гарч байсан үе. Очих газар дөхөх тусам улам яарч, бас ч гэж уулзах гээд цаг товлон хүлээлгэчихсэн хүмүүстээ санаа зовсоор нэг мэдэхэд хаазаа тултал нь гишгээд давхиж гарлаа. Хаврын халуун нар ээж, машины хөгжим эвдэрчихсэн тул нэлээд нозоорч явсныг ч хэлэх үү? Цонхоо онгойлгож дөрвөн талаар нь салхи сэнгэнүүлэн давхиж явтал гэнэт ямар нэгэн пасхийх чимээ гарснаа хүүе гэхийн зуургүй машинтайгаа хэд хөрвөөчихөв. Юу болоод өнгөрснийг ч ойлгож чадсангүй. Нэг мэдэхэд эзгүй хээр талд ундааны эвдэрсэн лааз шиг болчихсон машинаасаа мөлхөн гарч байлаа. Тийм ийм гэж өөлөх юмгүй тэгшхэн засмал зам дээр буруу өгөх арга байсангүй. Ингээд хамаг биеэ чагнаж тэмтэрч үзвэл энд тэнд хөндүүрлэж байгааг эс тооцвол гайгүй ч юм шиг. Харин машин авах юмгүй болтолоо эвдэрчээ. Хамарнаас нь утаас саагихыг хараад дэлбэрчихэж магадгүй гэж айхдаа нэлээд хол очоод амьсгалахад бэрх болсоор байгаа цээжээ даран тэнгэр ширтэн хэсэг хэвтэв. Өмсөж гарсан цагаан өмд, майк авахын танаггүй шороо тоос болсон харагдана. Би ер нь аливаад амархан бууж өгөх дургүй хүн л дээ. Бодол санаагаа цэгцлээд шийдмэгхэн босохдоо нэгэнт өөр хохирогч байхгүйг санаад тайвширч, бараг л баярлах нь халаг байлаа. Гэтэл замын машинууд ирж, осол газар дээр сайхан сэтгэлт хүмүүсийн хэлэлцээн болж, тэр дор нь цагдаа, түргэн дуудав. Харин нэг залуу намайг "зүгээр ээ" гэсээр байхад болгоомжтойгоор түшиж машиндаа суулгаад ойролцоох хот руу давхилаа. Тэр замдаа сэтгэл санаагаар унасан намайг өргөх гэж хэдэн энгийн үг хэлээд аль болох болгоомжтой явахыг хичээж байсан юм. Ингээд би гэдэг хүн эмнэлгийн дуран, авай, чагнуурын доор хэдэн цагийг өнгөрүүлээд "Хэвтэх үү?" гэхэд нь шууд л татгалзаад эмнэлгээс гарч буудалд байрлав. Шахуу ажил их байсан тул ийм тийм шуугиан тарихыг хүссэнгүй. Овоо ч хэдэн төгрөгний хөлстэй байсан учраас би нэгэнт алдсан гарзаа нөхөхөөр хатуу шийдээд хугарсан хавиргандаа бүс зүүгээд ажилдаа шуударлаа. Тэнд бараг хагас сар ажиллах ёстой байсан юм. Хүмүүс "Чи эмчлүүл ээ, хот руугаа яв" гэхэд нь татгалзаж,  зүгээр гэж зүтгэсээр байлаа. Ингээд зав чөлөөгүй харайлгаж байх өдөр хоногуудын дунд унаатай болох л хамгийн чухал байлаа. Тиймээс хувийн тэрэгтэй нэг залуутай тохирч, дуудсан цагт ирээд байгаарай гэж гуйхад олон таван үггүй тэр жаал /тэр надаас бараг 10 насаар дүү байсан/ ч уриалгахан