Тэр эх уруул нь хатан омголтож бүх бие нь дагжин чичирч байлаа.
Халуундаа дэмийрэх шахам байсан хэдий ч би чинь гараас минь хөтлөх ганцхан үртэй хүн шүү, үхэж л болохгүй гэсэн зүрхний хатуу зарлиг далдаас удирдаж бяцхан хүүгийнхээ ханцуйнаас нь хөтлөн ядуу оромжноосоо гарав.
Гараас нь хөтөлбөл биеийнх нь халуун хүүд нь халдаж болзошгүй гэж бодсон учир ханцуйнаас нь жийрэглэн барьсан ажээ. Хаа нэгтээгээс хиншүү хярвас үнэртэн, дайны сүүдэр хүүшлэн нөмөрч байгааг эх сайн мэдэрч байлаа. Ойрх хотыг харийн цэрэг эзэлжээ гэсэн мэдээ тосгон даяар тархаж, тосгоны захирагч иргэдээ дүрвэн нүүхийг шаардсан бичиг хэдэн өдрийн өмнөөс тараасан хэдий ч эх төрөлх тосгоноосоо явахыг хүссэнгүй. Явъя гэхэд нүүдлийн ая даахгүй ужиг өвчиндөө баригдсан болохоор нутаг усныхандаа гай болохгүйг хичээжээ.


Талын балмад цэрэг замдаа тааралдсан хот сууринг дээрэмдэн эзэлж юу тааралдсан болгоныг хүйс тэмтрэн ирж явна гэх үг чихнээс чихэнд өртөөлөн, ам дамжин яригдсан хэдий ч эхийн сэтгэл яагаад ч юм айсангүй.
Тосгон эзгүйрчээ. Улс орны амин сүнс нь газар нутаг, иргэд байтал захирагч бүх хүнээ аван дүрвэн одсонд эхийн зүрх харамсан түгшиж байлаа. Ирж яваа тэр улсын цэргүүд нь морьдоо хүртэл цул мөнгөөр тоноглож, алтан бүс, алтан дуулгатай энэ ертөнцийн хамгийн том газар нутагтай баян улс гэнэ лээ гэж хүмүүсийн ярьж байсныг эх сайн тогтоож авчээ.
Тийм орны эзэд болоод цэргүүд нь ухаангүй байх ёсгүй, хүү бидэн хоёрыг яах ч үгүй гэж эхийн зөн совин өөрөө өөртөө учирлан байв.
Хүүгээ хөтлөн явсаар дэлгэн орхисон дүнзэн баганатай дааман хаалгаар орлоо. Энэ хашаанд тосгоны эрхтэн дархтан, баяд ноёд амьдардаг байсан юм. Хаалга цонхоо дэлгэн орхиж санд мэнд дүрвэн одсон тэдэнд эх нутгаа гэх өчүүхөн сэтгэл үлдээгүйн ор мөр тодхон харагдана.
Эх хүү хоёрт энэ сууринд хөл тавьж үзээгүй газар гэвэл энэ.
Тэртэй тэргүй харь орны хүчирхэг цэрэгт эзлэгдэж байгаа юм чинь үүд хаалгаа цоожлохын хэрэг юусан билээ.
Эх хүү хоёр явсаар баян Жү-гийн гэрт оров. Тэд идээ будаагаа ширээн дээрээ дэлгэн юу юугүй зочин хүлээж авах гэж байгаа юм шиг орхижээ.
Хүү ширээ дүүрэн тансаг амттанг хараад ухасхийв.
-Миний хүү болохгүй ээж нь эхлээд хүртэе” хүлээ.
Миний хүү хүлээж бай, ээж нь одоохон хэмээн тамирдсан биеэ хүчлэн хэлэв.
Эхийн сэтгэлд зөн совингийн хар буужээ. Учир нь харь орны цэрэгт хорслоо тайлах гэхдээ хор шингээсэн байж болзошгүй гэж болгоомжлосных. Бүх идээнээс хазлан амсав. Юутай ч амт чанар нь хэвээр ямар нэгэн нөлөө өгсөнгүй. Хүүгийнхээ идъе гэсэн болгоныг шимж шимж өглөө. Уут дүүрэн тансаг амттанг хүүгийнхээ бүснээс уяв. Морин төвөргөөн мөндөр шиг сонсогдож, цэрэг эрчүүд тосгон руу орж ирж байгаа сонсогдоно. Намхан чийрэг морин дээр ширэн хуяг дуулга, нум саадаг агссан хүдэр хүрэн баатрууд тав таваар эгнээ барин ирж явлаа. Тэдний туг, хиур тун сүрлэг. Ээж хүүдээ баяны гэрээс олсон өөрөө явдаг оньсон тоглоомыг өгөв. Хүү тоглоомондоо улайран цэргүүдийн зүг ойртон тоглосоор .
Хүү тэр гоё илд бамбай, туг сүлдэт цэргүүдийг шохоорхон дөхсөөр… Эхийн бие улам муудсаар хэдхэн цагийн нас үлдэж байгаагаа мэдэрсэн хэдий ч хүү минь гэсээр араас нь мөлхөн гүйцэх ч тэнхэл алдарлаа. Үрээ авлаа гэхэд би ингээд л үхнэ. Үлдээлээ гэхэд би яах вэ?! Хэдийгээр хөдлөх тэнхээ алдарч үхлийн босгон дээр ирж байгаагаа мэдэрч байсан хэдий ч хараагаа салгалгүй хашааны завсраар ширтсээр л байлаа. Тэгтэл бусдаас илүү гоёмсог чимэглэлээр чимсэн бүгээн зүсмийн морьтон баатар хүүг харан ташуураараа дохилоо. Хөтөч баатар мориноосоо үтэр бууж хүүд ойртон дөтлөхөд хүү огт айсан шинжгүйгээр оньсон тоглоомоо урдаас нь сарвайв. Миний хүү айлтгүй очсоныг бодоход ээлтэй тэнгэр нь ивээлдээ авсан байлгүй дээ хэмээн баяр харууслын бүлээн нулимс хацар эсгэн бөмбөрөхөд түүний эцсийн амьсгалын өмнөх тунгалаг нулимсны гэрэлт гялбаан дотор хүүг нь дүүрэн яваа баатар эрийн жавхаат дүр алсран холдсоор байвай. Тэдгээр баатар эрсийн үг хэлийг ойлгоогүй ч зөөлөн эерүү дуудлагаар хэлж байсныг эх зөнгөөрөө мэдэрсэн ажгуу. Тэр үг бол “энэ хүүг Өүлэн ээжид хүргэж өг” хэмээн яруу Монгол үг байсан юм.
profile

Биe биeнээ хvсэн мөрөөдөж санан дурласан хайр, хэзээ ч хувирдаггvй...