Тиймээ би нохой байна
Тэнгэрлэг хийморьлог чонын төрөл
Хүсэл юугаан хэзээ ч үл тулгах
Хүн таны үнэнч анд байна

Хэн дуртайд нь үл хөтлөгдөх
Хэзээ ч үл урвах итгэлт
Хон хон дуутай улаан халтар
Хоточ анчин банхар байна

Үхэн үхтэлээ таныхаа л төлөө
Үнэрлэж сонсож харж хамгаалж
Үүрэг хариуцлагаа үл хөсөрдүүлж
Үргэлж өлмий тань бат оршиг хэмээн
Үнэхээр зүрх сэтгэлээсээ хүснэ

Сүүдэргүй өөдгүй сүрьеэ өвчин
Сүнсийг тань авахаар улайрвал
Амиа өөрт  тань даатгасан намайг
Авах бүрэн эрхтэйгээрээ аваад
Амт  муутай ч хүрэн махыг минь
Анагааж эдгэхээр идсэн ч болно

Амин шаардлага тохиолдоод
Аль эсвэл зүгээр л хүсвэл
Арьсаар минь гутал хийж өмс
Хөнгөн үзэмжтэй эдэлгээтэй
Хөлийг тань огт дааруулахгүй ээ

Аминчлан гуйхад харин хөдөөлүүлэхдээ
Алтан дэлхийн минь хөрсөн дээр
Сүүлийг минь тайрч дэрлүүлээд
Сүү аманд дусаагаад ерөөгөөрэй

Хорвоод дахин айлчлан ирэхдээ
Хойд хөл дээрээ босон явдаг
Хуцдаггүй ярьдаг,инээдэг,уйлдаг
Хүмүүн заяат болж төрхийг хүснэм
khan            3.10    15.49m