зөвшөөрлөө. Өөрийгөө умартан гүйсээр байгаад нэг л өдөр туйлдатлаа ядраад унаад өгөв. Босох гэж хичнээн ч хүссэн өндийж ч чадсангүй. Би бүтэн хоёр хоног өрөөнөөсөө ч гаралгүй, унд хоол ч идэж чадалгүй хэвтээд л байлаа. Танил дотно хүнгүй энэ газарт хэнээс тусламж гуйхаа ч мэдсэнгүй. Хоёр дахь хоног дээрээ хэн нэгнийг гуйж аптек явуулах хэрэгтэйг гэнэт ухаараад нөгөөх жолооч дүүгээ дуудлаа. Тэр ч дороо давхиад ирэв. Би учир байдлаа хэлээд "Эгч нь босож чаддаггүй ээ" гэхэд "Та тэгээд шууд л надад хэлэгүй дээ" гэснээ тэр дороо гарч гүйгээд эм тариа, унд хоол авчирахад баярласандаа уйлах шахав. Бид хоёр бараг арваад хоног хамтдаа ажил хөөцөлдөж, амьдралын эрээн бараан, хүмүүсийн зан чанар гээд олон зүйлийн тухай ярилцаж байсан тул бараг л хуурай эгч дүүс болсон байв. Тэр намайг "Аниа" гэж дууддаг байлаа. Ингээд сайхан сэтгэлт дүүгийнхээ ачаар дахин хоёр хоног хэвтээд босоод ирэв. Гэсэн ч буцах тухай бодол байсангүй. Хийж эхлүүлсэн ажлаа заавал дуусгаж, авах ёстой хөлсөө аваад нүүр дүүрэн харина гэсэн шазуур бодлоор би үргэлжлүүлэн ажиллаж гарлаа. Дүүг Тулгаа гэдэг. Тулгаа бид хоёр өдрийн ихэнхийг хамт өнгөрүүлж /би унаатай ажиллах хэрэгтэй байсан юм/ цаг нартай уралдан амжуулах ёстойгоо би амжуулаад, хөлсийг нь гомдоохгүй өгдөг байлаа. Өндөр биерхүү, нүд хөмсөг болсон тэр дөлгөөхөн залуу харахад бие гүйцсэн эр хүн шиг нэлээд оворжуу нэгэн. Тиймээс биднийг хамт явахад танилууд нь /жижиг газрынхан бие биенээ анддаггүй аж/ найз бүсгүй чинь үү гэж сонирхон жиг жугхийхийг би анзаарсан. Бид инээлдээд л өнгөрнө.

Нэг өдөр яагаад ч юм холоос удтал харсан сүрлэг ногоон ойн гүнд очимоор санагдаад болсонгүй. Урин зуны эхэн сар гарчихсан тул байгаль дэлхий сэтгэл зүрхийг минь даллан дуудна. Би Тулгаад энэ хүсэлтээ хэлэхэд тэр ч дор нь давхиж ирээд намайг ойн зүг аваад давхичихав. Би ойд ороод хязгааргүй баярлаж, хөхөөний хэлийг Тулгаад орчуулан өгч инээлгэх зуураа саяхан орсон борооны дараах хамар цоргим тансаг үнэрийг шуналтайяа сорж байлаа. Тулгаад би хотын залуучуудын амьдралыг ярьж өгөхөд тэр заримд нь итгэж ч чадахгүй гайхан инээнэ. Бид тэнд бараг хоёр цаг орчим элдэв хөгжилтэй зүйлийг ярьсаар өнгөрүүлсэн юм. Тулгаа бол эхнэртэй бас ой гаран насны хүүтэй юм гэдгийг мэдээд би хэрхэн хүүхэд өсгөх тухай, эхнэрээ яаж аргадаж, яаж баярлуулах талаар бас зөндөө юм ярьж өгөв.

