Эрт урьдын цагт нэгэн тэнэг хаан байжээ. Тэрээр тоглоом наадам зугаа цэнгэл хөөн хэн гэдгээ хүртэл мартсан байлаа. Зүгээр л өдөр хоногууд түүний өмнө амттан дүүрэн ширээ адил алаглан байдаг ч өнгө, үнэр, амтны мэдрэмж үгүй тарган түндгэр нэгэн, тоглоом адил тонтгонон гүйгч нэгэн, дуржигнах яриаг нь сонсох нэгээхэн ч үгүй болтлоо өөртөө дурласан нэгэн болсон байж дээ. Цаг хугацаа хэзээ эхэлсэн юм, цан жавар хэзээ арилдаг юм, гэрэл хаанаас ирж хаашаа буцдагыг мэдэх ч үгүй зөнгөөрөө тоглон наадсаар л, ан амьтдыг хөөн араа шүлсээ гоожуулсан амьтан хүний дундах арчаагүй нэгэн болон хоног сар жилийг хойно хойноос нь хөврүүлсээр л байлаа. … Нэгэн удаа анд явахдаа үргээлгийн хэдээ мордуулаад хөвсгөр зөөлөн хөвдөн дээр хөлөө жийн сууж байхдаа зөөлөн тансаг мэдрэмж нь төрөөд зүгээр л унтаад өгч л дээ. Хэдий хүртэл унтсан юм хэн хаанаас ирсэн юм бүү мэд сэрээд хартал хүйтэн харанхуйд хэн нэгэн дээрээс тонгойн харж байлаа. - Алив чи намайг тат, анхилуун үнэрт хөнжлөөр минь хуч, халуун хоол тогоо тогоогоор нь хамж ирээд өмнө минь тавь хэмээхэд өлийтөл ширтэх өнөөх нэгэн өөдөөс нь мэлийгээд л байв. Яасан мулгуу амьтан бэ, яагаад үүнийг зайлуулахгүй байна. - Алив хэвтүүл чи хөлийг минь дулаацуул, хэн чамд хэлээд байна. Хаан эзэн чинь тушааж байна. Хурдан түргэн хөдөл, хэлсэн бүхнийг минь биелүүл хэмээхэд дээрээс өлийх нэгэн дүрлийтэл харсаар л байлаа. Дороос нухах чулуу, дээрээс харах харц, дагжин чичрэх биеэ өндийлгөх гээд хүч хүрэхгүй залхууран хэвтсээр л байлаа. Хэн нэгэн татаж босгодог, халуун хөнжилд шурган дулаацаж, аманд нь амттан өөрөө ордог аанай тэр зуршлаараа амаа ангайн хэвтээд л байлаа. Ангайсан эрүү нь чилээд ам хамраар нь шуурсан шороог амтлаад амталж үзээгүй ямар сонин амттан бэ хэмээн хэвтсээр л … Хэдий хэрийн хугацаа өнгөрсөн юм, хөдлөх ч аргагүй хэвтсээр л байлаа. Ходоод нь хоржигнон, ам нь цанган айсан дагжсанаасаа болоод хэвтээд л байлаа. Энэ хорвоод ганц сурсан эрдэм нь ангайж хэвтэн идэх. Айгаад л дагжин чичрээд л ар араас нь тушаал зарлиг буулган хашгиран хэвтсээр л байлаа. Адаг сүүлдээ дуу нь ч гарахаа болив. Бодлоороо лүндэн буулган болчимгүй заримыг нь шийтгэн, дуу хөөрөөр дүүрэн цэлгэр өргөөндөө очин цэнгэн бүжин тоглосоор дуг нойрондоо дахин автлаа. Хэн нэгэн хажууд нь дүнгэнэтэл хүүрнэн, араа шүлсээ гоожуулан амаараа өөх тос бялхуулаад л, хоол үнэртээд л, өлөн ходоод өвчүүг нь дэлдээд л түүний хоолыг булааж авах гээд хичнээн оролдоод тэмцээд барсангүй уур хилэн манаран давчдан давшлахдаа ухасхийн өндийлөө, сэрлээ. Дадаж заншаагүй үйл хөдлөл, даамай хачин орчин тойрон. Нойрмог нүдээр эргэн тойрноо дэн дунтайхан нягтлан харав аа. Нүсэр том модод дунд нэгэн бутны дэргэд навч хажууд нь сэржигнэн, нялх ногоо шүүдэрээ сэгсрэн хэн бэ хэн бэ гэх шиг ширэв татах нь инээдтэй. Газар тулсан хоёр алганд нь гайхалтай сонин мэдрэмж төрөөд гайхан харвал өвс шороо наалдсан нойтон булцгар гар мантайж байлаа. Цээж дүүрэн сэрүүн агаар цэвэр ичимтгий охин