Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолын холбогдох заалт хэрхэн хэрэгжиж буй талаар УИХ-ын Д.Ганхуяг, С.Эрдэнэ нарын гишүүн өчигдөр Ерөнхий сайд С.Батболдод асуулга тавив. Дээрх тогтоолоор уг ордод төрийн өмчит компани ашиглалтын үйл ажиллагаа явуулах, “Эрдэнэс-Таван толгой” охин компанийг зохих хууль тогтоомжийн дагуу байгуулж, ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуваахгүйгээр шилжүүлэх, түүнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах, оператор аж ахуйн нэгжээр олборлолтын үйл ажиллагааг тодорхой хугацаанд гүйцэтгүүлэхээр заажээ.
Мөн гадаад, дотоодын хөрөнг ө оруулагчдын оролцоотой нэгдсэн компани (консорциум)-ийг нээлттэй хэлбэрээр сонгон шалгаруулж, хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХын намрын чуулганаар хэлэлцүүлэх учиртай юм. Гэвч Тавантолгойн ордыг хоёр хувааж ашиглах, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоотой нэгдсэн компани биш зөвхөн гадаадын хөрөнгө оруулагчдын нэгдсэн компанийг уралдаант шалгаруулалтаар шалгаруулах гэж байна гэсэн мэдээлэл гарах болсон тул гишүүд нягтлахыг хүсчээ.