Нэг мэдсэн нар жаргах дөхөж, оройн сэрүү унасан байлаа. Өдрийг ийм хурдан барчихна гэж бодоогүй би уусан жаахан шар айргандаа хөөрхөн халамцсандаа тас тас инээсээр, шоолж болох бүхнийг шоолж, марзганан Тулгааг инээлгэсээр буудалдаа буцан ирэв. Тулгааг "Сайхан амраарай" гэж хэлээд үүдэн дээрээсээ үдээд өрөөндөө ороод шүршүүрт зогсож, тархи толгойгоо эрүүлжүүлж аваад хөнжилдөө шургалаа. Гэнэт хаалга зөөлхөн тогших сонсогдоход нь гайхасхийгээд хаалга нээж өгвөл Тулгаа тортой юм барьчихсан гэм хийсэн аятай инээмсэглэн зогсож байлаа. Олон таван үггүй, нүдээрээ л бүхнийг илэрхийлчихдэг тэр инээмсэглэлийг гэнэт учиргүй шохоорхож "Орооч" гэж бүдэгхэн хэлээд өрөөндөө урив. Бид ширээний хоёр талд суугаад түүний авчирсан жүүс, шар айраг амттаныг ууж, бяцхан наргисан хэдий ч өдрийнх шигээ цовоо сэргэлэн байж би чадсангүй. Тулгаа "Аниа, тантай хамт байхад их гоёо. Дандаа л хөгжилтэй, бас их ухаантай. Та дандаа үнэн юм ярьдаг. Бас их сайхан сэтгэлтэй. Эртээр тэр гудамжинд явж байсан хоёр жаалд хоол авч өгөхөд чинь би их гайхсан. Би хэзээ ч өмнө нь ийм хүнтэй уулзаж байгаагүй. Тэгээд та аваарт орчихоод өвчинөө хүмүүсээс нуугаад ажиллаж байгааг чинь бахархаж ханахгүй байна. Та их зоригтой шүү" гэж хэлээд инээхэд нь би "Чи нэг зүйлийг мартчихлаа, би бас их хөөрхөн" гэв. Тэр инээдээ барьж чадалгүй түсхийтэл инээгээд "Харин тийм ээ, яг хэлэх гэж байсан юм. Таны үеийн эгч нар ийм байдаггүй. Бас танаас дандаа гоё үнэр үнэртдэг" гэхэд нь би "Аа, тэр бол франц усны үнэр" гэхэд тэр бас л нөгөөх цагаахан инээдээ барьж чадалгүй "Та бас их шударга шүү" гэлээ. Ингээд бид хоёр хэсэг зуур дуугүй болоход би "За одоо харьж амар даа, аниа нь унтлаа. Чи юм уучихсан юм чинь машинаа тавиад явсан нь дээр байхаа" гээд ор луугаа зүглэлээ. Үнэндээ бол түүнийг хүсэж байсан юм. Нэг мэдэхэд Тулгаагийн бахим том гар гэрийн халаадны дотуур ороод ирчихсэн амьсгал нь хүзүүн дээрээс эрвэгнэж байлаа. Би ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй.

Маргааш нь миний буцах өдөр байсан юм. Тиймээс Тулгаатай эрхлэн шөнөжин нойргүй хоносон би өглөө эртийн суудлаар хот руу хөдөлж байхдаа алсаас гар даллан зогсож байгаа Тулгааг харан инээмсэглэж байлаа. Тэр надад учиргүй их дасаж, би ч түүнд татагдаж эхэлж байсан зуны хэдэн сар бидний тэвчээрийг сорьсон өдрүүд хөвөрнө. Бид тэрнээс хойш гурван удаа уулзсан. Уулзах бүрдээ халуухан учралдаа мансуурч, хамаг бүхнээ мартагнана. Гэсэн ч ардаа амьдрал хүлээж байгааг санаж, бие биенээсээ арайхийн салдаг байв. Гэхдээ би Тулгаатай дахин уулзахгүй байхаар шийдсэн. Учир нь түүнд нялх хүү, үе тэнгийн сайхан эхнэр байгаа. Тиймээс утасных нь дугаарыг арилгаж, дуудлага орж ирсэн ч мэдэгдэхээргүй болгон spam-лаад, түүнийг амьдралынх нь утга учир дунд үлдээсэн. Гэсэн ч би Тулгааг дурсан санасаар байгаа. Аниа таныг 30 настай гэж хэн ч хэлэхгүй. Манай эндхийн охидууд танаас хөгшин харагддаг. Тантай таван жилийн дараа уулзсан ч та энэ хэвээрээ байна хэмээн мөрийцөх үү?" гээд инээж байсан Тулгаатайгаа нэг уулзахсан. Таван жил хэдийнээ өнгөрчээ.

profile
Аясаар болдоггүй хорвоог сэтгэлийн сайхнаар сүлж
Аргадаж болдоггүй амьдралыг урмын галаар тэтгэж яваарай.