Хүмүүс тэр үед эгэл даруу байхыг үр хүүхэддээ ихэд зааж сургадаг байсан юм. Тиймээс залуус даруулгатай, хайр сэтгэлийн асуудлаа чандлан нууцалж, сэтгэл зүрхэндээ нандигнан хадгалдаг байж дээ. Би тэгэхэд дөнгөж л тавдугаар ангийн жаахан охин байлаа. Хичээлийн дундуур яагаад ч ямар нэгэн шалтаг хэлэн чөлөө аван гарах дуртай байж билээ. Томоогүй, дэггүй, хөдөлгөөнтэй охин байлаа шүү дээ. Нэг өдөр багшийгаа гуйж байж ангиас түр гарах зөвшөөрөл авчихаад ангийнхаа хаалгыг саван гүйж гарахдаа нэг хүнтэй духаараа түсхийтэл мөргөлдчихөв. Тас гэдрэгээ савж унаад юу болсноо ойлгож амжаагүй байтал хажуугийн кабинетийн том ангийн /долдугаар ангийнх л даа/ ах духаа илэн дээрээс тонгойсноо "Уучлаарай" гээд гараас татан босгосон юм. Тэрний өтгөн хар хөмсөг, нухацтай гүнзгий харц том бие надад сүртэй хэрнээ бахадмаар элгэмсүү санагдаж билээ. Би ч духаа илэн цааш явахдаа тэр ахын хойноос эргэн эргэн харж, тэр тоолондоо нөгөө ахын ч бас эргэж харсаар байгаа харцтай тулгарчихаад байлаа. Анх удаа ер бусын догдлолд автаж, анх удаагаа эрэгтэй хүний тухай нухацтай бодолд орж билээ. Ингээд миний сургуульд сурна гэдэг уйтгартай нүсэр ажил маань жинхэнэ аз жаргал болон хувирав. Би нэрийг нь ч мэдэж авлаа. Тэр нэрийг хөөрүү дэврүүн бага насны зангаар амандаа шивнэж, аль болох тааралдах, мөрөглдөхийг хүсэн мөрөөдөх болов. Тэр ах дахиад миний гараас татан босгоосой гэж маш их хүсдэг болчихсон байлаа. Энэ адал явдал бараг хоёр жил гаруй үргэлжилсэн юм. Нэгэн үдэш хаалга нээсэн ээжийн дуу гарч "Хөөе, чамайг хүн уулзая гээд байна" хэмээн дуудахад өрөөнөөсөө гарч орцонд гарвал гэрэл нь унтарсан харанхуйд хэн байгаа нь харагдсангүй. "Хэн бэ?" гэж намайг дуудаад буцаж орохоор завдтал гэнэт нэгэн том хүн тулан ирсэнээ "Би 9-ийн Д-гийн Сүхээ байнаа" гэх нь тэр. Тархин дцндуур татаад авах шиг тэр дотно нэрийг сонсоод чухам юу хэлснээ одоо ч санадаггүй юм. Сүхээ харанхуйд бараг тулан зогсоод хэдхэн л үг хэлсэн санагдаж байна "Би чамайг бүр жоохон байхаас чинь л хардаг байсан. Чи их хөөрхөн. Би чамд сайн" тэр ингэж хэлчихээд л шат уруудан том том алхлан гүйгээд явчихав. Би гэртээ орох эсэхээ ч бодох сөхөөгүй хүн палхийтэл хэлчихсэн тэр гуравхан үгийг өөртөө тунгаан ойлгочих санаатай хэлмэгдэн зогсож байлаа. Нэг өдөр тэр хичээлийн завсарлагаанаар тааралдахдаа гарт нэг зурвас атгуулаад явчихав. Ангидаа гүйн ороод яаран задалж үзвэл "Танай орцны хаалганы дэргэдэх зүлэгний модон хашааны урдаасаа 9 дэх банзны доор нэг жижигхэн хөх чулуу байгаа. Тэрнийг сөхөж үзээрэй" гэж бичсэн байв. Би хичээл тарахыг хүлээж ядан өндөлзөж байгаад хонх дуугарав уу, үгүй юу гэрийнхээ зүг яаран гүйлээ. Гүйсээр орцныхоо үүдэнд ирээд нөгөөх жижигхэн модон хашааны банзнуудыг тоолсоор 9 дэхийг нь олоод харвал доор нь хэний ч анзаарамгүй нэгэн хөх чулуу байж байх нь тэр. Юу хийж байгаадаа итгэж ядах хэдий ч би чавга шиг улайсан хацараа нэг гараараа дарсаар чулууг сөхөн үзвэл дарвалжилан нугалсан бяцхан цаас байж байлаа. Би эргэн тойрноо хараад