Харанхуй амьсгаадахад хуруунаас минь гэрэл түгэж  
Хана, шат, хүйтэн мэлмийг минь сорж  
Хөл минь дээвэр цөмлөн, халуун  
Хөлсөнд минь савханцарууд мушгиралдан  
Тархинаас минь уур савсаж, хумсны  
Толиог минь шоргоолжнууд зөөж  
Уруул дээр минь ялаа өндөглөж  
Уран хэлийг минь сүлбүүрэн зүүгээр  
Сэтлэж, янагийн эрхтэн минь  
Сэнгэнэтэл үнэр орон ялзарч  
Хүзүүний минь үенд хар хорхойс хавчуулагдан  
Хавирга минь хорхой хүрэм тос дааварлан хүрэнтэж  
Арьс минь хувь заяатайгаа барьцалдан хатахад  
Өнгө, хэлбэргүй сүнс минь намайг орхиоч...  
Өлгийтэй хүүхэд хаа нэгтээгээс олж аваач...  
Цагаа хар даа...  
Цаг хугацаа хар даа...
Улаан цэнхэр цагирагнууд орон зайг дүүргэхэд
Урт нарийхан зурвас туяа дүв дүүрэн
Орон зайг зүсч гурвалжин хэлбэртэй
Ороомог хар ногоон гэрэл бачууран цацарч
Хачин алаг хэрчлээсүүд гурвалжин
Хэлбэртэй ороомог хар ногоон гэрлийн
Цацрагийг огтолж, яв ягаан дөрвөлжин
Цэгнүүд хөв хөх шугамууд дээр давхцаж
Цэлсхийсэн хурц цагаан гэрэлд
Орон зайг дүүргэсэн улаан цэнхэр цагирагс
Орон зайг зүссэн урт нарийхан зурвас туяа
Хачин алаг хэрчлээсүүд гурвалжин
Хэлбэртэй ороомог хар ногоон гэрлийн цацраг
Хөв хөх шугамнууд, яв ягаан дөрвөлжин цэгнүүд
Цэлсхийсэн хурц цагаан гэрэлд
Цэхэртсээр ууссаар үгүй болоход
Цав цагаан хов хоосон орон зай үлдэхэд
Цав цагаан хов хоосон орон зай Би ч байж болох
profile

Биe биeнээ хvсэн мөрөөдөж санан дурласан хайр, хэзээ ч хувирдаггvй...