Ивээлт нарны нь цацрал алтан эрдэнэ
Элгэн уулсын нь оргил мөнгөн эрдэнэ
Илчийн улаан гал нь шүрэн эрдэнэ
Ээжийн цагаан сүү нь сувд эрдэнэ
Энгүй өргөн тал нь оюу эрдэнэ
Эрхэс наадах тэнгэр нь номин эрдэнэ
Элбэрлийн цагаан гэр нь тана эрдэнэ
Энх үүрийн туяа нь зэс эрдэнэ
Эрхэт ардын нь эв ган эрдэнэ
Эх орон минь есөн эрдэнэ


1

Эргэх их дэлхийн уул усанд тэгшхэн
Илч гэрлийн гайхамшиг мандсан нар алтан билээ
Энгүй өргөн талын шимт хөрсөнд төлжиж
Эрдэнийн түрүү, сугсруулсан амуу тариа алтан билээ
Энэ сайхан монголын удам залгасан бүл
Энхрий хос амрагийн дурсгалын нь бөгж алтан билээ
Энэрэлт төрийн далбаанд эгнэгт өнгөлөг гялалзсан
Эрдэнийн соёмбо үсэг
Элэгдэшгүй алтан билээ
Авралын гэгээн нар нь алтан
Ачит төрийн сүлд нь алтан
Арвайн түмэн түрүү нь алтан
Амраг хосын дурсгал нь алтан
Миний эх орон алтан эрдэнийн билээ

2

Саваа дүүрэн мэлтэлзэх Онон, Хэрлэнгийн урсгал
Сартай шөнөөр ажихад мөнгөн хээтэй байв
Саалийнхаа дээжийг өргөж, аянд хүүгээ үдсэн
Санаа нь сүү эхийн, цацлын халбага мөнгөн байв
Саатаж алсад суугаад аавдаа очиж золговол
Санасан эцгийн зэхсэн эмээл мөнгөн байв
Эцгийн зэхсэн эмээл нь мөнгөн,
Ээжийн цацлын халбага нь мөнгөн
Сар наадсан ус нь мөнгөн
Сархад мэлтэлзсэн хундага нь мөнгөн,
Миний эх орон мөнгөн эрдэнийн билээ

3

Улсынхаа заяаг түшиж хувьсгалч ах нарын
Уухайлан мандуулсан туг шүр адил улаан билээ
Уламж эртнээс дээдэлсэн монгол хүний голомт
Угалз дөлт гал минь шүр адил улаан билээ
Удмаас буян төгс өргөө цагаан гэрийн минь
Унь тооны бүхлээрээ шүр адил туяаран билээ
Уул усны савд уран бие найгуулсан
Удвал цэцгийн дэлбээ шүр адил дөлтөн билээ
Хурын улаан цэцэг нь шүрэн
Хувьсгалын улаан туг нь шүрэн
Хурц улаан гал нь шүрэн
Хорол улаан тооно нь шүрэн
Миний эх орон шүр эрдэнийн билээ.

4

Өргөн талын элгэнд чандманаланхан буусан
Өргөө гэрүүд минь танан өнгөөр цавцайна
Өчнөөн үеийг элээсэн хангайн буурал уулсын
Өвгөн цаст оргил танан өнгөөр цагаарна
Өлзийт ерөөл билэгдэж, өнөр буурал эхийн
Өргөсөн сүүний дусал танан өнгөөр цацарна
Өнөөдрийн сайхан үеийн бат цагаан харшууд
Өвлөж хойчдоо үлдээх тана эрдэнэ байна
Хайрын цагаан сүү нь танан
Ханат цагаан гэр нь танан
Хангайн цагаан оргил нь танан
Хашийн цагаан орд нь танан
Миний эх орон тана эрдэнийн билээ.