ойр хавьд хүнгүй байгааг мэдсээр байсан ч цаасыг авахдаа учиргүй сандран чичирч байв. Тэгээд гэртээ гүйн ороод хувцасаа ч солилгүй нөгөөх захиаг задлан уншлаа. Тэр маш цэвэрхэн, гаргацтай, жигдхэн бичигтэй ажээ. "Сайн байна уу, хөөрхөн өө? Чамайг харанхуй орцонд айлгаж эвгүй байдалд оруулахгүй гэхдээ би захидал бичиж байхаар шийдсэн юм. Өдөр болгон чи тэр чулууг сөхөж үзэж байгаарай. Би чамд зурвас үлдээж байх болно. Чамайг анх харсан тэр өдөр чи гүйлтийн тэмцээнд орж байсан юм. 100 метрийн гүйлтийн тэмцээнд уралдаж байгаад өрөөсөн гутал чинь сугарсныг санаж байна уу? Тэгэхэд хүүхдүүд чамайг шоолон инээж байсан ч чи өрөөсөн гуталтайгаа гүйсээр түрүүлж байсан даа. Тэгэхэд чи их жоохон байсан, тавдугаар ангид сурч байсан юм. Харин би долдугаар ангид. Өнөөдрийг хүртэл их урт хугацаа байгаа биз? Би чамайг удаан хүлээсэн. Бас хэн нэгэнтэй үерхэчихгүй байгаасай гэж их зальбирсан. Харин чи нөгөөх л хөөрхөн сэргэлэн охин хэвээрээ хэрнээ хөвгүүдээс холхон явж байгааг чинь хараад баярлаж байлаа. Одооноос эхлэн би чамтай найзалмаар байна. Би чамд сайн болчихжээ. Захианыхаа хариуг нөгөө чулуун дороо хийчихээрэй" гэсэн захидлыг уншиж байхдаа л зүрх минь чичирч, угтан авч байгаа энэ аз жаргалыг төсөөлж дүрсэлж ч чадахгүй болчихсон байлаа. Ингээд би захидлын хариуг бичихээр удаан сууж, олон ч цаас урж хаяв. Тэгээд тэр өдрөө бичиж чадаагүй юм. Сүхээ хичээл дээр тааралдахдаа нөгөөх нухацтай харцаараа "Хариугаа хүлээж байна" гэж хэлэх мэт цоргитол ширтээд өнгөрөхөд би тэвдэн бушуухан л гүйж алга болно. Гурав хоногийн дараа би сая нэг юм бодож бодож эвлүүлсэн хэдэн үгээ цаасан дээр буулгаад өглөө хичээлдээ явах замдаа ичиж улайсаар нөгөөх чулуун доор хийчихэв. Харин өдөр хичээлээ тараад ирэхдээ Сүхээгийн анги тараагүй байгааг мэдэж байсан ч чулуугаа сөхөн харахад гайхалтай нь хариу нь ирчихсэн байж билээ. Тэр миний зөвшөөрсөн хариуг аваад ямар их баярласнаа бичсэн байв. Бидний нууцхан хайрын нандин үгс хэн ч өшиглөөд хаячихаж мэдэх хөх чулуун доор дахин жил гаруй үргэлжилээд тэрнийг цэрэгт явснаас хойш тасарсан юм. Тэр хоёр жилийн хугацаат цэргийн албанд явсанаасаа хойш надад олон олон захидал бичдэг байлаа. Гэхдээ л бид хувь заяаны зургаар нэг л мэдэхэд тус тусынхаа мөрийг хөөн одсон билээ. Хэн ч биднийг уулзуулаагүй шиг, хэн ч биднийг салгаагүй. Гэсэн ч нандин сайхан дурсамж, сэтгэл догдлуулсан анхны, хиргүй ариухан сэтгэлийн шижим бидний зүрхэнд мөнхөд хадгалагдан үлдсэн билээ. Харин би тэр бяцхан хөх чулууг хадгалах гэсэн боловч алга болчихсон байлаа. Гэтэл хэдэн жилийн өмнө миний хуриман дээр жижигхэн модон хайрцагтай эзэнгүй бэлэг ирсэн бөгөөд зөвхөн миний нэрээр хаяглагдсан тэр бэлгийг задалж үзээд би уулга алдан эр нөхөрөө сандаргасны учир нь хайрцагт нөгөөх хөх чулууг мөлчийтөл нь лаакдаад хийчихсэн байсан юм. Тэр хөх чулууг одоо ч би нандигнан хадгалсаар байгаа.

profile

Аясаар  болдоггүй  хорвоог  сэтгэлийн  сайxнаар  сүлж
Аргадаж  болдоггүй  амьдралыг  урмын галаар  тэтгэж  яваарай