Н.АЛТАНХУЯГ: АН СОНГУУЛИЙН ХОЛИМОГ ТОГТОЛЦООГ ДЭМЖСЭН ХЭВЭЭР БАЙГАА
Уншсан 5627 vote 0 2011.01.07 10:51:35 “Монгол
хүн-2020” хөтөлбөр хэрэгжүүлэх шийдвэрээ ажил болгохын тулд АН-ынхан
олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлэхээр болсон. Уг хэлэлцүүлгээ тэд наран
ургах зүг Дорнод аймгаас эхлэхээр болсноо өчигдөр мэдээллээ. АН-ын дарга
Н.Алтанхуяг “Бид хөтөлбөрийнхөө хүрээнд монгол хүн 2020 он гэхэд эрх
чөлөөтэй, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, ажил орлоготой, аюулгүй
орчинд амьдарч байх ёстой гэсэн зорилт дэвшүүлсэн. Манай улс хүний
хөгжлөөрөө дэлхийн 169 орноос 100-д орж байна.
Энэ байрыг урагшлуулах нь бидний хөтөлбөрийн зорилго” гэлээ. АН-ынхан сар бүр хийж буй ажил, цаг үеийн сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгдөг. Пүрэв гариг бүрийн 11.00 цагт болдог “4-11” уулзалтаа тэд өчигдөр “Central tower”- ийн 17 дугаар давхарт зохион байгуулсан юм. Монгол хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэсэн тэдний хөтөлбөрийн нэг гол зорилгыг ойлгуулах, өөрсдөө ухаарахын тулд утаат Улаанбаатарыг өндрөөс тольдуулах гэсэн аж. Түүнээс зарим зүйл тодрууллаа.
-Сонгуулийн тогтолцоог холимог болгохоор УИХ дахь хоёр бүлэг тохиролцсон. Гэвч сүүлийн үед мажоритари тогтолцоогоороо явах нь дээр гэсэн байр суурьтай гишүүний тоо нэмэгдэх болж. Тогтолцоо өөрчлөх тохиролцооноосоо ухарч байгаа нь үнэн үү?
-Бид олон хувилбар туршсан. Улс орноо 76 тойрогт хуваасан тогтолцоо зохисгүй гэдгийг ойлгосон. Хэдэн сумаас сонгогдсон гишүүн улсын төсөв хуваарилах үеэр тийшээгээ илүү хөрөнгө оруулах гэж үздэг. Үнэндээ энэ нь сонгуулийн тогтолцоотой холбоотой. Тиймээс АН олон мандаттай мажоритари тогтолцооноос татгалзсан. 100 хувь пропорциональ байж, намын нэрээр сонгоно гэдэг ч өрөөсгөл. Тиймээс холимог хувилбарыг сонгосон, энэ байр сууриндаа хэвээр байгаа. Сонгуулийн хуулийг Ажлын хэсгүүд хэлэлцэж буй.
-Танай намын ҮЗХны дараагийн хурал хэзээ болох вэ?
-Энэ сардаа багтаан хуралдуулахаар төлөвлөж байна. Үүгээр “Монгол хүн- 2020” хөтөлбөр хэрэгжүүлэх талаар ярилцана.