5

Үүлгүй шөнийн тэнгэрт сүүн заадас татуулж
Өвч түгсэн одод сувд адил гялалзана
Үелээ татсан талын энгээр тархан бэлчсэн
Үржилт хонин сүрэг минь сувдранхан налайна
Үнэрт тансаг өвсний ширхэг тоолон буусан
Үүрийн ариун шүүдэр сувдан далай байна
Үр буяны «тэнгэр» саальчин монгол хүүхний
Үсний гоёхон даруулга сувдан хээтэй байна
Хөх тэнгэрийн нь одод сувдан,
Хөдөө талын нь сүрэг сувдан
Энх үрийн нь шүүдэр сувдан,
Эгэл саальчны гоёл нь сувдан
Миний эх орон сувд эрдэнийн билээ.

6

Эр биеийн хийморь сэргэж үүрийн талд давхивал
Энгүй тэнгэр зүүнээсээ зэсийн өнгөөр хаяарлаа
Ээлт сүргээ хурааж үдшийн хотонд ирвэл
Энэтээх үүлсийн хормой зэс эмжээр татлаа
Эгшигт дуугаа аялж айргаа аягалан суувал
Идээ сөгнөсөн хувин зэс бүстэй байлаа
Энхийн их ордны ган нуруу холбож
Эвийн гагнуур тавивал зэсийн өнгөөр цацарлаа
Саалийн хувингийн бүс нь зэс
Сайн гагнуурын оч нь зэс
Онгон үүрийн туяа нь зэс
Оройн үүлсийн хаяа нь зэс
Миний эх орон зэс эрдэнийн билээ.

7

Ухаан санаа цэлмэх уулсынхаа хярд гарвал
Ургаа сум шиг гацуур оюу ногоон байв
Уудам талдаа ирээд дөрөө мултлан буувал
Урьхан намрын ганга нь оюу ногоон байв
Уран бидэр татах нуураа хөвөөлөн алхвал
Усны цээлд замаг нь оюу ногоон байв
Унаган хүлгээ хантайрч эмээлийн дөрөө авбал
Угалз ширээлсэн гөлөм нь оюу ногоон байв
Усны зөөлөн замаг нь оюу,
Угалз ширээлсэн гөлөм ч оюу,
Урьхан намрын ганга нь оюу
Уулсын сайхан гацуур нь оюу
Миний эх орон оюу эрдэнийн билээ

8

Хүү миний заяанд эхийн сүү шиг ариухан
Хүслийн сайхан тэнгэр номин цэнхэр юм
Хүлэг морин гүйх хаврын налгар өдөр
Хүрээлсэн талын зэрэглээ номин цэнхэр юм
Хүйтэн өвлийг халсан дулаан цагийн билэгдэл
Хүүшид ургасан яргуй номин цэнхэр юм
Хүний дээд аавдаа, шинийн нэгэнд золгохдоо
Хүндлэн барьсан баранзад номин цэнхэр юм
Эрхсийн цэнхэр тэнгэр нь номин
Илбийн цэнхэр зэрэглээ нь номин
Эхний цэнхэр цэцэг нь номин,
Энхийн цэнхэр хадаг нь номин
Миний эх орон номин эрдэнийн билээ

9

Эрмэг хүлэг морь минь хазаар даран хатирахад
Эгшиг татах амгай зуузай нь ган билээ
Илч гэрэл өртөөлсөн аварга их алхаа
Эрчмийн баганад бэхэлсэн зургаан утас ган билээ
Эх сайхан орныхоо дархан хилийн харуул
Эр цэргийн зэвсэг эмтэршгүй илд нь ган билээ
Эрхэм алдраа бадруулсан өнөр өөдрөг түмэн
Эрэлхэг монгол ардын эв нь ган билээ
Уран хазаарын амгай нь ган,
Урсгал гэрлийн утас нь ган,
Эр цэргийн нь зэвсэг ган,
Эрхэт ардын нь эв ган
Миний эх орон ган эрдэнийн билээ
Мэргэд цэцэлсэн далай хөлгөн их судрыг
Миний ард түмэн есөн эрдэнээр бичдэг билээ
Мөнх бусыг дагасан ачит буурлаа хүндэлж
Миний ард түмэн есөн эрдэнэ дэвсдэг билээ
Мөхөлгүй эрдэнийн дээж есөн эрдэм төгс
Миний ард түмэн улсаа бадруулж яваа билээ
Мөрөөдөл хүслийн дээд эв хамтад хүрч
Миний ард түмний есөн хүсэл бүрдэх билээ