байгаль, туяхан хус шиг гоолиг биеээ тунгалаг харц шиг цэлмэг хөх тэнгэр өөд тэмүүлэн дээш ургасан байлаа. Уухилж аахилсаар уулын орой руу сажиллаа. Амаар нь амь гарах шиг цээж гашуу оргин хүндрэн хүнд хүнд амьсгаадсаар, тэмцэн давшин мөлхөн элэгдэн өнхрөн урагшилсаар гагцхүү өндөрлөг өөрт нь өргөө гэрийг нь авчрах юм шиг шуурхайлан урагшилсаар… Хүнд хэцүү аялал байсан ч итгэл өмнө нь замыг нь зааж байлаа. Улаан нартай уралдан уулын оройд мацан гарчээ. Ядарсан сульдсан ч яагаад ч юм бэ баяр төрөөд хаана ч хэзээ ч мэдэрч байгаагүй ямар нэгэн зүйл өр зүрхэнд лугшиж байлаа. Өргөн уудам нутгаа, өнгө алагласан байгаль дэлхийгээ омог бардам сүрлэг хайрханаа олноос онцгой цэлмэг хөх тэнгэрийнхээ сүр хүчинд сөгдөн мөргөв өө. Уучил, уучил, өргөн хангай минь, унхиагүй муухай юм гэж гололгүй утсан амийг минь хайрлаж хамгаалж явсан байж дээ та минь. Байгаа бүхнээ бидэндээ зориулдаг зориг хүч тань хичнээн агуу юм бэ. Гэтэл би таны хайрыг бал мэт булаан аваад амтлан сууснаас биш арчлан тордож байл уу. Аяа юунд би ийм арчаагүй сул дорой, ариун шударга бус байнам. Би хэн гэдгээ ч мартаж. … тийм ээ, сэрүүн хөх салхи үнсэн таалан илбээд, сэнгэнэм сайхан агаар цээж тэнийлгэн хөөргөөд, сэм сэмхэн би жигүүр урган дэвээд сүрлэг бүргэдийн хараагаар эх нутгаа бүртгэн нисэн байлаа. Талд ургасан мөнхийн харуул, танан цагаан өргөө гэр, тал дүүрэн билчих мал сүрэг, таана хөмүүлд дурлах танхил бяцхан ботго, өндрийн өндөрт үүрээ засаад үр төлөө сахин хамгаалах ертөнцийн холч хурц хараат ер бусын элдэвтэй ерөөл билэг дүүрэн би элин халин дүүлнэм. Модны хажууд бүдүүн эр нойрмоглон элгээ эвхрэн хэвтэх нь нэг л танил. Биеэс нь хөл гар ургасан бөмбөг шиг бөөрөнхий амьтан миний оршихуй ажээ. Өрөвдөлтэй гунигтай түүний төлөө өр минь өмхөрч нэгэн дусал унахуйд хар дарсан зүүднээсээ би сэрэн хамаг биеэр минь илч дулаан нэвчиж байлаа. …Дээр дээр бүүр дээр нэгэн бүргэд хоргодон хоргодон эргэлдсээр нисэн одлоо. Ниссэн зүг рүү нь хараа билчээн хөлийн хурдаар би гүйж байна. Хэзээ ч билээ дээ ээж рүүгээ би ийм их хурдайгаар инээд хөөр баяраар жигүүрлэн эрхлэн нялхрах гээд гүйж байсансан. Нулимс минь хацар даган урсаж байна, нуурандаа би умбан шумбах мэт, харьдаг өндөр сарьдагийн хан бүргэдийн хараатай, өр зүрхнийхээ цохилтын чиглэх чиг зүгийг олсон би гүйж байна. Би одоо өөр хүн болсон, дотор хүн маань сэрсэн дотоод дуу хоолой, зөн мэдрэмжээ би харсан. Эх орныхоо эзэн нь би хэнд эрх мэдэл байна, түүнд хилэн буй. Тэр хилэн бол өөрийгөө олох, өрөөлийг хайрлах, эх нутгаадаа гүйсэн энгүй их хайрын үлгэр байлаа. Үлгэр цаашид эв эеээр бялхан, энгүй уудам орон зайд үнэн мөний түүх болон үргэлжилсээр. .. Бид үлгэр мэт энэ л нутагтаа эрхлэн жаргах хувьтай бүргэдийн хараа, чонын сэрэмж, хүлгийн хурд, байгалийн тансаг, тал дүүрэн эрдэнэс, таны миний эрх чөлөөний эзэд болон буусан Бурхад билээ бид . Энэ монголдоо бид шингэнэм.

profile

Биe биeнээ хvсэн мөрөөдөж санан дурласан хайр, хэзээ ч хувирдаггvй...